| | USD/MNT 0₮

Хуульчид салбарын сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардлаа

 

“Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт тэргүүтэй хуульчид хууль зүйн салбарыг улс төржүүлэхийг эсэргүүцэж өнөөдөр мэдээлэл хийлээ. Мөн салбараа муу удирдаж, олон хэрэгт холбогдсон сайд Ц.Нямдоржийг огцруулахыг шаардлаа.

Хуульчдын төлөөлөл “Бид шударга бус, хууль бус бусармаг үйл явдалтай эвлэрэхгүй. Бид гараа хумхиад сууж зүгээр сууж чадахгүй нь. Тиймээс дуу хоолойгоо, хүчээ нэгтгэж байна. Өнөөдрийн нийгэмд тулгамдаж байгаа өчнөөн асуудал байна. Уг нь хуулийн тэгш байдал, хуулийн энэрэнгүй зарчимтай байна гэж Үндсэн хуулиндаа тунхагласан байдаг. Хууль эрх мэдэлтэй, албан тушаалтай хэнд ч тэгш эрхтэй үйлчлэх ёстой. Гэтэл өнөөдөр үйлчлэхгүй байна. Том том албан тушаалтан, өчнөөн тэрбум төгрөгийн тоогоор яригдаж байгаа хавтаст хэргүүд дуулиантайгаар ил гарч ирээд чимээгүй болдог.

Өөрөөр хэлбэл, авлига хээл хахууль, шударга бус явдал хэрээс хэтэрлээ. Албан тушаалтнуудад холбогдох хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болж байна. Зарим хэрэг нь огт шалгагдахгүй байна. Авлигын том сүлжээ, аалзны тор бий болж хууль хяналтын байгууллагаар огт шалгагдахгүй байна. Бүх хэргийг хуулиар царцааж, хэрэгсэхгүй болгож байгаа нь шударга ёс уу.

Тэгсэн хэрнээ энгийн иргэдэд хууль нь хатуу байдаг. Өнөөдөр улс төрийн албан тушаалтны ченжүүд бий болжээ. Ханшаар үнэлчихсэн, төрийн албаа өндөр үнээр зарж байна. Жишээ нь гаальд ороход 20 сая, мэргэжлийн хяналтын газарт 10 саяар оруулна ч гэх шиг.

Энэ мэт хууль бус үйлдэлтэй бид тэмцэхгүй бол хэн тэмцэх юм бэ. Төрийн бус байгууллага, хувь хүмүүс ч бидэндтэй нэгдэнэ байх гэж бодож байна.

Сүүлийн үед Т.Энхсайхан гэх эмэгтэй шударга ёсны төлөө ажиллаж байна. Энэ хүнийг дэмжинэ. Шударга бус үйлдлийг тэвчихгүйдээ тэр хүн өнөөдөр Хууль зүйн яамны гадаа жагсаж тэмцэж байна.

Гэтэл Ц.Нямдорж гэж хүн УИХ-д олон жил суусан. Энэ хүний булхай хууль бус үйлдэл дэндүү олон. Гэвч УИХ-ын халдашгүй дархан эрх гэх малгайн дор нуугдаж шалгуулахгүй байна. Ер нь хууль хяналтын байгууллага нь энэ хүнийг ч шалгаж чаддаггүй” гэлээ.

Монголд хууль зүйн салбар улстөржсөн

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт “Ээж охин хоёрын гэрлэлтийг цуцалдаг шүүх байна. Хүн хэлмэгдүүлж шоронд хорьдог хууль хяналтынхан байгаа.

Монголд хууль зүйн салбар улстөржсөн. Зөв бурууг ялгах чадваргүй. Эрүүдэн шүүлт гэмт хэрэгт хэлмэгдүүлж байгаа асуудал бол айл болгоны хаалганы гадна байна.

Хуульч хүн хуулийг шударгаар хэрэгжүүлдэг байх ёстой. Би Ц.Нямдоржтой 10 жил тэмцлээ. Өөрийнхөө байгуулсан нийгмийг “Өнөөдөр би мафитай тэмцэж байна” гэж ярьдаг. Мафитай чинь гүйцэтгэх ажиллагаа эрхлэх эрхтэй байгууллага нь тэмцэх ёстой биз дээ.

Гэтэл Хууль зүйн сайдын албыг 5 удаа удирдлаа, гавьяат хуульч хүн байж “Монголд Мафи байна” гэдгээ бараг хэлчихлээ. Өнөөдөр мафитай тэмцэнэ гээд яриад байх юм. Гавьяат хуульч өөрөө болохоо байсан мафийн салшгүй нэг тэр хүн өөрөө. Бас С.Зоригийн хэргийг ил зарлана гэсэн яасан бэ. Хүний 6 сая төгрөгийн үнэтэй байранд амьдарна, хүүхдээрээ шахааны бизнес хийлгэнэ.

Өөрийг нь шүүмжилсэн хэнийг ч хууль хяналтын байгууллагаар мөрдүүлнэ. Ц.Нямдоржийг муухай гэж хэлсэн хүн болгон цагдаа хуулийнхны хавчлаганд өртөж байна. Тиймээс би тууштай тэмцэнэ. Би өлсгөлөн зарлана гэж хэлсэн. Энэ шийдвэртээ үнэнч байна. Ард иргэд өмгөөлөгчид нийлж нэгдэж тэмцэнэ, харж байгаарай.

Энэ хүнийг огцруулж, нэр холбогдоод байгаа хэргүүд шалгуулчих. Би бол баримттай ярьдаг. Сүүлийн үед батлагдаад байгаа хуулиуд нь үнэхээр шившигтэй. Мэргэжлийн ур чадвар байхгүй хууль зүйн салбар байгаад харамсч байна.  Тиймээс хууль хяналтын байгууллагыг шинэчлэхийн төлөө хуульчид дуу хоолойгоо нэгтгэж байна. Шударга ёсыг тогтоохын төлөө тууштай хатуу тэмцэнэ” гэв.

Сэжигтэн яллагдагч нар хууль баталж байгаа нь ичгэвтэр

Эрүүгийн хуулийн талаар доктор Мөнхсайхан “Хууль тогтоох байгууллагын байгаа байдал ямар байгааг та нар харж байна. Нэг гараараа хуулиа батлаад нөгөө гараараа хэрэгжүүлдэг. УИХ хэмжээлшгүй их эрхт хаан болчихжээ. Шүүх нь хуулиа буруу тайлбарладаг. Хууль хэрэглэгч шүүгчид нь өөрсдөө томилгооны хараат болчихсон. Бас дээр нь ааштай, ардаасаа айхаа байчихсан. Зөвхөн дээрээс томилдог томилогчоосоо айдаг болсон.

Өнөөдөр ганц худагт хориотой байгаа эмэгтэй байна. Гэтэл хууль баталж байгаа гишүүд ЖДҮ-гийн энэ хэрэгт холбоотойгоор барахгүй хэрэгт сэжиглэгдэж байгаа сэжигтэн яллагдагч хууль баталж байгаа нь ичгэвтэр хэрэг юм.

Бас нэг зүйлийг онцлоход шүүгчид нь хуулиа мөрдмөөр байна. Томилгооны шүүгчээс татгалзъя. Хөөн хэлэлцэх хугацаа бол хууль батлаад хулгай хийхийг хэлнэ. Зөрчил гаргасан хүн торгуулиа төлөхгүй бол машиныг нь явуулдаггүй биз дээ. Гэтэл эрүүгийн хэрэг дээр хууль гаргаад ял завшуулж байна. Хөөн хэлэлцэх хугацаа бол булхай. Эрхзүйн байдлыг нь дордуулсан хуулийг буцааж хэрэглэж болдоггүй юм. Буцааж хэрэглэнэ гэдэг бол үлгэр юм шүү” гэлээ.

БҮРЭН ЭХЭЭР НЬ ШУУД ҮЗЭХ:

Хөөн хэлэлцэх хугацаа бол хууль батлаад хулгай хийхийг хэлнэ. Зөрчил гаргасан хүн торгуулиа төлөхгүй бол машиныг нь явуулдаггүй биз дээ. Гэтэл эрүүгийн хэрэг дээр хууль гаргаад ял завшуулж байна. Хөөн хэлэлцэх хугацаа бол булхай. Эрхзүйн байдлыг нь дордуулсан хуулийг буцааж хэрэглэж болдоггүй юм.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.