| | USD/MNT 0₮

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ТАНАА

Улс үндэстэн бүр төрт ёс, парламентын тухай өөр өөрийн сэтгэлгээний загвар, үндэсний онцлог, оюун санаанаас шууд хамааран тус бүрдээ өвөрмөц ойлголттой байдаг. Өнөөдөр манайд хэрэгжиж буй Парламентын засаглал нь эртний Ромын эзэнт улсын “хослон засаглах” гэдэг утгатай үгнээс гаралтай бөгөөд жинхэнэ сонгодог утгаараа 1789 оноос АНУ-ын үндсэн хуулинд тусгагдсанаар нийтээр хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй.

Товчхондоо хуралдаж нэгдсэн шийдэлд хүрэхийг л хэлж байгаа юм. Ийнхүү асуудал дэвшүүлэн сонгогчидтойгоо санал солилцож байгаа минь, төр засаг, аль нэг  нам, эвсэл, холбоод, эрхэм гишүүд, ирээдүйд нэр дэвшигчдийн нэр төр, эрхэнд халдаж, муулж сайлахыг зорилго болгосонгүй, мөн нэг тийшээ хазайж хэн нэгэнд давуу эрх олгохыг умартаж, хүмүүсийн дунд нийтлэг ойлголттой, яригдаж байдаг санал, бодол, сэдлүүдийг  ил тодоор шүүн тунгааж ардчиллын ариун журмыг сахиж, сонгогч олонтойгоо хуваалцахыг зорилго болгосноо учирлан өчмүү. Миний бие өмнө нь улс орны хэмжээнд цаг үеийн тулгамдсан асуудлуудаар хэд хэдэн удаа үзэл бодлоо илэрхийлж хэвлэл, мэдээлэлд нийтлэл бичих, мөн ярилцлага өгч байсан нь тухайн үедээ олны анхаарлыг татсан сэдэв болж байв. Энэ удаа ч хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлж бүр шар ус хуруулсан, ярианы гол чиглэл хандлага нь сонгуулийн уур амьсгал болсонд, өөрийн эрхгүй үзэг цаас нийлүүлэхэд хүрлээ.  Асуудлын гол нь шинэ парламентын тухай бөгөөд  үндэсний аюулгүй байдал, эрх чөлөө, тусгаар тогтнолоо нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, ардчиллын хүнлэг, энэрэнгүй шударга ёс зүйг дээдлэж, элдэв хуурамч зан төлөвгүй, төрийн хуулийг чандлан сахидаг, сэтгэл зөвтэй тийм л хүнийг УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх, мөн өмнөх сонгогдсон хүмүүсийн үйл ажиллагааг эргэцүүлэн бодож, өвөг дээдсийн сургаал номлолыг эргэн санаж “Шинэ сонголт” хийхийг л анхааруулах, сануулахын хооронд өгүүлж байгаа билээ.

Сонгогдохоосоо өмнө эгэл жирийн бидний дунд алхаж  явсан нөхөд маань эрх мэдэлтэй болмогцоо ааш зан нь хувирч, ихэмсэг дүр төрх, бүр төрөл арилжсан маягтай дууны өнгө хүртэл цаанаасаа нэг л өөр болж, инээд алдан уулзаж, сайн муу сайхан муухайгаа ам уралдан ярилцаж байснаа мартаж, бүхнийг мэдэгч аятай эрх мэдэлд дулдуйдан төрийн төлөө гэхээсээ өөрийн эрх ашгийг илүүтэй үзэх байдал нэг биш нэлээдгүй гишүүд дээр ажиглагддаг. Тухайлбал, үе тэнгийнхэн нь үзэл бодол, улс орныхоо хөгжлийн төлөө санаа тавьж, сэтгэгдэлээ хуваалцахад, тэрбээр бүр цаанаасаа ёозгүй харж “Саваагүй нохой саранд хуцав “ гэгчийн үлгэрээр энэ нөхөр чинь бас элдэв долоон юм донгосдог болоо юу гэх хандлагатай ярвалзаж их мэдэгчийн дүр эсгэн толгой хаялан мэдлээ, ойлголоо, мэдэж байна, анхааралдаа авлаа хэмээн амандаа гоншигносоор салахын түүс болно.

Арай залууханд нь боломж таарсан үед хэд гурван үг дайхад хоцрогдсон амьтан чинь бас ч юув дээ, хуучинсаг үзлээр сургаал айлдаж цаг барна вэ? тэгээд ч надтай харьцах зиндаааны хүн билүү гэж хямсагнаж дээгүүр харан аар саархан юмаар оролдож, сонссон дүр эсгэж бушуухан явуулах арга эвийг хайна. Улсын их хурал бүрэлдэхүүнээрээ байх үед л хүчтэй, ганц гишүүн шийдвэр гаргахгүй нь ойлгомжтой боловч тэд асуудлыг өөрсөддөө ашигтайгаар шийдэх аргаа төвөггүй олно. Тухайлбал олонхийн бүлэг, нам эвсэл, найз нөхөд, сургууль, нутаг нугаараа талцах хамгийн аюултай нь “Лобби” хэмээх бусармаг үйл ажиллагаагаар ямар ч асуудлыг өөрсдийн эрх ашигт нийцүүлж чадна. Сонгууль явагдсаны дараа  “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгч болгохгүйн тулд бичиж байгаа сэдэвт сонгогчид маань анхаарлаа хандуулж эрхбиш өмнөхөө эргэн санана  гэдэгт найдаж байна. Эртний нэгэн гэгээлэг судар бичигт өгүүлснээр “Монгол хүн тэнгэр заяатай, иймээс тэр хувь заяагаа эдлэх ёстой,  өөрийн толгойг өөрөө мэдэж явах ёстой хүмүүс шүү, үүнийг хүн бүр мэдэж байвал зохистой хэмээнэ” гэсэн нь юутай үнэн, олон зууны туршид өвлөгдөж уламжлагдан ирсэн энэхүү гайхамшигтай сургаал урт удаан хугацааны он жилүүдийн урсгалд мартагдах шахсан ч Монгол хүний ген, цусанд бага ч гэсэн үлдсэн байх учиртай. Хүн “Тэнгэрийн дор төрж төрийн дор амьдрахдаа” өөрийнхөө чухам юу хүсэж байгаагаа ямар нэгэн хэмжээгээр мэдэж, мэдэрч байдаг. Тиймээс өөрөө өөртөө эзэн байж, өөрөө өөрийгөө удирдан авч чаддаг байх ёстой.

Энэ бол тэр тусмаа байгалийн хатуу ширүүнтэй тэмцэлдэж, амьдрал ахуйгаа авч явж ирсэн нүүдэлчдийн ген, соёл иргэншил, оюун ухаан, сэтгэл зүй, үзэл баримтлалд бүр ч илүү үүдэлтэй. Өнөөгийн парламентыг ярихын өмнө Монгол төрт ёсыг сонгодгоор нь байгуулсан эзэн богд Чингэс хааныхаа цаг үеийг нэг эргэн саная. Монголчууд даян дэлхийд засагласан хоёр зуун жилийн хугацааг эдүгээ “pax Mongoliсa” буюу Монголын амар амгалант үе гэж нэрлэдэг юм. Өнөөгийн парламентын өвөг гэж хэлж болохоор Монголын язгууртан дээдсийн их чуулган, Их хуралдай, цэцдийн зөвлөл нь үнэнхүү шударга үнэний илэрхийлэл байж жинхэнэ ёс жаяг, дэг журмыг дээдэс доодосгүй адил тэгш эрхтэй тогтоож өгсөнд оршино. Эхэс дээдэс, цэргийн ноёд, зөвлөгч нар өөрсдийн санал бодол, элдэв хувилбаруудыг чөлөөтэй илэрхийлж маргаж ярьж зөвшилцөн нэгдсэн шийдэлд хүрдэг байв. Гаргасан шийдвэр, зарлиг нь бүх нийтээр дагаж мөрдөх журамтай, хариуцлага алдагсдад хатуу цээрлэл үзүүлдэг байлаа. Хэмжээгүй эрхт эзэн богд Чингэс хаан,  “Миний дээр төр, төрийн дээр хөх тэнгэр байна” хэмээн айлдаж байсан нь төрт ёсыг хэрхэн хүндэтгэж, хуралдайгаас гаргасан шийдвэр нь их хааны зарлигаас ч илүү нэр хүндтэй байсныг харуулж байна. Сонгогч түмний өмнө дэвшүүлж байгаа гол асуудал бол УИХ-ын эрхэм гишүүнийг хэрхэн зөв таньж сонголтоо хийх тухай бөгөөд ер нь сонгууль нэг талаас төрийн эрх барих дээд байгуулага парламентыг бүрдүүлэн улмаар орон нутгийн өөрөө удирдах ёсыг хуульд зааснаар байгуулах, нөгөө талаас иргэд төрийг удирдах хэрэгт шууд оролцож байгаа ардчиллын сонгодог хэлбэр байх ба иргэд өөрийгөө удирдах болон төр засгаа удирдуулах улс төрийн элитүүдийг шалгаруулах ардчилал, шударга ёсны гол хэмжүүр болно.

Монголчууд хэд хэдэн сонгуулийг явуулсан боловч өмнөх үйл явдлуудаа сэргээн санахаас аль болох цааргалж одоогийн парламентад илүүтэй шүүмжлэлтэй хандаж байна. Өнөөгийн төр засгийн тогтолцоо, УИХ–ын гишүүдийг л болж бүтэхгүй байгаа зүйл бүгдийг хийсэн мэтээр шуугиж буруутгах, элдэв нэр хаяг, хоч зүүж, хэлэх хэлэхгүй үгээр дайрч давшлах боллоо. Бас ч гэж нөгөө талаар үгүйсгэх аргагүй ээ, тэд аливаа гэмт хэрэг зөрчлийн байж болох бүхий л төрлүүдэд нэр холбогдсон гэхэд хилсдэхгүй бөгөөд гаргасан хэрэг, зөрчил дутагдалдаа хариуцлага үүрнэ гэж байдаггүй, яаж ийгээд  дунд тушаалын эсвэл доохнуур албатай хэн нэг буруутанг олоод түүнээ сүр дуулиантай зарлаж шударга ажилласан дүр эсгэнэ. Яагаад ч юм олон жилийн өмнө амьдарч байсан мэргэн цэцэн хэлэмгий шударгаараа алдартай хуульч Сандаг хэмээгч “Өөрийн мууг хүнд, өвлийн мууг хаварт” гэсэн үг санаанд буух юм. Бүр тодруулбал, хууль зөрчсөн, ёс зүйгүй авирласан, хэр хэмжээнээс хэтэрсэн асуудалд холбогдсон эрхэм их хурлын гишүүд, төрийн өндөр албан тушаалтанг нэрлээдэх хэдэн хүн байна гэснээс холбогдоогүй хүн байна уу гэж асуувал тоолоход арай дөхөмтэй болжээ. Үүнд л жирийн хүмүүс туйлаас дургүйцдэг юм. Үнэн хэрэгтээ Улсын бага хурал гэж байгуулагдах үеэс л алт диллерийн хэрэг, түүнээс хойшх үе үеийн парламент, төр засагт бүгдэд хамааралтай, тэд шударга, сайн ажилласан гэж ард түмэндээ хэлэгдэж байсан уу. Харин аливаа юманд цаг хязгаар гэж байдаг бол тэр үе нь яг одоо ирээд байна. Төр засгийн өндөрлөгт байгаа эрхмүүд урьд өмнө хэн байсан нь чухал биш харин эрх мэдэл албан тушаал хашиж байгаа тэднээс улс үндэстнээ аврахын тулд эрс шийдэмгий уяан хатан, ухаалаг бодлого барихыг ард түмэн анхааралтай ажиглаж байна. Тухайлбал Төрийн тэргүүн эдийн засаг,  ард иргэдийн амьжиргааны түвшин, Хууль хяналт, тэдгээрийн бүтэц, бүтээн байгуулалтын талаар хэд хэдэн оновчтой санал, санаачилга хөндсөн ч аанай л хамтран зүтгэгчид, эрх мэдэлтэй эрхмүүд төдийлөн дэмжихгүй саармагжууллаа. Өмнөх төрийн тэргүүнүүдээс ялгаатай  нь Эх орон, газар шорооны үнэ цэнэ, залуучуудыг эх орноо хайрлах үзлээр хүмүүжүүлэх, ахмадын баатарлаг өв уламжлалаас суралцах чиглэлээр мөрийн хөтөлбөрт тусгасан зүйлээ хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаад талархууштай. Зөв зүйтэй хөндсөн асуудлуудыг болж өгвөл дэмжээд өгвөл хаа хаанаа л хэрэгтэй юм. 

Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд хэдийгээр эрх мэдэл хязгаарлагдал ч уул уурхай, албаны хариуцлага, орон нутгийн хөгжил зэрэгт шийдвэртэй алхам хийхээр зоримог асуудлууд дэвшүүлэхэд мөн л журмын нөхөд нь ил далд татаж чангаагаад саад болж байна. Олон жил бугшсан бусармаг үйлдлийг арилгахад мэдээж цаг хугацаа шаардагдана. Ер нь төрийн өндөрлөгүүдийн эрх үүргийн тэнцвэртэй хуваарилалт тэр тусмаа ачааны хүндийг үүрч байгаа Ерөнхий сайдад яалт ч үгүй эрх мэдлийн цар хүрээ өргөн байх аваас парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахад түлхэц болно. Ардчилсан намын дарга, зөвлөлөөс оруулсан үндсэн хуулийн өөрчлөлт, түүнчлэн хэлэлцэж байгаа хууль, бусад  зүйлүүдтэй холбогдуулж, ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалсан, бүр хүлээцтэй байгаа хойшлуулашгүй асуудлуудыг  нь олонхийн бүлэг, эрхэм гишүүд тэдний хувийн үзэл бодол зэрэгт нийцэхгүй байгаагаас тэр бүр дэмжигдэхгүй байдал ажиглагдаж байна.  Ер нь улс эх орны төлөө сэтгэл гаргаж байгаа тулгамдсан асуудалд зөвшилцөж хамтын зөв шийдвэр гаргахын оронд нам эвсэл, бүлэг, фракцаар түрий барьж унагаадаг буруу зуршил байгаагаас нэгдсэн шийдэлд хүрдэггүй нөгөөх л тамын тогооны үлгэр үргэлжилсээр өдий хүрлээ. Хөгжлийн бодлого, удирдлагын арга барил, төрийн түшээдийн үйл ажиллагааны талаар туршлага судлах гэж  тив далай алгасаж хайх хэрэггүй,  бэлхэнээ дэргэд чинь бүр нүдэн дээр чинь илхэн байна. Манай эх орон гарын арван хуруунд тоологдохоор биш ердөө аугаа том хоёрхон хөрштэй, бид дайсныг гаднаас зохиомлоор эрж хайх юм.

Одоогоос 40-50 жилийн өмнө өмнөд хөршөө дайсагнасан харцаар харж байснаа удаа ч үгүй хойд хөрш рүүгээ хялайж догшин ширүүн авирлах болсон, иймэрхүү зан авир гаргаад юу олж хожив. Энэ бол яавч монголчуудын төрөлхийн зан ааш, араншин биш, бодлогогүй төр, нам эвсэл, гадна дотны нөлөө орсон байхаас зайлахгүй. Геополитик, газар зүйн байршил, стратегийн түшэц газрын хувьд манай улсыг ОХУ хэзээ ч Хятад улсад нэгтгэхийг хүсэхгүй, Хятад улс ч гэсэн ОХУ-д ямарч үе, нөхцөлд найр тавихгүй, мөн гурав дахь этгээдэд ч тэд боломж олгохгүй. Иймд бид хөршүүдээ сайн муу хэлж байхын оронд эвтэй найртай тэднийхээ хаялга, халамжинд дулдуйдан хоёр том тивийг холбож байдгийн хувьд ухаалаг бодлого уужим саруул ухаанаар  үзэл бодлоо чөлөөтэй уралдуулж улс төр, дипломатын аргаар эн тэнцүү зэрэгцэн оршиж, өөрийн орны хөгжлийг тэдний хэмжээнд аваачих уяан хатан бодлого л дутагдаж байна. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 2010 оны шинэчилсэн тулгуур бичгийн 3.1.1.4-т ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Чингэхдээ үндэсний эрх ашиг, харилцааны түүхэн уламжлалыг харгалзан бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэж, бүхэлдээ тэнцвэртэй харилцахыг эрхэмлэнэ гэж тусгажээ. Ардчилал, зах зээл хөгжсөнөөс хойш хэдэн жил болов, татвар төлөгчдийн мөнгө, гадны зээл тусламж, хөрөнгө оруулалт гээд хэдэн зуун тэрбум, хэдэн ч их наядаар тоологдох хөрөнгө мөнгө, валют хаачив, бүгд улс төрчид, эрх мэдэлтнүүдийн гарын салаагаар урсав.

Төсөвлөсөн хөрөнгө мөнгийг үгүй ядаж гуравны хоёрыг зөв зохистой зарцуулсан бол өнөөдөр манай улсын хөгжил одоогийнхоос хэд дахин давуу үгүй ядаж бүх аймаг, зарим сумдууд, улсын хөгжилд ач холбогдол бүхий чухал объектууд  авто засмал замын бүрэн сүлжээнд орсон, эрчим хүчний хангалт  бүх нутгийг хамарсан  өөр ертөнц харагдах  байсан. Тэгэхлээр Монгол улсын хөгжилд садаа болж байгаа, нөгөө бидний гаднаас хайгаад байгаа дайсан гэдэг чинь хаана байгаа нь ойлгомжтой байна. Бид нэг хэсэг Ардчиллын нэр барьж хийж байгаа буруу зөв үйлдлээ түүнд тохож аль болох өөрт ашигтайгаар шийдүүлэхийн тулд маргаж, цэцэрхэж биендээ томорч, бас хуурч, дээрээсээ доошоо хүртэл уймраа хүн шиг учираа олохгүй хийсч явлаа. Ардчилын эцэг гэж нэрлэгддэг Р.Эммерсон хэлэхдээ “Ардчилал гэдэг маш эмзэг зүйлээ, Түүнийг машид болгоомжтой авч явахгүй бол хаана эхлэж, хаана хэзээ дуусаж буй нь мэдэгдэхгүй” гэжээ.   

БИДНИЙ СОНГОСОН ЭРХЭМ ТҮШЭЭД ХЭРХЭН АЖИЛЛАЖ БАЙВ, УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙГ ЗӨВ ЗАЛЖ БАЙВ УУ ГЭДЭГ ТАЛААР САНАЛАА СОЛИЛЦОЁ. Таны сонгосон УИХ-ын гишүүн, үзэл бодол, санал сэдлийг тань  төрд илэрхийлж чадав уу, хэлсэн ярьсан амалсанаа бүрэн дүүрэн биелүүлэв үү, өөрийн нэр төрөө цэвэр ариунаар авч явсан уу, гээд олон зүйл дээр эргэцүүлэн бодоод үз дээ. Бодит байдлаас харахад эрх мэдлээ удаан хадгалах үүднээс сонгуульт хугацаа талдаа ч ороогүй байхад тойрогтоо их зүйл хийсэн мэтээр шоу маягийн өнгөцхөн нүд хуурсан зүйл хийж, хурал цуглаан зохион байгуулж, шагнал урамшуулал, бэлэг нэртэй цаасан ууттай боов чихэр тарааж, хүмүүсийн сайхан сэтгэл дээр далд санаагаар тоглолт хийж, давхар мэхэндээ лав оруулах, бодлогоо хэрэгжүүлэн  дараагийн сонгуулийн бэлтгэлдээ ордог. Английн Ерөнхий сайд асан Унистон Черчил, “Увайгүй улс төрч өөрийн үйл ажиллагааг дараагийн сонгуульд чиглүүлдэг, Төрийн зүтгэлтэн хүн өөрийн үйл ажиллагааг хойч үедээ чиглүүлдэг” гэж хэлсэнийг эргэцүүлээд үз дээ.

Нөгөө талаар төрийн тогтолцоо, хуулийн цоорхой, буруу ёс жаяг тогтсоноос Эрхэм гишүүний сэнтийд заларч чадвал түүнд тооцох хариуцлагын тогтолцоо байхгүйг бэлхэнээ мэдэрч төрийн хуулиас давсан эрх мэдэлтэй маш том хүн болох учир, УИХ-ын гишүүн болохын төлөө улайран хөөцөлдөж элдэв аргаар аль нэг намд шургалдаг эсвэл намаас нам дамжих, тойргоос тойрогт шилжиж хошгируулдаг. УИХ-ын гишүүнд, горилогч нэр дэвшигчид маань сонгогчидынхоо өмнө “Би таны өмнөөс гүйе”, “Зарц чинь болоё” , “эрх ашгийг чинь найдвартай хамгаална” гээд л ямар гоё ганган үг байна түүнийгээ урсгаж гарна. Бид үүнийг толгой эргүүлэх гэж ярьдагч цаг нь болохоор хууртаад л саналаа дугуйлж орхино. Бидний дунд яригдаж байдаг, “попордоно” гэдгийг хэн сайн, сайхан ярьж, хүмүүст үнэмшил төрүүлж чадна тэр амжилтанд хүрнэ. Энэ нь чухамдаа хэрээс хэтэрсэн хуурмаг амлалт авч, олонхийн итгэлийг зальт аргаар олж, сонгогчидын сайхан сэтгэлд ус цацаж, молиго өмхүүлэхийг хэлээд байгаа юм.  Иймэрхүү эрхэмүүдэд олон жилийн өмнө их говийн мэргэн хутагт Дулдуйтын Равжаагийн хэлсэн үг сургаалийг эрх биш иш татаж хэлмээр бодогдлоо.  Тэрбээр “Бусдыг хуурах , овлон мэхлэх нь өөрийнхөө зүрх рүү мэс дүрсэнтэй адил хэрэг” гэж айдсан нь хурц бөгөөд хатуу, гашуун үнэн үг, өнөөгийн зарим нэг эрх мэдэлтэнгүүдэд сануулахад  илүүдэхгүй л болов уу. Нэр дэвшигчид андашгүй, тэд сонгууль дөхөөд ирэхлээр нэг их сайхан инээмсэглэсэн хүн барааны газраас ойртож ирээд гар удтал атгаж хэрэгтэй хэрэггүй зүйл ярьж цаг барах нь гачлантай.

Туршлагатай сонгогчид тэднээс аль болохоор дөлж тойрох боловч, тэд аз таарч сонгогдож чадвал бүр эсрэгээрээ нөгөөдүүл маань биднээсээ зай барьж гэнэт тулгарвал ажил ихтэйгээ гайхаж, эрхий, чигчий хуруугаа чихэндээ ойртуулж бариад бодвол утсаар ярина гэж байгаа бололтой арилж өгнө. Утсаар ярих гэвэл тэрээр барагтай бол авахгүй, туслах, зөвлөх гээд түүнийг орлох хүн мундахгүй. Сонгогдсон тойрогт нь ямар нэг бүтээн байгуулалтын нээлт болоход бусдаас түрүүлж сүр бараатай, хэд хэдэн дагуултай  ирэх бөгөөд өөрөө санаачлаад хувиасаа хөрөнгө мөнгийг гаргаад барьж бүтээсэн юм шиг тууз хайчилж сүржин үг хэлж бас ёс юм шиг телевиз радиод ярилцлага өгч, хүлээн авалтанд хундага тулгаж, ажил ихтэй, зав чөлөө муутайгаа гайхаж, хаачсан нь үл мэдэгдэх алга болно. Сонгогчид бараагий нь харсан дээр уулзаж ганц нэг үг хэлэх гэж гадна, дотно хүлээж эрэл сурал болсоноор хоцорно.

Зарим нэг УИХ-ын эрхэм гишүүд, эрх мэдэл бүхий албан тушаалтнууд “Гэрээ засаад, төрөө зас” хэмээсэн өвөг дээдсийнхээ алтан сургаалийг хэт ухаарсанаас юуны өмнө гэрээ засах гэж ханцуй шамлан орж, 4-5 өрөө эсвэл хаус бариулж, машин тэргээ жийпээр сольж, эхнэр хүүхдийн ажил алба, хүүхдүүдийн сургууль соёлыг ихэвчилэн гадаадад улсын зардлаар сургахаар шаргуу хөөцөлдөж, тойрон хүрээлэгчид дэмжигчидээ төрийн албанд шургуулах арга тактик хэрэглэж гүйсээр байтал нэг мэдэхэд сонгуульт хугацаа нь дуусах тийшээ хандаж, мяндагтангууд  ажилаасаа хусагдах болдог нь нууц бишээ. Иймд дээрхи нөхдүүдэд бүр эсрэгээрээ “Төрөө засаад, гэрээ зас” гэж хэлмээр байна. Үе үеийн парламентаас батлан гаргасан цөөнгүй хуулиуд нам эвсэл холбоод эсвэл гадаад дотоодын бизнес бүлэглэлүүдийн захиалга, хэн нэгэн хүний эрх ашигт нийцсэн зэргээс хамаараад хууль замхаруулах, өмчийг завшихад үйлчилж ирсэнээр өмч хувьчлал, газар, ашигт малтмалын хууль хүртэлх бүх үнэ цэнэтэй баялагууд хэдхэн цөөн тооны “томчууд” баячуудын гарт төвлөрч, одоо бид байгалийн баялаг, тэр ч бүү хэл улс орон өр зээлэнд баригдаж  газар шороогоо хүртэл алдах дээрээ тулаад байна.

Ард түмний хөрөнгө, татвар төлөгчидийн мөнгийг үр ашиггүй зарах, хувьдаа завшихын тулд төрийн мөнгийг төсөвт суулгах, бас концесс нэрийн дор тэрбум тэрбумаар нь залгина. Энэ нь өөрт чинь биш юмаа гэхэд үр удам, хойч үед тань буян болно гэжүү. Цаг үеийн ээдрээтэй, улс төрийн тогтолцоо хөлөө олоогүй төрийн эрх мэдлийн төлөө нам, эвсэл холбоод, улс төрчид хэмээгчидийн тэмцэл үргэлжилж байгаа өнөө үед УИХ л улс орны бодлогыг тодорхойлно, улсын төсөв батлаж, засгийн газрыг байгуулан ажиллуулж зүг чигийг заана, өндөр дээд хэмжээний албан тушаалтан, сайд дарга нарыг томилоно гэж хийрхэж байгаа нь удирдлагын тогтолцооны том гажуудал гэж үзэхээс өөр арга алга. Одоо болж буй үйл явдал, туршлагаас харахад хууль баталдаг байгууллага, гүйцэтгэх засаглал хоёр холилдох нь тийм ч сайн биш, харилцан биендээ найр тавих эсвэл садаа болж оновчтой зөв шийдвэр гаргах тал дээр авцалдаа муутай ойлгомжгүй  байна.

Өмнөх сонгуулиудад нэр дэвшигчидийн увайгүй үйлдэл хэрээс хэтэрч, ард түмний итгэлийг олохын тулд тэдний сэтгэл зүйд нөлөөлсөнөөр өнөө маргаашийн тулга тойрсон нэг удаагийн тариур зүү шиг барааны саван, атга чимх гурил будаа, аяга, данх сав, бетон, мөн тараасан 20, 30 мянган төгрөг, зэрэгт сатаарч, хууртаж байсныгаа  сонгогчид маань эрх биш санаж байгаа биздээ. Тэд нам, эвслийн эвээл, сайхан амлалт, олны итгэлийг хүлээж сонгогдон эрх мэдэлтэй болмогц өөрийн тойрон хүрээлэгчидээр хүчээ зузаатгаж, тэднийгээ аль болох “чухал” нэр нөлөөтэй албанд тохоон томилуулахын төлөө ёстой чөмгөөн дундартал гүйнэ.

Төрийг хүчгүйдүүлж, хүчийг сулруулж төрийн хуулийг гууль болгогчид бол нөгөө л УИХ-ын сонгуульд нам, нэр дэвшигчдийнхээ төлөө зүтгэсэний шанд  эрх мэдэлтэй албаар шагнуулсан  бантагнуулагч,  долдой нар яах аргагүй мөн. Нөгөө нэг бүр ээдрээтэй оньсого шиг асуудал бол салбарын яамд, агентлаг, газрын дарга нарыг тухайн салбартаа танигдсан, олонхид хүлээн зөвшөөрөгдсөн эрхмийг сонгохын  оронд улс төрийн томилгоо нэрээр хэн ч танихгүй тэс өөр мэргэжлийн хүнийг явуулж эрх дарх, дураараа авирлах мэдэл олгосноор тэр нь өөрийн баг бүрдүүлэх нэрийн дор хэсэг бүлэг хүмүүсийг авчирч бүрч холиож орхино. Улс төр судлаач Лорд Этон бээр тэдгээр бэртэгчдийн тухайд “Аливаа эрх мэдэл хүнийг эвддэг бол хязгааргүй эрх мэдэл хүнийг хязгааргүй эвддэг” гэжээ. Эрх баригчдаас нөгөөх л татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулдаг шинэ ажлын байрыг бий болгож тойрон хүрээлэгчид, хань хамсаатнууддаа өр барагдуулж байгаа аятай олноор нь төрд шургалуулдаг бас нэг арга бол “Төлөвлөлт” “төсөл” гэсэн сайхан нэрийн дор хийдэг үйл ажиллагаа юм.

Энэ тухай Ф.А. Хаек, “Төлөвлөлт бол тоталитар дэглэмд хүрэх зам мөн. Төрийн төлөвлөлт нь хөгжилд тусгай хөтөлбөр биш, харин улс төрийн элитүүдийн гарт эрх мэдэл төвлөрөх, авилгал болон албан тушаалаа урвуулан ашиглахад хүргэнэ” гэж тодорхойлжээ. Тэгэхдээ ганц нэг нүдээ олсон төсөл, төлөвлөгөө, гайгүй чадвартай хүмүүс байхыг үгүйсгэхгүй ээ. Нилээд хэдэн жилийн өмнө УИХ-ын урилгаар айлчилсан Сингапурын парламентын төлөөлөгчид манайхныг ийм жижигхэн эдийн засагтай мөртлөө парламентын гишүүд нь цалин авч байнга хуралддаг, хууль  нь УИХ- дээ  үйлчилдэггүй, маш их хээл хахуульд автсан ямар сонин зохион байгуулалттай улс вэ, байгалийн баялаг их нөөцтэй, асар том газар нутагтай төр засаг нь дампуурчихсан авилгал, хэзээ хөгжих нь мэдэгдэхгүй улс юм хэмээн ихээр гайхаж буцаж очоод санал сэтгэгдэлээ өөрийн хэвлэл мэдээллээр ийнхүү цацсан ажээ. Үүнээс хойш лавтайяа нилээн хэдэн жил болсон ч байдал дээрдсэн үү гэдэгт сонгогч олон маань бодиттой хариулт өгөх болов уу.

Бүх эрх мэдэлийг гартаа атгасан УИХ л цэвэр ариун байж, гишүүд нь эх орныхоо төлөө чин үнэнч халуун сэтгэлээр хандаж алива асуудалд хоёрдмол сэтгэлгээгүй, хэлэлцэж буй асуудалдаа бүхий л анхаарлаа төвлөрүүлдэг болвол гарч буй хууль тогтоомжууд үр дүнгээ өгнө. Гүйцэтгэх засаглалын тэргүүн  өнгөрөгч оны 10 дугаар сард Хөвсгөл аймагт ажиллах үеээрээ “Төрийн төлөө зүтгэдэг нэг ч улс төрч алга” гэсэн нь  аргагүй л шудрага хүний үнэн гэлтэй. Төр улсынхаа төлөө шударга зүтгэнэ гэдэг монгол хүн болж төрсний аугаа их үйл хэрэг, ард түмний дунд домог болж үлдсэн халуун эх оронч Чин ван Ханддорж, Хотгойдын шадар ван Чингүйнжав, Цэцэг нуурын хөдөлгөөний ард Аюуш,  бүр саяханы жишээ гэхэд Мэндийн Зэнээ, Очирбатын Дашбалбар, анхдагч бие даагч Г. Зуунай гээд тэд нар эд хөрөнгийн шуналд автагдаж алдар цол албан тушаалын дон шүглээгүйг туулсан амьдрал, хийсэн ажил, хэлсэн үг зэргээс нь харахад тодорхой,   өнөөдөр ч бидний дунд  дурсагдсаар явна.

ОДОО ЦААШИД ХЭРХЭН СОНГОЛТ ХИЙХ ВЭ?   

Парламентийн гишүүн юу ч хийсэн, юу ч ярьсан хариуцлага хүлээдэггүйгээс дэлхийд ховорхон дархлагдсан хуультай энэхүү  албан тушаалд ямар нэг аргаар шургалах бодол горилогчдийн өдрийн бодол шөнийн зүүд болдог ажээ. Тэгвэл үүнд жирийн иргэн, ард түмэн таатай ханддаггүй, тэд хууль баталдаг эрхээрээ түрүү барьж өөрсдийнхөө хариуцлагын тогтолцоонд өөрчлөлт оруулалгүй өдий хүрлээ. Уул нь хариуцлагын тогтолцоо бүрэлдсэн бол эрхэм гишүүнд хүлээлгэх хамгийн энгийн бөгөөд бодит хариуцлага бол эргүүлэн татах, ийм зүйлгүйгээс тэд 76-лаа хаан мэт суудалд тухлаж, биенийхээ гаргасан аливаа алдаа дутагдалыг нуун дарагдуулах, хайцаалж өмгөөлсөөр дөнгөж саяхны үндсэн хуулийн өөрчлөлтөөр засагдах шиг боллоо.  Бид одоо УИХ-ын гишүүн гэж гэж ямар шалгуурыг давсан байх вэ? сонголтыг яаж зөв хийх вэ? гэдэг тал дээр ярилцья. Ардчилал тогтож чөлөөт ардчилсан сонгууль явуулснаас хойш олон жил өнгөрлөө, энэ хугацаанд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ ард түмэн найман удаа  эдэллээ. Одоо хүн бүхэн өнгөрсөн хугацаанд хэрхэн зөв сонголт хийсэн талаараа өөрөө өөртөө дүгнэлт хийж сонгогдсон эрхмүүд маань төр түмнийхээ төлөө, тухайлбал таны төлөө юу хийв, төрийн жинхэнэ түшээ байж чадсан уу гэдэгт анхаарлаа төвлөрүүлээд үз дээ. Би хувьдаа бүгдийг харлуулах гээгүй цөөнгүй тооны төрийн түшээд амласанаа биелүүлж, ард иргэдийнхээ итгэл найдварыг дааж, олон түмний хайр энэрэлийг татсан, гаргасан хууль төдийгүй төрт ёсны ариун журмыг үлгэр жишээ биелүүлдэг бас хэрэгжүүлдэг байхад, сонгогчидыг ёстой хошгоруулан хулхин дээр нь цэцэг ургуулж, хөхөө шиг донгодож амлалтыг амаа цууртал хашхичиж байж гарч ирчихээд усанд хаясан чулуу шиг алга болж зөвхөн өөрийнхөө эрх ямба, алдар цол, тойрон хүрээлэгчдийнхээ алба, эрх мэдлийг зузаатгахын төлөөнөө ичэх нүүргүй улайран хөөцөлддөг нь хэн хэн билээ гэдгийг  сонгогчид маань одоо эрх биш ялгаж салгаж байгаа гэдэгт итгэнэм. Сонгогч та өмнөхөө шилжилтийн, эсвэл туршлага дутсан, итгэсэн, найдсан, өрөвдсөн гээд өөрийгөө зөвтгөж ямарч тайлбар өгч болох л доо.

Одоо бид  ирэх сонгуульд жинхэнэ ул суурьтай “Шинэ сонголт” хийх ховорхон завшаан тохиож байна. Энэ талаар Энэтхэгийн ард түмний суут хүү Махатма Ганди, “Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр бол боломж, маргааш бол бэлэг” гэж хэлж байсныг дурсахад юу нь илүүдэх билээ. Сонгуульд бэлтгэж нам эвсэлүүдээс гаргасан стратеги, тактик, хөтөлбөр, нэр дэвшигчид зориулсан гарын авлага гээд бишгүй л эрээн цаас байдаг ч хүмүүст илүүтэй ойлгомжтой байлгах үүднээс эзэн богд Чингэс хааныхаа гэгээн сургаалаас иш татахад : 1. “Шударга зан чанар” тэрээр зөв явдлыг зөшөөрөн тэтгэж, буруу явдлыг буцаан зогсоох” чадварыг  монгол хүний эрхэм дээд чанар гэж үзэж байжээ. 2. “Үнэнч” Төрдөө амь бие үл хайрлан зүтгэх зүтгэл төрийн төлөө өөрийгөө золиослоход бэлэн, элдэв шунал, тачаалгүй чанар” бол төрийн түшээ хүнд заавал байх гол үзүүлэлт гэж үзжээ. 3. “Эрдэм боловсрол” “Улсын сүр ихээр мандаж, дэлхий дахиныг цочоож чадсаны учир бол эрдэм чадалтай хүнийг сонгож хэрэглэсэнд байгаа юм хэмээжээ. 4. “Өршөөл, энэрэл” “Үл харгис, үнэнч шударга, эрдэм гүн хүмүүнийг сайшаан хүндэтгэх хэрэгтэй” гэж сургасан байна. 5.“Туршлага” “Аравтыг захирч чадсан хүнд мянгат, түмтийг захируулж болно” гээд доод нэгжээс эхлэн амьдрал үзэж, доороос дээш дэвшин бүх шатанд туршлагажсан байх шаардлагыг тавьж, өвгөдийн үгийг үндэс болгож, тэдний хураасан зузаан туршлагыг шүтэн биширч байхыг ятган ухуулж байв. УИХ-ын гишүүнд нэр дэвшигчидэд хандаж харьяа нам эвсэл холбоодоос нь чамгүй сонгон шалгаруулалт хийх авч хандив туслалцаа мөнгө хөрөнгө арвинтай танил тал, найз нөхөд, нутаг орон гээд хэн сүйхээ самбаа гаргасан нь дэвшдэг бөгөөд тэдгээрт дээрхи заалт хэрхэн хамаарах нь сонин биш ээ.

Тийм ч учираас парламентаас батлан гаргаж буй хууль нь амьдралд хэрхэн нийцэх талаар тооцоо судалгаа муутай, хуулийн цоорхой ихтэй, түүхий шүүрхий, гадна дотны захиалга түлхээс, “Лобби” хэмээх нэр хаяггүй увайгүй гишүүдийн хуйвалдаан шантаажнаас шалтгаалан бодлогогүй, амьдралаас тасархай байдагаас монголын төр хүчгүйдэж, ямар сайндаа томоохон эмнэлгийн хүлээн авахаар эрүүлжүүлэх байр хийх  хууль батлаж байхав дээ. Өнөөдөр Монгол улсад бизнес, улс төр хоёрыг ялгаж салгаж чадахгүйгээс УИХ- ын танхимд хоёрдмол бодолтой хүмүүс олноор орж ирсэнээс, батлаж буй хуульд яавал өөрт ашигтай хувилбарыг оруулж болох, эсвэл төсөв хөрөнгөнөөс ямар аргаар зувчуулж ашиг олох тухай тархиа гашилгаж, хэлж ярьж байгаа зарим зүйл нь хэлэлцэж буй асуудлаас огт өөр амьтан хүний инээд доог болсон, онигоонд ормоор санал тавьж түүнийхээ төлөө улайран зүтгэж байх юм.  Би бизнес эрхлэгчийг УИХ-д огт дэвшиж болохгүй гэж байгаа юм бишээ, хэрэв та улс төрч болж төрийн төлөө бие сэтгэлээ зориулж байгаа бол нөгөөх толгой өвтгөсөн бизнесийн ажлаа найдвартай гарт атгуулаад нэг мөр шулуудах ёстой. Улс төрч гэж өөрийгөө дөвийлгөж, түшээгийн сэнтийд заларсан та ч элдэв арга саам ашиг хонжоо горилож “лобби”-д автагдаж бодлогогүй кноп дархаа болих хэрэгтэй. Сингапурыг хөл дээр нь босгосон гавьяатай Ерөнхийлөгч асан Ли Куан Ю, улс төр бизнес хоёр хэзээ ч нэг тогоонд хамт явахгүйг амьдралынхаа туршлагаас харсанаа хэлж байсан. Манай нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр гэж дэндүү өрөөсгөл, үлбэгэр намаас гаргаж өгсөн хөтөлбөр үндсэн чиглэлийг барих боловч гишүүдийн дэвшүүлж байгаа нь бараг л хоорондоо адилхан, биенийгээ хуулбарласан, үгүй бол гадна дотны авцалдаа муутай үг хэллэгийг дуурайж хэлбэрдсэн байх ба  уул нь Монгол хөрсөнд буусан сонгогчдынхоо санал сэтгэгдэлд нийцсэн байвал сая үр дүнтэй болно. Манай улсын нийслэлийн дүүрэг, хороо, аймаг төдийгүй, сум, баг, бригад бүр өөрийн гэсэн онцлогтой, тэдний хүсэж хүлээсэн амьдрал ахуйд нь тустай, улс орны хөгжилд дэм тус болохуйц санал санаачилга дэвшүүлбэл сая амжилтанд хүрнэ.

Товчоор хэлэхэд  үүнд хөгжил дэвшил, газар нутаг, ёс заншил, шашин шүтлэг, мэдлэг боловсрол, хүн амын амьжиргааны түвшин, суурьшил гээд олон зүйл хамаарна. Энэ нь нэр дэвшигч бүгдэд сонгосон тойргуудаас нь хамаарч өөр өөр байх ба хөтөлбөр гаргах үедээ санал тавивал асуудал дэвшүүлж байгаагийн хувьд миний бие уулзаж, үзэл бодлоо солилцож  зөвлөлдөхөд болохгүй нь юу билээ. Сонгогчид нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй нарийвчлан танилцах байтал намтрыг нь хагас дутуу уншаад л сэтгэл ханана, тэгэхлээр олон юманд сатаарч тархиа зовоохгүй, толгойгоо эргүүлэхгүй, бас цаг заваа бодсон ч дээр өгүүлсэн эгэлээс эгэл тун ойлгомжтой өвөг дээдсийн минь сургаал,  таван үндсэн шалгуурт тэнцэх эсэхийг нягтлан тал бүрээс нь өргөн ухагдахуунаар ургуулан бодож үзүүштэй. Амьдралаас харахад өнөөгийн гишүүдийн нийтлэг төрх, зан чанар нь  аль нэг баяр ёслол эсвэл Цагаан сар, ахмадын баяраар тав, арван төгрөгөөр чихэр, печень цаасан уутанд хийж бэлэг нэртэй тараагаад түүнийгээ сонгогчидтойгоо ойр дотно ажилласан, харж үзсэн нэр зүүж байгаа нь нөгөөх л хууран мэхлэх ажиллагааны хэлбэр, ядарсан ард түмнийхээ сэтгэл зүйгээр  тоглож байна. Харин жинхэнээсээ сонгогчдынхоо сэтгэлд хүрч тус дэм больё гэж бодож байгаа бол сонгуулийнхаа бүхий л хугацаанд анхаарал тавивал сая бодитой болох юм. Энэ бол өчүүхэн миний санаж бодож буй зүйл агаад хэн нэгэнд тулган шаардах зайлшгүй мэтээр сурталчилж байгаа зүйл хараахан биш билээ.

Тухайлбал, тойргийнхоо  иргэдээс хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж чадахгүй бол түүнийг хариуцах /зөвхөн ирээдүйд эх оронд хэрэгтэй оюуны чадавх өндөртэй гоц авьяастай хүүхдүүд/, 60 аас дээш насны тэтгэврийн өндөр настанд долоо хоногт  2 л сүү хоёр талх үнэгүй олгох /тусгай судалгаагаар/ карт эзэмшүүлэх, нэг нас хүртэлх хүүхэдтэй мөн алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одонтой эхчүүдийг жилд нэг удаа 7-10 хоног улсын амралт, сувилалд үнэ төлбөргүй амраах, ядарч зүдэрсэн өвчин эмгэгтэй хүмүүст тусламж дэмжлэг үзүүлэх, улиралд үзвэр үйлчилгээний тасалбарыг тэдний саналын дагуу иргэн бүрд олгох  зэргээр,  тэр нь биелэгдэж болох үндэслэлтэй, өөр бусад амлалтуудыг нь ч шүүн тунгааж, шударга, үнэнч улс төрчийн ноён нуруу харагдаж байх аваас анхаарч үзэхэд юу нь буруу байхав, ядарсан ард түмэнд минь тустай байж болох л доо.

Би энд авилгал хээл хахууль, эд мөнгө, бараа таваар тараахыг уриалаагүй, тэр юм өгөх гээд байгаа түшээдэд ард түмэндээ нэр дэвшихдээ биш сонгуульт хугацааныхаа туршид  сэтгэлээсээ хандахыг л хэлж байгааг зөвөөр ойлгоорой. Манайхан юмыг туйлшруулахдаа нилээд гаршсан ард түмэн, тухайлбал одоо суудалдаа шигдээд байгаа 75 гишүүдээс нэгийг нь ч дахин сонгохгүй гэдэг нь өрөөсгөл үзэл санаа, дэлхийн парламентын түүхэн туршлагаас харахад өмнөх гишүүдээс үгүй ядаж гуравны нэгээс доошгүй нь дахин сонгогддог ажээ. Бас нас, хүйс, жендер, олон дахин сонгогдсон гэж ялгаварлах нь зүйд нийцэхгүй. 

Энэ нь бодит байдал дээр тэдний туршлага, ард түмнийхээ итгэлийг дааж ирсэн, шударга үнэний шалгуурт тэнцсэн бас ёс зүйг онцгойлон анхаардаг, харин энэ бүхэнд сонгогчид хэн нь хэн бэ? зөв хүнээ л олж таних хэрэгтэй. Жендер гэснээс сонгуулийн хууль батлагдах үед багагүй маргаан дагууллаа. Ингэж ярих нь зүйн хэрэг боловч одоо сонгогдсон эмэгтэй гишүүдээс элдэв хэл ам дагуулж, хэрэг төвөгт холбогдож, бүр нэр хоч зүүж, амласан амлалт ажил хэрэгч үйлдэлээрээ сонгогч түмэндээ баярлуулах зүйл нь ховорхон байгаагаас олонхийн дэмжлэг авахад саад боллоо. Үнэндээ УИХ-ын гишүүнээр бидний ярьж заншсанаар сайн хүн, шударга хүн, төр ард түмнийхээ төлөө өөрийгөө золиослоход бэлэн тийм хүн сонгогдох магадлал тун бага, тэд ард түмнээ хуурч худал хоосон амлалт өгч чадахгүй, тэдэнд  бас хөрөнгө мөнгө хомсхон,  харин зүрх сэтгэлдээ эх орноо тээж явдаг, тэдний хэлсэн үг, хөтөлбөр нь  үнэнд тулгуурласан, элдэв эд хөрөнгө, мөнгө  амлалт байдаггүйгээс яг цагаа тулахаар ходоодоо бодсон сонгогчид, хирээс хэтэрсэн амлалт, нүд хуурсан эрээн мяраанд пологдоод үгүй ядаж сонгуулийн хугацаагаа ч бодолгүй цаг үеийн хоромхон хугацаанд, нүд ирмэх зуурт  нөгөөх л муулаад байсан хүмүүсдээ саналаа өгч орхино.  

Нөгөөтэйгүүр телевиз, радио хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бараг л бүгд эрхэм гишүүд, эрх мэдэлтэнгүүдийн хараат  учир барагтай бол шударга үнэний дуу хоолой тэр болгон сонсогдохгүй бас хэвлэн нийтлэгдэхгүй, тэгэхлээр ард түмэн минь Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэний ч зөвлөгөө зааваргүй эдлэх л хамгийн чухал аа.  Сайхан сэтгэлтэй, өрөвчхөн,  гэнэн ард түмэн минь хууртаж бас молигдуулж ханаагүй гэж үү, бас ч үгүй хашир суусан, сонгуулийн туршлагатай болсон баймаар даа. Гэсэн ч өдрийн од мэт ганц нэг хүмүүс тодрон гардаг ч тэдний үзэл бодол парламентын олонхид бут цохиулдаг.

Өнгөрөгч сонгуулиар Сонгино хайрхан дүүрэгт хэний ч танихгүй нэгэн нэр дэвшигч гарч ирсэн, түүнийг уралдааны морьтой зүйрлэвэл битүү морь, түүний өрсөлдөгч нар нь олонд танигдсан, алдар цол, албан тушаал, нэр хүндтэй нэгэн байсан ч сонгогч олон битүү моринд итгэл өгсөнөөр тэд алдсангүй цаашдаа ч уяа сойлго нь таарвал олон жил уралдаж түрүүлж айрагдах найдвартай гэж үнэлдэг. Мөн Завхан аймагт бас нэгэн эмэгтэй уралдах бэлтгэлээ  нийслэл хотдоо хийгээд  уугуул нутаг өвөг дээдсийнхээ гал голомтыг бараадсан нь бас л оновчтой болж ард түмэн түүнд ам сайтай үгийг нь сонсож, улмаар сонгогчдын хүсэн хүлээсэн, итгэл даасан нэгэн болжээ. Энэ мэт олон жишээ дурдаж болох боловч удахгүй болох сонгуульд зөв сонголт, дахин хэлэхэд “Шинэ сонголт” хийх “эрх” танд байгаа ч бас ухаалаг сонголт хийх  “үүрэг”  нийт ард түмэнд минь ноогдож, улс орны хөгжил, үр хүүхдүүдийн  минь ирээдүйн амьдралын өмнөх зам ямраар нээгдэж гэрэлтэж харагдахыг шийдвэрлэх болоод байна. МАН-ын дарга хэдхэн сарын өмнө,  2020 оны сонгуульд бүх л намууд, тэр тусмаа өөрийн намынхнаас нэр дэвшигчдэд хандаж, улс эх орноо хулгайлагчид, элдэв аргаар хөрөнгө мөнгө завшигчдад ичэх хэрэгтэй, тэдэнд сонгогдох эрх байхгүй, ард түмэн ч тийм хүнийг сонгохгүй байхыг уриалсан нь яалт ч үгүй голыг нь олоод хэлсэн ажээ. 

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Жон Хыи хэлэхдээ Хойч үе маань одоогийн бидний үеийнхнээс улс үндэстнийхээ төлөө юу хийв ээ гэж асуух юм бол “Эх орноо орчин үеийн улс болгохоор эцэж цуцахаа мэдэхгүй хөдөлмөрлөсөн” гэж бахархал дүүрэн хэлье гэжээ. Тэгвэл бидэнд ч гэсэн ирээдүй хойч үедээ ам бардам ийм гайхамшигтай үгийг хэлж чадах тийм л төрийн түшээд төр нийгмийн зүтгэлтэн, төрийн удирдлага хэрэгтэй байна. Нэн түрүүнд төрийн түшээд, эрх мэдэлтэнгүүдэд эрхэмлэн мөрдөж явах нэгэн сургамжтай зүйл бол ард иргэд нь ямар үед жаргалтай сайхан хангалуун аж төрж амьдрах вэ? гэвэл чадварлаг цомхон эв нэгдэлтэй төр, татварын бага дарамт, үг хэлэх эрх чөлөөгөөр хангагдсан, амар тайван амьдрал, засаглалын хүчэрхийллээс айж чичрэх, айдас хүйдэсгүй байх явдал юмаа. Үүнд л эрх мэдэлтэн та өөрөөс шалтгаалах, чадах бүхнээ зориулж, амалсан амлалт, хөтөлбөрөө биелүүлэх л хэрэгтэй. Эрхэм гишүүд, дээрх сургамжтай зүйлийг ямагт санаж явхын дээр аливаа юм бүхэнд монгол хүний голч гүндүүгүй сийрэг ухаанаар  “Шударга ёс”- ыг баримтлах нь  юу юунаас илүүтэй юутай ч зүйрлэшгүй хамгийн нандин зүйл гэдгийг бас дахин сануулья. Энд нэг зүйлийг тодруулахад нам эвсэл холбоодоос шударга үнэний төлөө гэсэн элдэв нэр хаяг зүүсэн сүржин уриа лоозонтой жагсаал цуглаан хийдэг ч тэр нь эрч далайц муутай хэн нэгэн хүн эсвэл хэсэг бүлэг хүний эрх ашигт нийцсэн, эрх баригчидтай хийх тооцоог хэд хэдэн хувилбараар төгс боловсруулахын оронд гэнэн материализмын онол, “Утопи” социализмын мөрөөдлөөр ард иргэдийн сэтгэлийг үймрүүлж, хүмүүсийн зүрхийг хөөрөгдөж цаг барахаас өөр үр дүнгүй, жинхэнэ эх оронч иргэдийн тэмцлийн ач холбогдлыг сулруулж байна.

Монгол улсын эв нэгдэл, бүрэн бүтэн байдал, эрх чөлөө, тусгаар тогтнол, нэр төрийг амь бие үл хайрлан хамгаалж, хов жив, хоосон нэр алдар хөөцөлдөх, шунал тачаал, атаа жөтөө, хээл хахуул, авилгалаас ангид байж цэх шулуун шударга явдалтай, төр түмний хэргийг урьтал болгож байх аваас зорьсон зорилго, үйлс тань бүтнэ. Нийтлэлд өгүүлснээр Эрхэм гишүүн та, УИХ-д нэр дэвшихээр горилогчид та ч гэсэн өөрийгөө дээрх шалгуурт нэг тавиад үздээ, шүүлтүүрт тунаж үлдэх эсэхийг тунгаана биздээ. Сонгогч таны хувьд  ч саналаа өгөхөөсөө өмнө нэр дэвшигчдийнхээ талаар эргэцүүлэн бодож, гэгээлгээр хандаж, оюун санаагаа уралдуулж, зөв шийдвэр гаргавал “Далайд дусал нэмэр” гэхчээр энэ нь эх орныхоо төлөө таны оруулж буй үнэ цэнэтэй хувь нэмэр болно. Гүн ухаантан Г.Гегель хэлэхдээ “Гэгээрч боловсорсон ард түмний жинхэнэ эр зориг эх орныхоо тусын тулд амиа өргөхөд бэлэн байхад оршдог” гэж хэлсэн нь бас хэн бүхний бодууштай зүйл ажээ. Ер нь өвөг дээдсийн минь сургаалаар “Төрд төмрийн хуурай шиг, түмэн олонд элсэн шуурга шиг” хүнийг л УИХ-д сонгох, төрийн эрх мэдэл бүхий албан тушаалд очуулахгүй байх нь сонгогч таны эрхэнд бэлхэнээ байна. Нийтлэлдээ Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн нэр төр, хувийн бэлтгэл хий Би энд авилгал хээл хахууль, эд мөнгө, бараа таваар тараахыг уриалаагүй, тэр юм өгөх гээд байгаа түшээдэд ард түмэндээ нэр дэвшихдээ биш сонгуульт хугацааныхаа туршид сэтгэлээсээ хандахыг л хэлж байгааг зөвөөр ойлгоорой. Манайхан юмыг туйлшруулахдаа нилээд гаршсан ард түмэн, тухайлбал одоо суудалдаа шигдээд байгаа 75 гишүүдээс нэгийг нь ч дахин сонгохгүй гэдэг нь өрөөсгөл үзэл санаа, дэлхийн парламентын түүхэн туршлагаас харахад өмнөх гишүүдээс үгүй ядаж гуравны нэгээс доошгүй нь дахин сонгогддог ажээ

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.