| | USD/MNT 0₮
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нар “Чингис хаан” хаадын музейн барилгын ажлын явцтай танилцаж, төслийн гүйцэтгэлийг шалгаж, хяналтын ажилчдаас мэдээлэл сонсч, зарим үүрэг даалгаврыг өгөв.
Монгол Улсын Засгийн газраас “Чингис хаан” хаадын музей байгуулахаар 2019 оны долдугаар сард шийдвэрлэж, 2020 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр тус музейн барилгын ажлыг эхлүүлсэн. Хоёр сар орчмын хугацаанд барилгын суурийн давхрын хэсгийг бүрэн дуусгаж, нэгдүгээр давхарын цутгалтыг эхлүүлжээ. Угсралтын ажлыг “Билгүүн Монгол” компани хоёр ээлжээр 170 гаруй ажилтны бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэж байна. Коронавируст халдварын цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, ажиллаж байна гэв. Төлөвлөсөн хугацааны дагуу 2020 оны 12 дугаар сард тус барилгыг хүлээлгэн өгөх боломжтой гэдгээ төслийн удирдагч хэлсэн. БХЯ, Барилгын хөгжлийн төв, МХЕГ-аас томилогдсон инженерүүдээс бүрдсэн ажлын хэсэг чанар стандартын хяналтыг байнга тавьж байгаа гэв.
Монгол Улсын Ерөнхий сайд “Билгүүн Монгол” компанийн нийт ажилчдад талархаж буйгаа илэрхийлээд, “Чингис хаан” хаадын музей Монголчуудын бахархал, дэлхийд сурталчлах өв соёлын төв байх ёстой юм. Монгол Улсын Засгийн газар урлаг, түүх, соёлын салбарын хөгжилдөө тусгайлан анхаарлаа хандуулж, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтуудыг хийж байгаа. Музей, дуурь, драм, номын сангийн барилгуудаа шинэчлэх, засварлах, өргөтгөх зэргээр цогц арга хэмжээ авч байна. Та бүхэн энэ томоохон зорилтод гар бие оролцож, их хааныхаа нэрээр нэрийдэж, Улс Монголынхоо хөгжлийн үе шат, хаадынхаа түүхийг харуулсан музейн барилгыг босголцож байгаа нь нэг талаас үүрэг, нөгөө талаас бахархал юм шүү. Улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж байна гэдгээ ухамсарлан ажиллахыг хүсье. Гүйцэтгэлээс нь харахад төлөвлөсөн хугацаандаа музейн барилгыг хүлээлгэн өгч чадна гэж итгэж байна гэв
Чингис хааны музейг арванхоёрдугаар сард хүлээлгэн өгнө