| | USD/MNT 0₮

М.Амарбаяр:Хувьцааны дансаа НӨАТ-ын урамшуулал авдаг данстайгаа холбож, ногдол ашгаа авч болно

“Эрдэнэс тавантолгой” ХК-иас 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сарын 01-нээс эхэлж тараахаар болсонтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр “ЭТТ ХК-иасаа ээлжит мэдээллээ хийж байна.

Тус компани өнгөрсөн долоо хоногт 22 мянган тонн нүүрс олборлож, 470 тэвшээр 32,9 мянган тонн нүүрс ачиж, 428 тэвшээр 48,6 мянган тонн нүүрс эскпортонд гаргалаа. Он гарснаас хойш 2 сая 560 мянган тонн нүүрс олборлож, 962,4 мянган тонн нүүрс экспортлоод байна.

Тавдугаар сарын 01-нд БНХАУ-д баяр болж хилийн таталт тааруу байснаас үүдэж гурван өдөр экспорт хийгдээгүй тэг зогсолт хийсэн. Гэсэн хэдий ч өнгөрсөн долоо хоногийн экспорт өмнөх долоо хоногтой ижил байгааг харвал нүүрс экспорт өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

ЭТТ компани энэ жил иргэддээ анх удаа ногдол ашиг тараахаар болсон. Энэ сарын 01-ний өдрөөс эхэлж ногдол ашгийг хувиарлах ёстой. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан, одоо юу хүлээгдэж байна гэдгийг тайлбарлаж өгөх нь зүйтэй болов уу. ЭТТ хувьцаат компани 2 сая 512 мянган хувьцаа эзэмшигчтэй. Эдгээр хувьцаа эзэмшигчдээс дансаа нээлгэсэн 1.6 сая иргэн байна. Энэ 1.6 сая иргэнээс 425 мянган иргэн хувьцааны дансаа нээлгэхдээ банкны дансаа мэдүүлж, дансаа шалгаж баталгаажуулсан байна.

Тэгэхээр дээрх 425 мянган иргэнд ногдол ашиг олгоход ямар ч асуудал алга. Харинүлдсэн хувьцаа эзэмшигч хүмүүсийнхээ ногдол ашгийг өгөхийн тулд хэд хэдэн ажлыг хийж байна.

Тодруулбал, хувьцааны дансаа нээлгэсэн иргэдээс бусад иргэд тухайн дансаа нээлгэсэн брокерийн компанитайгаа холбогдож банкны дансаа нэмж мэдүүлэх, банкны дансаа шалгах ажлыг хийнэ.

Ийм ажлыг хийхэд нэмэлт мөнгө шаардагдахгүй. Хувьцааны дансаа нээлгэсэн ч бай нээлгээгүй бай НӨАТ-ын урамшуулал авдаг данстай бол дээрийн шаардаж байгаа зүйл шаардлага байхгүй. Яагаад гэвэл ибаримтын аппликейшныг ашиглаж буцаан олголт авдаг иргэдэд энэ дансаар нь хувьцааны ногдол ашгийг олгохоор холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна” гэлээ.

Ингээд түүнээс зарим сонирхсон асуултад хариулт авлаа.

-Хувьцааны дансаа нээлгээгүй, ибаримт ашигладаггүй иргэд яаж хувьцааны ногдол ашиг хүртэх вэ?  

-Энэ бол хүндрэлтэй асуудал. Ийм иргэдэд ногдол ашиг өгөхөд хэцүү байна. Тэгэхээр ийм хүмүүс байгаа бол яаралтай хувьцааны дансаа нээж, банкны данстайгаа холбоорой. Заавал хувьцааны дансаа нээж байж ногдол ашиг хүртэнэ.

Хувьцааны дансаа нээлгэж амжаагүй үлдсэн иргэдийн дийлэнх нь хүүхдүүд байгаа. 500 гаруй мянган хүүхэд бий. Эдгээр хүүхдүүд хүүхдийн мөнгө авдаг бол тэр дансыг нь ашиглаад хувьцааны ногдол ашгийг өгнө. Тэгэхээр ямар нэгэн данс нээлгэх шаардлага байхгүй. Хүүхдийн мөнгө авдаг дансаар нь олгоно.

-Хувьцааны данс нээхэд иргэдээс хэдэн төгрөгийн шимтгэл авдаг вэ?

-Брокер диллерийн компаниуд 5000 төгрөгийн хураамж авч байсан. Энэ мөнгөнөөс нэг ч төгрөг ЭТТ компанид ирдэггүй. Зарим иргэд буруу ташаа мэдээлэл тараадаг.

-Энэ 5000 төгрөг юунд зарцуулагддаг юм бэ?

-Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв болон тухайн брокерийн компанийн үйл ажиллагааны зардалд зарцуулагддаг. Гэхдээ харилцан адилгүй мөнгөөр данс нээж байгаа. Жишээлбэл, зарим нь 5000 байхад зарим  нь 7500 төгрөгөөр данс нээж байна. Хэдийгээр брокерийн компаниудын үйл ажиллагаанаас хамаараад данс нээх зардал харилцан адилгүй байгаа ч хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг далимдуулан хэт их ашгийн хойноос улайрахгүй байхыг зарим компаниудад ЭТТ хувьцаат компани анхааруулж байна. Онлайнаар данс нээж байгаатай холбогдуулан зарим компаниуд 20 мянган төгрөгийн хураамж авч байна гэсэн гомдол ирсэн. Тиймээс аль болох бага шимтгэлтэйгээр иргэдийн дансыг нээгээчээ гэсэн шаардлагыг брокерийн компаниудад тавьж ирсэн.

-Хувьцаагаа зарж болох уу?

-Зарж болохгүй. Дотоодын хөрөнгийн бриж дээр гарах хүртэл иргэдийн 1072 хувьцааг зарах арилжаалах боломж байхгүй юм шүү. Хуурамч мэдээлэл их байгаа тул цагдаагийн байгууллага шалгаж байна.

-Хувьцаа эзэмшигч нас барсан тул ар гэрийнхэнд нь олгож болох уу?

-Нас барсан иргэдийн хувьцаанд ногдол ашиг хувиарлахгүй. УБЕГ-аас авсан мэдээллээр бол 70 мянга орчим хувьцаа эзэмшигч нас барсан байна.

-Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдэд ногдол ашиг өгөх үү?

-Хэрвээ тухайн иргэн 1072 хувьцаатай, дансаа нээлгээд банкны данстайгаа холбосон байгаа бол асуудалгүй олгоно. Эсвэл НӨАТ-ын буцаан олголт авдаг дансаараа ногдол ашгаа болно. Хэрвээ Монголд дансгүй бол авах боломжгүй гэдгийг хэлье.

Эцэст нь хэлэхэд иргэд үнэн зөв мэдээллийг албан ёсны байгууллагаас нь авч баймаар байна. Ямар нэгэн төрийн бус байгууллагын хийж байгаа мэдээлэл албаных болж чадахгүй шүү. Тухайн иргэн ТББ-ын мэдээллийг албаных юм шиг андуурч эндүүрч, ажилд хүндрэл учруулах тохиолдол гарч байна. Тиймээс манай компанийн албаны www.ett.mn вэб сайт, 1072 хувьцааны пэйж хуудас, мөн 18001027 утсаар мэдээлэл аваарай.

Шууд үзэх: 

 

 

ЭТТ компани энэ жил иргэддээ анх удаа ногдол ашиг тараахаар болсон. Энэ сарын 01-ний өдрөөс эхэлж ногдол ашгийг хувиарлах ёстой. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан, одоо юу хүлээгдэж байна гэдгийг тайлбарлаж өгөх нь зүйтэй болов уу. ЭТТ хувьцаат компани 2 сая 512 мянган хувьцаа эзэмшигчтэй. Эдгээр хувьцаа эзэмшигчдээс дансаа нээлгэсэн 1.6 сая иргэн байна. Энэ 1.6 сая иргэнээс 425 мянган иргэн хувьцааны дансаа нээлгэхдээ банкны дансаа мэдүүлж, дансаа шалгаж баталгаажуулсан байна.
Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.