ХЭҮК-ын дарга, гишүүдийг УИХ-ын хаврын чуулганаар амжиж батлах уу
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн сонгон шалгаруулалтыг яг одоо зарлачихаад байгаа билээ. Сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 15-ныг хүртэл УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хүлээн авч, нээлттэй сонсгол явуулж, 5 хүнийг сонгож, УИХ-д санал болгоно. Түүнээс гадна Комиссын дэргэдэх Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг мөн томилох ёстой.
2020 оны 01 дүгээр сарын 23-нд шинэчлэн баталсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд зааснаар Комиссын гишүүдийг дараах байдлаар нэр дэвшүүлж, томилохоор зохицуулжээ. Үүнд:
12 дугаар зүйл.Комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, томилох
12.1.Комисс таван гишүүнтэй байна.
12.2.Комиссын гишүүнд нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан 35 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна:
12.2.1.хууль зүйн өндөр мэргэшилтэй;
12.2.2.хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай.
12.3.Гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас 60-аас доошгүй хоногийн өмнө Хууль зүйн байнгын хорооноос Комиссын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.
12.4.Энэ хуулийн 12.2-т заасан шаардлагыг хангасан иргэн сонгон шалгаруулалтыг нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор нэр дэвших тухай хүсэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ.
12.5.Хууль зүйн байнгын хороо ажлын хэсэг байгуулж, 15 хоногийн дотор сонгон шалгаруулалт явуулна. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан иргэдээс сул орон тоо гарсан гишүүний тоогоор нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлнэ.
12.6.Хууль зүйн байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж, Комиссын гишүүнээр томилох саналаа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, томилох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
12.7.Комиссын гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжээгүй бол 14 хоногийн дотор энэ хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулж, хамгийн өндөр оноо авсан иргэдээс дарааллын зарчмаар өөр иргэний нэрийг дэвшүүлнэ.
12.8.Нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжээгүй бол тухайн иргэнийг дахин нэр дэвшүүлэхгүй.
12.9.Комиссын гишүүнийг томилохдоо жендэрийн тэгш байдлыг харгалзан үзэх бөгөөд энэ хуулийн 12.1-д заасан гишүүний 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байна.
12.10.Комиссын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоос өмнө хуульд заасан үндэслэлээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, огцорсон, нас барсан тохиолдолд Улсын Их Хурал 60 хоногийн дотор энэ хуульд заасны дагуу нөхөн томилно.
12.11.Комиссын гишүүн томилогдохоосоо өмнө өөр ажил, албан тушаал эрхэлж байсан бол тангараг өргөсөн өдрөөсөө эхлэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө.
12.12.Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах журмыг Хууль зүйн байнгын хороо батална.
13 дугаар зүйл.Комиссын дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа
13.1.Комиссын гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна.
13.2.Комиссын гишүүний бүрэн эрх Улсын Их Хурлаас томилсноор эхэлж, дараагийн Комиссын гишүүнийг томилсноор дуусгавар болно.
13.3.Комиссын гишүүнийг нэг удаа улируулан томилж болно.
13.4.Комиссын даргыг гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор зургаан жилийн хугацаагаар Улсын Их Хурал нэг удаа томилно.
13.5.Комиссын даргын түр эзгүйд Комиссын бүрэлдэхүүнд хамгийн удаан жил ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн зэрэг хангаж байгаа бол тэдгээрийн хамгийн ахмад гишүүн даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ.
ХЭҮК-ын дарга, гишүүдийг УИХ-ын хаврын чуулганаар амжиж батлах уу