| | USD/MNT 0₮

АН:Зөвхөн 2020 онд театр музейн барилга барихад зориулж 447,2 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл ээлжит хуралдаанаа хийлээ. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн урьдчилсан дүгнэлтийг гаргасан талаар зөвлөлийн ажлын албаны дарга Д.Эрдэнэбат, дэд дарга Б.Пүрэвдорж, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээллээ. Тодруулбал, 

Төсвийн орлогыг дэндүү өөдрөгөөр төсөөлсөн. Эрх баригчдын төсөвлөсөн ирэх оны төсөв МАН-ын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн тулд хэтэрхий хөөсөрсөн, улс төрийн зорилго агуулсан, төрийн бодлого алдагдсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарч байна. Төсвийн орлогын нэмэлт өсөлтийн хувьд маш их орлогын өсөлт нэмэгдсэн. Энэ нь нэн түрүүнд борлуулалтын орлогын өсөлт, татварын тоон хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалсан гэж үзэж байна. Орлогын өсөлтийг 2020 оныхоор авч үзвэл Орлогын албан татварыг 2019 оныхоос 37.1 хувиар буюу 2,764.7 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэлийн хураамжийг өмнөх оноос 41.6 хувиар нэмэгдүүлж 2,402.7 тэрбум төгрөгт хүргэх, Гаалийн албан татварыг 17.7 хувиар,  Онцгой албан татварыг 13,8 хувиар, тусгай зориулалтын орлогыг 30.3 хувь, Хөрөнгийн албан татварыг 19.3 хувиар тус тус нэмэгдүүлж байгаа ажээ. Үүнээс хамгийн ихээр анхаарал татаж байгаа нь Орлогын албан татварын өсөлт 37.1 хувь байгаа. Энэ төсөөллийг хийхдээ экспортын нийт уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын асуудалд дэндүү эерэг хандсан байна. 2020 онд Монгол Улс түүхэндээ анх удаагаа 42 сая тонн нүүрс экспортолно гэсэн байна. Энэ бол урьд хожид байгаагүй тоо.

2018 онд Монгол Улс 36 сая тонн нүүрс тээвэрлэж, экспортолсон. Одоогийн гүйцэтгэлийн байдлаар 28.7 сая тонн байгаа ч он дуустал 30 сая тонн хүрэх үү гэдэг эргэлзээтэй байхад 2020 онд арав гаруй сая тонн илүү тооцоолно гэдэг бол хэтэрхий өрөөсгөл байдал. 2019 оны байдлаар нэг тонн нүүрсний борлуулалтын дундаж үнэ 70 гаруй ам.доллар байсан бол 2020 оны 42 сая тонн нүүрсний экспортлох үнийн хамгийн доод хэмжээг 75 доллар, дээд хэмжээг 125 доллар төсөөлсөн дүнг оруулж ирсэн. Энэ нь орлогын өөдрөг бөгөөд ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Орлогыг хийсвэрээр өсгөж зарлагыг нэмсэн асуудал нь яах аргагүй сонгуульд зориулагдсан төсөв болжээ гэж харж байна. Нийт төсвийн зарлагын хэмжээний ихэнхи хувь нь хөрөнгийн зардалд орж, барилга байгууламж барих, орон нутагт бүтээн байгуулалт хийж дуусгах, хийх гэх мэт төсвийн зардал дотор маш олон тооны эргэлзээтэй зүйлүүд байгааг дахин хэлэх шаардлагатай гэж Ардчилсан намын зөвлөл үзэж байна.

Төсвийн зарлага огцом өссөн нь түүхэнд байгаагүй рекорд. 2015 оны Төсвийн зарлагатай 2020 оны төсвийн зарлагыг харьцуулж харахад ойролцоогоор 2 дахин их зарлагын тоо харагдаж байна. Өөрөөр хэлбэл эрх баригчид орлогын өсөлтийн хэмжээгээр зарлагаа нэмдэг байтал энэ нь хяналтаа алдсан тоо гаргасан байна. 2015 оны төсвийн зарлага 7,2 их наяд байсан бол 2020 онд 13,8 их наяд болж, үүнийг дагаад хөрөнгө оруулалт өсөхөөр төлөвлөсөн байгаа. Гэвч өнөөдөр хийхээр төлөвлөж байгаа хөрөнгө оруулалтаар дотоод үйлдвэрлэл, ажлын байр, хөдөлмөрийн бүтээмжид огт нөлөөлөхгүй, бодит эдийн засагт шингэхгүй, хэрэглээний импортыг илт дэмжихээр байна. Энэ нь Монгол Улсын гадаад тэнцлийг муутгаж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сулруулах гол хүчин зүйл юм. Ингээд төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой хэд хэдэн бодлогогүй жишээг баримтаар дэлгэхэд,

Монгол улсын 2020 онд санхүүжүүлэх төсөл арга хэмжээний дотор театрын, музейн барилгын засвар, шинэ барилгын асуудал нийгэмд анхаарал татаж байгаа. Зөвхөн 2020 онд театр музейн барилга барихад зориулж 447,2 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан байна. Энэ нь 2015 оны нийт төсвийн талаас илүү хувийг эзэлж байгаа мөнгийг зөвхөн энэ зүйлд зарцуулахаар төсөвлөсөн нь төр бодлогогүй байгаагийн нэг жишээ юм. Энэ дотор дуурь бүжгийн эрдмийн театрын барилга, Улсын драмын эрдмийн театрын барилгын төсөвт 50 гаран тэрбум төгрөгөөр төсөвлөөд, ирэх онд үүний дөрвөн тэрбум төгрөгийг төсөвлөсөн байгаа нь энэ хоёр барилгаа ирэх онд зөвхөн нураах төсвөө төсөвлөсөн мэт харагдаж байна. Хэзээ баригдах нь мэдэгдэхгүй нураагаад л орхихоор харагдаж байгаа нь харамсалтай. Мөн Үндэсний урлагийн их театрын барилгыг Улаанбаатар хотод барина, нийт 152 тэрбум төгрөг төсөвлөсний 2020 онд 30 тэрбумыг шийдвэрлэнэ гэсэн нь ерөнхийдөө 3-5 жилийн хооронд хувааж барина гэж тооцоолсон мэт.

Чингис хаан музейн барилгыг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт барина гээд 53 тэрбум төгрөг төсөвлөөд нэг жилийн дотор барьж амжих үгүй энд яригдана. Үндэсний номын сангийн барилгын ажил 2012 онд эхэлсэн ч одоог хүртэл сунжирсаар 2020 онд дуусахаар төлөвлөж төсөвлөсөн гэх мэт ойлгомжгүй маш их хэмжээний мөнгө төсөвлөсөн хөрөнгө оруулалтын зардал орж ирсэн байна. Энэ нь сонгуульд зориулсан төсөв боллоо гэдгийг батлан харуулж байна. Улсын төсөв өөрөө маш их зардлын хэмжээ нэмэгдсэн мөртлөө 3,5 их наяд төгрөгийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийнэ гэсэн ч алдагдал хоёр их наяд давж гараад байна.

Ийм байдлаар маш их эрсдэл дагуулсан хариуцлага төсөв болсон байна гэж хэлэх нь зүйтэй. Магадгүй ирэх сонгуулийн дараа эрх баригчид солигдсоны дараа улс орны эдийн засгийн нөхцөл байдал иргэдийн амьдрал хэрхэн үргэлжлэх нь ямар ч баталгаагүй байна. Гурван их наядын улсын төсвийн хөрөнгө оруулалт өөрөө 2020 оны инфляцийн өсөлтийн эрсдэл авчирч байгаа. Импорт өссөнөөр вальютын ханшны өсөлт хэд хүртэл хэлбэлзэх нь тооцоолошгүй байдлыг бий болгосон. Тиймээс ажлын хэсэг дээр манай гишүүд төлөөлөн ажиллаж байгаа. Бид зөвхөн сонгуульд зориулж улс орны төсвийг баталж огт болохгүй. Бодит байдал дээр 2020 оны төсвийг 2018 оны төсвийн төлөвлөлтөд барих бүрэн боломж байгаа учраас дүгнэлтээ эцсийн байдлаар гаргаж мэдээлэл хийж байна.

Б.Пүрэвдорж: Засгийн газар улсын төсөвт үрэлгэн байдлаар хандаж байна Засгийн газрын өрийн хэмжээ их байна

Өнөөдрийн хувьд өрийн хэмжээ 30 тэрбумд хүрлээ. Ингэснээр иргэн бүр 25 сая төгрөгийн өртэй боллоо гэсэн үг. Ингэж их өр тавьсан хэдий ч хийж бүтээсэн бүтээн байгуулалт байхгүй байна. Засгийн газрын өр нийтдээ 2,4 тэрбум доллараар өссөн. Энэ бол өнгөрсөн УИХ-ын үеийн Ардчилсан намын авсан бүх зээлийн хэмжээтэй тэнцэж байна. Бид бондын мөнгөөр 3000 км зам тавьж, баруун аймгуудруу зорчих замын 200 гаруй км үлдсэний 130 км-ыг ч тавилгүй, түүнд зориулагдсан төсвийн зардал юунд зориулагдсан нь одоог хүртэл тодорхойгүй байна. Эдийн засгийн өсөлттэй энэ цаг үед хөрөнгө мөнгөө хэмнэж, гадаад өрөө төлөх ёстой. Гэтэл хөрөнгө мөнгөө маш үр дүнгүй зарцуулж байна. Үүний нэг жишээ бол энэ төсөвт нэг л аймагт 235 тэрбум, нэгхэн тосгонд 27 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тавьж байна. Гэтэл энэ нь зарим нэг аймгийн төсвөөс хэд дахин их төсөв байна. Ийм үрэлгэн байдлаар төсөвт хандаж байна.

 

Хүснэгтээс харахад МУ-ын татвар төлөгчдийн аж ахуй нэгж, иргэд хөдөлмөрчдийн хөлсөө гаргаж дуслуулан олж, татвар төлсөн мөнгийн МАН хайр найргүй зарцуулж байна. Үүгээр зөвхөн тойрогтоо дахин сонгогдох боломжийг хайж, төсвийн мөнгийг үрэн таран хийж байна. Тиймээс манай 2020 төсөв дээр сөрөг дүгнэлттэй байгаа”  гэдгээ илэрхийллээ.

2015 оны төсвийн зарлага 7,2 их наяд байсан бол 2020 онд 13,8 их наяд болж, үүнийг дагаад хөрөнгө оруулалт өсөхөөр төлөвлөсөн байгаа.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.