| | USD/MNT 0₮

БОГД УУЛЫН АМУУДЫГ ЭЗЭМШСЭН КЁКҮШЮҮЗАН Д.БАТБАЯР ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ АШИГЛААГҮЙ

Японд нэг хэсэг ажиллаж амьдарч байсан хоёр хүн АН-аас энэ оны сонгуульд өрсөлдөхөөр болоод буй ч бас л эрүүгийн хэрэгт холбогдоод байна. Түүний нэг нь сүмогийн алтан хараацай Кёкүшюүзан Д.БАТБАЯР. Арлын оронд эх орныхоо нэрийг гаргаж явсан тэрбээр зодог тайлж, УИХ-ын гишүүний сэнтийгээс бууснаас хойш газрын наймаа нэлээд хийсэн нь эрүүгийн хэрэгт шалгуулах үндэслэл болсон юм. Гэргий, Гавьяат жүжигчин Т.Баясгалангийнхаа хамт хууль сахиулах байгууллагын үүдээр эргэлдэх болсон тэрбээр өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ байгуулсан компаниар дамжуулж дархан цаазат Богдхан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан ч зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцын хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн хэрэгт холбогдсон билээ.

Кёкүшюүзан Д.Батбаярын хамаарал бүхий хүмүүс буюу түүний төрсөн дүү Д.Аззаяагийн нөхөр Д.Анхбаярын байгуулсан “Том Анхаа” ХХК-ийн нэр дээр Богд уулын Арцатын аманд 8.7 га, Д.Аззаяа нь “Ногоон хана” компаниараа Чулуутын аманд найман га, хадам ээж Ж.Жавзандуламын дүү Ж.Жагиймаагийн “Ногоон шүр” компанийн нэрээр мөн аманд таван га, Т.Баясгалан “Зэсэн тал” ХХК-ийг 2013 оны сүүлчээр байгуулаад хэдхэн сарын дараа Чулуутын аманд 10 га, “Гэгээн талбай” ХХК-ийн нэрээр Ташгайн аманд 21 га, “Өлзийт голын эх” компаниар дамжуулан Арцатын аманд таван га газар авсан.

Ингэхдээ тухайн үеийн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны дөрөв, ес, арваннэгдүгээр сарын тушаалууд, БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын эрх бүхий албан тушаалтнуудад ахмадын амралт, сувиллын цогцолбор барина хэмээн төсөл танилцуулж байсан аж. Гэвч өдгөө орон сууцын хорооллууд барьчихаад буй. Ийнхүү авсан газраа болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан компаниудыг бусдад шилжүүлсэн байдаг. Тухайлбал, Ж.Жагиймаагийн нэр дээр байгуулсан “Ногоон шүр”, “Өлзийт голын эх” компанийг 2014 оны дөрөв, 2017 оны мөн сард найз, улсын заан Ч.Батзоригт шилжүүлсэн аж. Тэгвэл Гавьяат жүжигчин Т.Баясгалангийн нэр дээр байгуулсан “Зэсэн тал” болон Д.Аззаяагийн нэр дээрх “Ногоон хана” компанийг О.Пүрэв-Оч гэх хүнд өгсөн агаад тэр нь цаашаа УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын хүү Н.Соёмбын нэр дээр шилжүүлсэн аж. Энэ бүхнийгээ хууль сахиулах байгууллагынханд танилцуулахдаа “Бүтээн байгуулалт хийсэн” хэмээсэн ч зориулалтын дагуу ашиглаагүй нь яллагдагчаар татагдахад хүргэсэн байна.

Арлын оронд амьдарч, тэндээс эх орондоо хөрөнгө оруулагч татсан АН-ын өөр нэг нэр дэвшигч бол Т.ЭНХСАЙХАН.

Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болоод буй тэрбээр Японоос дагуулж ирсэн хөрөнгө оруулагчаа залилсан хэрэгт яллагдагчаар татагдан хууль сахиулах байгууллагынханд шалгуулж буй. Японы иргэний хөрөнгө оруулалттай “Фүжи холдинг” ББСБ-ыг Т.Энхсайхан, түүний эгч Энхээ, Японы иргэн Ишибаши Рёосүкэ нар байгуулсан гэдэг. Гэвч Японы иргэн нь манай хууль сахиулах байгууллагынханд Т.Энхсайханд залилуулсан хэмээн хандсанаар ийн яллагдагчаар тооцсон юм. Түүнийг буруутгасан гол үндэслэл нь “Фүжи холдинг”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2016 оны жилийн эцсийн баталгаажсан тайланд туссан 520 гаруй сая, 2019 онд банкан дахь харилцах данснаас 350 гаруй сая төгрөг бэлнээр авч завшин их хэмжээний хохирол учруулсан гэж буй. Т.Энхсайхан хөрөнгө оруулагчдаа “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ гэдэг хүнд мөнгөө залилуулсан, сонгуульд нэр дэвших эрх авахын тулд зарцуулах бодолтой байсан” гэж ярьж байсан бол УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ “Би Т.Энхсайхан гэдэг хүнээс ямар нэг мөнгө төгрөг авч байгаагүй” гэсэн мэдүүлэг өгсөн тухай хэвлэлүүд бичиж байсан.

БОГД УУЛЫН АМУУДЫГ ЭЗЭМШСЭН КЁКҮШЮҮЗАН Д.БАТБАЯР ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ АШИГЛААГҮЙ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.