| | USD/MNT 0₮
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас Нийслэлийн удирдах ажилтнуудын аравдугаар сарын 25-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар хамтран “Утаа, хөө тортог ялгаруулж, агаар, орчныг бохирдуулж байгаа автомашин, тээврийн хэрэгслийг шугам замд шалгах хэсэгчилсэн арга хэмжээний удирдамж”-ийг баталж, хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байна.
Дээрх ажлын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, техникийн хяналтын үзлэгийн төвийн инженерүүд болон Замын цагдаагийн газрын алба хаагчид Нийслэлийн төвийн дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт Офицеруудын ордон, таван шар, 32-ын тойрог, БММЗ дээр болон хяналт шалгалт хийх боломжтой зам, талбайд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Техникийн хяналтын үзлэгийн төвийн явуулын оношилгооны тоног төхөөрөмжөөр тээврийн хэрэгслийн өнгө үзэж, техникийн бүрэн бүтэн байдал, утааг шалгаж, зөрчилтэй тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллаж байна.
Энэхүү ажлыг 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 09-ний хооронд нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт нөлөөлөхгүй байдлаар хурдан шуурхай зохион байгуулна.
Тус газар нь Монгол улсын Автотээврийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журмын хүрээнд нийтийн тээврийн хэрэгслийн техникийн байдал, хэрэглээний стандартын үзүүлэлтийг хангуулах, автотээврийн хэрэгслээс хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг үр дагаврыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор техникийн хяналтын үзлэгийг жилд хоёр удаа зохион байгуулдаг бөгөөд газрын даргын 2019 оны А/54 дүгээр “Намрын ээлжит техникийн хяналтын үзлэг зохион байгуулах тухай” тушаалаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний их, дунд, бага багтаажмийн автобус, троллейбус, ажилчдын автобус болон таксийн үйлчилгээний тээврийн хэрэгслийг 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд техникийн хяналтын үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 57.4 хувьтай явагдаж байна.