| | USD/MNT 0₮

БНЭУ- руу ирэх долоо хоногт захиалгат нислэг үйлдэхээр боллоо

Улсын Онцгой комиссоос БНЭУ-д суугаа Монгол Улсын иргэдээ нэг удаагийн захиалгат нислэгээр эх орондоо авчрах шийдвэрийг гаргасан.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр дээрх захиалгат нислэгийн талаар санал солилцсон юм.

Өнөөдрийн байдлаар БНЭУ-аас эх орондоо ирэхээр 480 орчим иргэн хүсэлтээ гаргасан байна. Эдгээр иргэдийн 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 164 нь оюутан, 260 нь насанд хүрээгүй хүүхэд, 44 нь бусад шалтгаантай иргэд юм байна.

Уулзалтын үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “Бид болж өгвөл хамгийн том суудлын багтаамжтай онгоцоор нислэг үйлдэхийг судалж байна. Бидэнд тулгарч байгаа бэрхшээл нь Энэтхэг улсын өнцөг булан бүрт, олон хотод манай улсын иргэд тархан байршсан байна. Тиймээс аль хэсэгт хамгийн ихээр хүн олноор төвлөрсөн байна, аль хот руу нислэг үйлдэх вэ зэрэг судалгаан дээр манай улсын улсын Улсын Онцгой комиссын Шуурхай Штаб, Гадаад харилцааны яам, Элчин сайдын яам ажиллаж байна. Энэ амралтын өдрүүдээр ирэх долоо хоногт захиалгат нислэгийн хугацааг товлон тодорхой болгох үүргийг Улсын Онцгой комиссын Шуурхай штабт өгсөн. Түүнчлэн, нислэгээр ирэх бүх иргэдийг шинжилгээнд хамруулах боломж нөхцлийг ноён Элчин сайд таныг анхааралдаа авахыг хүсье” хэмээн онцоллоо.

Элчин Сайд М.П.Сингх “Ковид-19 халдварын цар тахлын талаар Монгол Улс үнэхээр сайн ажиллаж байгаа талаар ДЭМБ-ын мэдээллийг хараад баяртай байна. Энэ бол таны удирдлага болон танай хамт олны ач тус юм. Манай улс 41 хоногийн турш нэг тэрбум 300 хүнийг тусгаарласан. Бид Монгол Улс иргэнээ татан авах асуудлыг бүрэн дэмжиж байна” гэлээ.

Ташрамд дурдахад, БНЭУ-аас манай улсад 200 гаруй Энэтхэг иргэн ажиллаж амьдардаг байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

 
Өнөөдрийн байдлаар БНЭУ-аас эх орондоо ирэхээр 480 орчим иргэн хүсэлтээ гаргасан байна. Эдгээр иргэдийн 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 164 нь оюутан, 260 нь насанд хүрээгүй хүүхэд, 44 нь бусад шалтгаантай иргэд юм байна.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.