| | USD/MNT 0₮

Бригадын генерал Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томиллоо

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Тодруулбал, ОБЕГ-ын дарга Бригадын генерал Түвшингийн Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томиллоо. Чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 97.5 хувийн саналаар  ийнхүү Т.Бадралыг Элчин сайдаар томилохыг дэмжлээ.

Т.Бадрал даргын хувьд Ерөнхийлөгчийн томилолтын багт багтаж, урд хөршид албаны айлчлал хийхэд явж байсан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлов.

Тэрбээр “Дараагийн Элчин сайд нарыг томилох тухайд олон улсын нөхцөл байдал амаргүй байна. Халдвараас шалтгаалж хөл хорио, нислэг, итгэмжлэх жуух бичгээ барихаас эхлээд түвэгтэй асуудлууд гарч байгаа.

Тийм учраас ҮАБЗ дээр ярьж байгаад эхний ээлжид зайлшгүй томилох шаардлагатай БНХАУ, БНСУ-д томилох Элчин сайд нарыг оруулж ирсэн. Энэ хоёр хүн хоёулаа нам бус төрийн жинхэнэ албан хаагчид. Т.Бадрал генерал цар тахлын үед БНХАУ-д айлчилсан Ерөнхийлөгчийн айлчлалд хамт явсан. Тиймээс хоёр хөршдөө генерал хүмүүсийг томилж байгаа нь санамсаргүй томилгоо биш” гэв.

Элчин сайдаар томилогдож байгаа Т.Бадрал нь 2004-2005 онд Гамшгаас хамгаалах ерөнхий газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2005-2006 онд Онцгой байдлын ерөнхий газрын Стратегийн төлөвлөлт, гадаад харилцааны газрын дарга, 2008 онд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2009-2015 онд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, 2015 оноос Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Улсын Онцгой комиссын орлогч даргаар ажиллаж байгаа юм.

Харин БНСУ-д суух Элчин сайдаар томилогдож байгаа Н.Энхтуяагийн хувьд  БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль, ХУИС-ийг төгссөн. Солонгос орон, хэл судлаач мэргэжилтэй, орон судлалын магистр зэрэгтэй.

Шадар дипломат цолтой. Солонгос, англи, орос хэлний мэдлэгтэй.1993-1996 онд ҮХЯ-нд мэргэжилтэн, 1996-1998 онд ГХЯ-нд мэргэжилтэн, 1998-2004 онд Сөүл дэх Элчин сайдын яаманд атташе, ГХЯ-ны Азийн газарт 2004-2007 онд гурав, хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2010-2012 онд нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сөүл дэх Элчин сайдын яаманд 2007-2010, 2012-2015 онд тус тус хоёр, нэгдүгээр нарийн бичгийн даргаар болон зөвлөхөөр ажиллаж, 2018 оны наймдугаар сараас эхлэн БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөх, Хэргийг хамаарагчаар өдгөө хүртэл ажиллаж байгаа аж.

Төрийн албанд 26 жил ажилласнаас 23 жилийг дипломат албанд өнгөрүүлсэн бөгөөд туршлагатай албан хаагч юм.

ОБЕГ-ын дарга Бригадын генерал Түвшингийн Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томиллоо
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.