| | USD/MNT 0₮
Сонгууль болох өдөр хоног ойртсоор байна. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Багахангай, Налайх, Багануур гурван дүүргийг нийлүүлж хоёр мандаттай бие даасан 21 дүгээр тойрог болгосон.
Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиар Багануур дүүргийг Сүхбаатар дүүрэгтэй нэг тойрог болгож МАН-ыг багаар нь гаргасан. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, Ц.Цогзолмаа нар өдгөө тус хоёр дүүргийн сонгогчдыг УИХ-д дөрвөн жил төлөөлсөн.
Налайх дүүргийн хувьд Чингэлтэй дүүрэгтэй нэгдэж, мөн л МАН-ын гишүүдэд 100 хувь итгэл үзүүлсэн. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Ө.Энхтүвшин, Д.Ганболд нар сонгогдсон. Харин Багахангайг Хан-Уул дүүрэгтэй нэгтгэж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Л.Болд, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нарт итгэл үзүүлсэн байгаа юм.
Тэгвэл энэ жил хэн хэн нэр дэвшиж сонгогдох вэ гэдэг нь сонирхол татаж байна.
МАН-аас Хотын дарга С.Амарсайхан нэр дэвших нь тодорхой болсон. Мөн Багануурын дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир нэр дэвшинэ гэсэн мэдээлэл бий. Харин АН-аас АН-ын ҮБХ-ны гишүүн, Багахангай дүүргийн АН-ын дарга Ц.Алтанцэцэг, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, эрх зүйч Д.Алтанхуяг нар нэр дэвших нь тодорхой болжээ. Мөн Бригадын генерал М.Энх-Амарын нэр ч дуулдаж байна.
Тэгвэл АТГ-ын Олон нийтийн хяналтын зөвлөлийн дарга Г.Баасан бие дааж нэр дэвшиж, дээрх хүмүүстэй өрсөлдөхөөр болжээ.
Алслагдсан гурван дүүрэг болох Налайх, Багануур, Багахангай дүүрэгт АН-аас Д.Алтанхуяг, МАН-аас С.Амарсайхан, бие даагч Г.Баасан нар өрсөлдөнө.