| | USD/MNT 0₮
Улсын төсвөөс нэн хөнгөлөлттэй олгогддог ЖДҮХС-гийн зээлийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэх, ажлын байр бий болгох замаар үндэсний эдийн засгийг хөгжүүлэхэд оршино. Гэтэл энэ зорилго манайд утгаа алдаад удаж буй. Өндөр эрх мэдэлтэй нэгэн өөрийн хамаарал бүхий болон найз нөхөд, хамаатан садны компанийн нэрсийг шургуулж, жинхэнэ ЖДҮ-чдийн боломжийг хумсалсаар, хулгайлсаар сууна. Тэдний нэг бол УИХ-ын гишүүн Н.Оюундарь.
2000 онд Байгаль орчны яамны хамтын ажиллагааны хэлтсийн дарга болсон тэрбээр 2006 онд Швейцарь улсын Женев хотноо НҮБ-д Дундад Азийг хариуцсан зөвлөх, 2008-2012 онд НИТХ-ын төлөөлөгч, 2008-2010 онд Бээжин дэх Улаанбаатар хотын төлөөлөгч, 2014-2015 онд Гадаад хэргийн дэд сайд, 2010-2016 онд “БльюМон” группын үүсгэн байгуулагч, зөвлөхөөр тус тус ажиллаж буй.
Төрд өндөр албан тушаал хашиж буй хүмүүс хийсэн зүйлээрээ олонд танигдах ёстой ч манайд бол эсрэгээрээ. Хэн их “идэж, уусан”-аараа, хэн нь их бэл бэнчинтэйгээрээ танигддаг нь нууц биш. Тэгвэл эрхэм гишүүн ч мөн шаггүй их хөрөнгөтэй нэгэн. АТГ-аас жагсаадаг ХОМ-т түүний жилийн орлого 2015 онд 19 сая байсан бол ганцхан жилийн дотор 2016 онд 116 сая болтлоо бараг арав дахин нэмэгдэж байсан түүхтэй. Харин түүний гэр бүлийн нийт орлого 2017 онд 1 тэрбум 449 сая 742 мянга 820 төгрөг байсан бол 2018 онд даруй 5 тэрбум 318 сая 965 мянга болтлоо дөрөв орчим тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Түүний хөрөнгийг жагсаавал: 430 сая төгрөгөөр хэмжигдэх гурван орон сууц, нэг зуслангийн байшинтай, Toyota Tundra, Audi A4 маркийн автомашинуудтай, 830 саяар үнэлэгдэх үнэт эдлэлтэй, 245 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгажээ.
Одоогоор Сура хаус ХХК, Шөлөндө ХХК, Бльюмон ХХК, Бльюмон металс ХХК, Софтфлюорити ХХК, Ньюбулл ХХК, Петротранс ХХК, Боб фрэндс ХХК, Петротранс Топ ХХК, Петротранс Дорнод ХХК, Түрэлт ХХК, Монгол шар “Айраг Брювери” ХХК, Нарны эрхэс ХХК, Бльюмон Катеринг ХХК, Риаж ХХК, Цэ энд Цэ ХХК, “Нью Мохито” ХХК, “Бльюмон Пропертийс” ХХК, “Рэд стар клуб” ХХК, ‘Эрдэнэс Таван толгой’ ХК зэрэг компаниудын 30-100 хувийн хувьцааг эзэмшдэг аж.
Ийм л их хэмжээний хөрөнгөтэй, УИХ-ын гишүүд дундаа л “олигархи” баянд тооцогддог Н.Оюундарь гишүүн өөрийгөө жижиг, дунд бизнес эрхлэгч хэмээн тодотгосон бололтой. Тодруулбал, Н.Оюундарийн хүү С.Бат-ерөөлийн нэр дээр бүртгэлтэй “Рэд Стар Клуб” ХХК ЖДҮХС-гаас 800 сая төгрөгийн зээл авсан нь нотлогдсон. Гэтэл тэрбээр энэ талаараа тайлбарлахаа өөрөө тус компанид хамааралгүйгээр барахгүй “Манай хүүгийн компани П.Сэргэлэн сайдын үед зээлийн шалгуурыг хангаад, зээл авахаар тодорхойлогдсон байсан. Гэсэн ч төсөв мөнгөгүй учраас авч чадаагүй байдаг. 2016 онд шалгуурыг нь хангасан ч сүүлд Б.Батзориг сайдын үед зээлээ авсан. Миний хүү Сэлэнгэ аймагт фермерийн аж ахуй эрхлэх төслөөр зээл авсан" хэмээн тайлбар өгчээ” хэмээн тайлбар өгснийг хэвлэлүүд онцолж байж. Тэгвэл дахин түүний ХОМ-ийг харвал “Рэд стар клуб” гэх тус компанийн 80 хувийг эрхэм гишүүн өөрөө эзэмшдэг болох нь тогтоогдсон юм.
Дараагийн асуулт, авсан зээлээ эргэн төллөө гээд ард иргэдийн талхны мөнгийг “хулгайлсан” хэрэг үгүй болчих уу? Мэдээж үгүй. Хэрэв Н.Оюундарийн авсан 800 сая төгрөгийн зээлийн тухайн үед өөр жинхэнэ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч авсан бол өдийд хэр хэмжээний ашиг олж, хэчнээн хүн ажлын байртай болж, хэдий хэмжээний гадаад валютын урсгал дотооддоо үлдэх байсан бол? Жилд л таван тэрбум төгрөгийн орлоготой гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан “гэмт хэрэг” үйлдсэн байхад АТГ болон хуулийн байгууллага шалгах нь зүйн хэрэг.
Үнэхээр л эрх мэдлээ урвуулан ашиглаагүй, төсөл өргөн барьсан бусад компаниудтайгаа ижил түвшинд өрсөлдсөн бол 800 сая төгрөгийн зээлд шалгарахгүй байсан нь лавтай.
ЖДҮ "хумсалсан" Н.Оюундарь гишүүний гэр бүлийн орлого жилийн дотор ДӨРӨВ орчим тэрбум төгрөгөөр нэмэгджээ