| | USD/MNT 0₮
Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэв тэргүүтэй хүмүүсийг мөнгө угаасан, эд хөрөнгө завшсан гэх үндэслэлээр 2016 оны есдүгээр сараас эхлэн шалгаж, цагдан хорьсон байсан билээ.
Түүнийг дээрх албан тушаалыг хашиж байхдаа “ДЦС-3” ТӨХК-ийн хүчин чадлыг 50 мегаваттаар өргөтгөх төсөлд “Чингис” бондын хөрөнгөөс 35 сая ам.долларын санхүүжилтээс завшсан гэх үндэслэлээр шалгаж байсан юм.
Д.Доржпүрэв эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн БНХАУ-ын “Hunan industrial equipment installation” гэх компанид хоёр дахь шатны санхүүжилт болох долоон сая ам.долларыг шилжүүлээд, өөрийнхөө байгуулсан “Фин сервис” банк бус санхүүгийн байгууллагын дансаар буцаан авсан гэх үйлдэлд түүнийг буруутгасан. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхны явуулсан шалгалтын явцад манай улсад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хэй лун жан хуа нян минерал” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ван Либао, түүнтэй хамтран бизнес эрхэлдэг “Шижиа инвестмент” компанийн захирал Жин Шиху нарын дансаар дамжуулан дээрх банк бус санхүүгийн байгууллагынхаа “Голомт” банк дахь дансаар нийт нэг сая ам.доллар авч, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон юм билээ.
Уг мөнгө нь 2013 оны найм болон арваннэгдүгээр сард ББСБ-ын дансанд орсон нь, уг мөнгөө Сүхбаатар дүүргийн XIX дүгээр хороонд барьсан хаус хотхонд зарцуулсан нь ч батлагдсан гэдэг.
Уг хэргийг АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг 2016 оны есдүгээр сард тухайн үед мөрдөж байсан Эрүүгийн хуулийн 148.4, 166.1.2-т заасан бүлэглэн онц их хэмжээний эд хөрөнгө завшсан, мөнгө угаасан гэх үндэслэлээр шалгаж байв.
Гэвч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч уг хэргийг хэрэгсэхгүй болгох санал прокурорт гаргажээ. Ингэхдээ “БНХАУ-ын “Hunan industrial equipment installation” ХХК-ийн дансны хуулгыг Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээний дагуу өмнөд хөршийн талаас авахаар хүсэлт тавьсан ч ирүүлээгүй гэсэн үндэслэлээр хаах санал хүргүүлсэн гэнэ.
Түүнийг нь ч прокурор хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Уг нь шалгалтын явцад “Чингис” бондын 35 сая ам.долларын хөрөнгөөс “Hunan industrial equipment installation” ХХК-ийн дансанд 3.5 сая нь ороогүй нь ч батлагдсан байдаг. Энэ хэрэгт холбогдуулан хөдлөх болон үл хөдлөх хэд хэдэн хөрөнгө, барилгын материалыг нь тухайн үед битүүмжилж байсан билээ.
Д.Доржпүрэв 2016 оны УИХ-ын сонгуульд Төв аймагт нэр дэвшиж өрсөлдсөн нэгэн. Гэвч сонгогдож чадаагүй. Харин иргэн нэрээр сайн үйлсийн хандив зохион байнуулж, цар тахалтай энэ үед ЭМЯ-нд мөнгөн хандив өргөж сайн иргэний дүрийг бүтээсэн тэрбээр сонгуульд өрсөлдөх нүхээ сэмхэн малтаж яваа бололтой.
Гэхдээ тэрбээр энэ жилийн сонгуульд намаас биш, бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байв. Хаанаас гэдэг нь одоогоор тодорхойгүй ч нэр дэвших эсэхийг нь түүнээс тодруулахад тодорхой хариу хэлээгүй юм. Ийнхүү нэгэн цагт эрүүгийн хэргийн яллагдагч болж явсан дэд сайд асан Д.Доржпүрэв энэ жил их хуралд хүч үзэн өрсөлдөхөөр болов.