| | USD/MNT 0₮

ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ОЛОН ХҮН СЭЛЭНГЭ АЙМАГТ ӨРСӨЛДӨНӨ

УИХ-ын ээлжит сонгууль хаяанд иржээ. Сонгогчид сонголтоо зөв хийхгүй л бол эрүүгийн хэрэгт холбогдсон нэр дэвшигчид УИХ-ын гишүүн болж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлбэл түүгээр халхавчлан хариуцлага хүлээхгүй дөрвөн жилийг үдэж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ялаас чөлөөлөгдөн улсад, бусдад учруулсан хохирлоо ч төлөхгүй байх магадлал өндөр. Эрүүгийн хэрэгт холбогдсон, яллагдагч, шүүгдэгч нарыг олноор нь дэвшүүлснээрээ АН толгой цохиж байгаа. Намын дарга нь хүртэл яллагдагчаар татагдсан ч хууль сахиулагчид тогтоолтой нь хараахан танилцуулаагүй гэх юм билээ. Түүний дараа “Та, бидний эвсэл” буюу МАХН, ИЗНН, МУНН цөөнгүй нэр дэвшигчээрээ орох нь.

Улс төрийн намуудын жагсаалтад хамгийн түрүүнд бичигддэг, 100-гаад жилийн түүхтэй, эрх баригч МАН-ынхан дунд харьцангуй цөөн эрүүгийн хэргийн холбогдогч байна гэдгийг дээр өгүүлсэн. Өмнө нь эрүүгийн хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид нэг хэсэг суусан Б.Дэлгэрсайхан, Ц.Анандбазар болон олон жилийн тэртээх хадгаламж зээлийн хоршооны хэрэгт холбогдож явсан Х.Мандахбаярын талаар цахим хуудаснуудын хайлтын хэсэгт хандахад цөөнгүй мэдээлэл гарч ирнэ. Гэхдээ энэ хүмүүс бүгд хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Зарим мэдээллийн хэрэгслээр ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ дэвшүүллээ хэмээн эрх баригчдыг баалж буй. АТГ-ынхан мөрдөн шалгалтын явцад эрүүгийн хариуцлагад татаагүй, прокурорын байгууллагаас яллагдагчаар татах тогтоол гаргаагүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн бололтой.

Харин эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан атлаа 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн тус намын ганц хүн бол Ерөнхий сайд асан Ж.ЭРДЭНЭБАТ.

Тэрбээр төрөлх Сэлэнгэ аймагтаа өрсөлдөж, дүнгээ тавиулна. Түүний тухайд 2017 оны есдүгээр сард Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч ажиллаж байхдаа Нөхөх олговрын зориулалтаар олгох тусгай зөвшөөрлийн талбайн солбицол батлах тухай Засгийн газрын тогтоол баталж, Тост, Тосон бумбын нурууны хилийн заагт байрлалтай тусгай зөвшөөрлийг цуцлан нөхөн олговор олгохдоо дүүгийнхээ компанид давуу байдал бий болгосон хэрэгт яллагдагчаар татагдаад буй. Тэрбээр хэрэгт холбогдсоноо нэлээд нууцалж байсан ч яллагдагчаар татах тогтоол нь ил болж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс албадан ирүүлэх захирамж баталснаар хаашаа ч булзаж чадахгүй болсон гэхэд хилсдэхгүй.

УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу хэд хэдэн шүүгдэгч болон ял шийтгүүлсэн нэгэн ч өрсөлдөхөөр болоод байна. Тодруулбал, улс төрд нөлөө бүхий албан тушаал хашиж, Оюутолгойн бүтээн байгуулалтын гэрээ байгуулахдаа мэдээлэлд ойр байсан эрх мэдлээ ашиглан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үйлдэлдээ шүүгдэгчийн сандалд суухад хүрээд байгаа С.БАЯРЦОГТЫН нэрийг дэвшүүлсэн.

Уг гэрээг байгуулах үед хямд үнэтэй байсан компанийн хувьцааг тэрбээр худалдан авч, улмаар гэрээ баталгаажсаны дараа олон улсын зах зээлд хувьцааны ханш өсөх үед нь борлуулж ашиг олон гадаадын банкны дансанд байршуулсан нь нэг хэсэг “оффшор данстай” гэх дуулианд холбогдоход хүргэсэн билээ. Жирийн иргэд, аливаа хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцогч хувь хүн, аж ахуйн нэгжийнхэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж буй компанийн хувьцааны ханш олон улсын биржид өсөхийг төдийлөн мэдэхгүй. Харин С.Баярцогт үүнийг мэдэж, хувьцааг нь худалдан авч, буцаан зараад олсон мөнгөө гадаадын банканд байршуулсан нь ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдэл билээ.

Тэдэнтэй хамт УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.ЭРДЭНЭБАТ нэр дэвшиж байгаа.

Тэрбээр мөн л эрүүгийн хэргийн яллагдагч, шүүгдэгч. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон хэмээн шүүгдэгчийн ширээнд сууж буй. 2012-2016 оны Засгийн газрын үед Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан түүний болон Сангийн сайд асан Б.Болор, Зам, тээврийн сайд асан Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал тэргүүтэй долоон хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 22-ны баасан гарагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр товлоод буй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцаатай холбоотой хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Ганбатын эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан өөр үйлдлүүдэд нь ЗТХЯ-ны газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд, эрх бүхий албан тушаалтнууд болох Минжбадам, Санжаадорж нарыг холбогдуулан хэлэлцэнэ.

Өөр нэг нэр дэвшигч болох, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.ҮҮРИЙНТУЯА нь 2009 онд нийгмийн даатгалын хөрөнгө завшиж үрэгдүүлсэн хэрэгт таван жил нэг сар хорих ял шийтгүүлж, өршөөгдөж байсан нэгэн билээ.

ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ОЛОН ХҮН СЭЛЭНГЭ АЙМАГТ ӨРСӨЛДӨНӨ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.