| | USD/MNT 0₮
Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хуулийн байгууллагууд хамтран өчигдөр оройн 21 цагийн орчмоос эхлэн гүйцэтгэх ажиллагаа явуулж, БНХАУ-ын 500 гаруй иргэнийг баривчилжээ. Эдгээр иргэдийг Сүхбаатар дүүрэгт байрлах “UNION building”, Баянзүрх дүүрэгт байрлах "Амар", "Ориентал", Баянгол дүүрэгт байрлах "Кентавр" зочид буудлаас баривчлан шалгалт хийсэн байна.
Албан бус мэдээллээр БНХАУ-ын иргэдээс 10 мянга гаруй монгол дугаартай гар утас, 1000 гаруй өндөр үзүүлэлттэй компьютер хураан авчээ. Эдгээр иргэд Монгол Улсад "Жуулчны виз"-ээр нэвтэрсэн байна. Визийг Дипломат төлөөлөгчийн газар, Өргөмжит консул олгох эрхтэй байдаг бөгөөд гадаадын иргэдийн бүртгэлд хамрагддаггүй юм байна. Тухайн иргэд Монгол Улсын визийг Хөх хот эсвэл Эрээн хотод байрлах Консулын газраас авсан байх магадлалтай аж. Баривчлагдаж буй иргэд Монгол Улсад орж ирээд удаагүй, эсвэл визний хугацаа хэтрүүлсэн эсэхийг шалгаж тогтоох юм байна.
Дээрх Хятад, Хонгконгийн иргэдийг удирдан, зохион байгуулж байсан этгээдүүдийг Шангри-Ла зочид буудлаас мөн урьд шөнө баривчилсан бөгөөд эдгээр иргэдийг санхүүгийн луйвар, залилан, хакер, хувийн мэдээлэл хулгайлсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгааг албаны эх сурвалж хэллээ.
Хятад, Хонгконгийн эдгээр иргэд өмнө нь Камбож улсад энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн учир тус улсаас албадан гаргаж байсан аж.