| | USD/MNT 0₮
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уржигдар зарлиг гаргаж албан тушаалаас нь чөлөөллөө.
Х.Батсүрэнг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилох зарлигыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны тавдугаар сарын 9-нд гаргаж байжээ. Харин дараагийн Ерөнхий шүүгчийг даруй томилохыг үүрэг болгосон байсан юм.
Тэгвэл өнөөдөр Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн болов.
Хуралдаанаас шүүгчдийн олонхийн санал авсан Д.Ганзоригийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Д.Ганзориг шүүгчийн хувьд өнгөрсөн жил Ерөнхий шүүгчид нэр дэвшиж байсан нэгэн юм.
Тэрбээр Монголын шүүх байгууллагад олон жил ажилласан туршлагатай бөгөөд Шүүгчдийн холбооны Улсын Дээд шүүхийн салбарын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан нэгэн.
Олны анхаарлыг татахаар эд хөрөнгөтэй шүүгчдийг нэрийг зарлахад Д.Ганзориг шүүгч тэргүүн эгнээнд жагсаж байсан юм. Монголын шүүхийн байгууллагад олон жил ажиллаж байгаа тэрбээр 48316.03 сая төгрөгийн жилийн орлоготой бол Лexus 470, ланд 80, приус, дээр үеийн Газ 66 машинтай юм байна.
Мөн калибр, вепрь, ТТ, чех карбин гээд бууны бүрэн цуглуулгатайгаа мэдүүлжээ.
Тэгвэл толгой баян шүүгчдийн тоонд ордог Д.Ганзоригийг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилох эсэхийг Ерөнхийлөгч Х.Баттулга шийднэ.
Хуралдаанаас шүүгчдийн олонхийн санал авсан Д.Ганзоригийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.