| | USD/MNT 0₮
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тэргүүтэй эрх бүхий албан тушаалтнуудыг буруутган шалгаж буй бөгөөд түүнийг шүүхээс албадан ирүүлэх захирамж гаргасан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл түүнийг ямар хэрэгт холбогдоод байгааг товчхон сийрүүлье.
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд багагүй хугацаа өнгөрсөн юм байна. Харин АТГ-аас саяхан уг хэрэгт шалгуулж буй хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал хүргүүлэхээр болсон аж. 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1462.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэйгөө хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр “Элбэг орд” ХХК-иас таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констрашкн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг саяар худалдсан гэх асуудлыг шалгуулахаар АТГ-т өнгөрсөн хавар иргэд хандаж байсан билээ.
Хэрвээ энэхүү хэрэг нь гэм буруутайд тогтоогдвол тэрбээр нэр дэвших эрхээ алдаж болзошгүй. Ж.Эрдэнэбатын хувьд МАН-аас Сэлэнгэ аймагт нэр дэвшихээр горилж буй. Хэдий намаас нь түүнийг дэвшүүлсэн ч сонгуульд өрсөлдөх эсэхийг СЕХ шийднэ. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчдийн хөрөнгө оруулгын мэдээллийг шалгаж, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан эсэхийг хянан шийдвэрлэж байж, нэр дэвшигчийн мандат өгөх эсэхийг шийдвэрлэх юм байна. Тэгвэл бид түүний хөрөнгө оруулгын мэдээллийг АТГ-ын цахим сайтаас шүүж үзсэн юм.
2019 онд мэдүүлж байснаар Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын орлого 29,931,700 төгрөг. Үүгээр ч зогсохгүй 916 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр орон сууц, нэг зуслангийн байшин, үйлчилгээний зориулалттай нэг байгууламжтай гэнэ. Мөн 222 сая 626 мянган төгрөгийн үнэ бүхий Toyota Land Cruiser 200 маркийн хоёр автомашинтай хэмээн мэдүүлжээ. 86 сая төгрөгийн мал аж ахуйтай бөгөөд 1.5 га, 1.6 га, 2.6 га зэрэг нийт гурван газартай. Одоогоор Хангай ХК, Хорол-Эрдэнэ ХХК, Адуунчулуун ХК, Ноён ХХК-ийн хувьцааг эзэмшдэг. Хамгийн сонирхолтой нь дээр дурдсан “Хэрх илч” компанид хувьцаа эзэмшдэг болохоо ХОМ-тээ огт дурдаагүй байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм.
Яллагдагчаар татагдсан Ж.Эрдэнэбат 916 сая төгрөгийн хөрөнгөтэй ч хувь эзэмшдэг компаниа ХОМ-тээ дурдаагүй байна