| | USD/MNT 0₮
"Страто" компани Засгийн газрын эсрэг зарга гаргаж шүүхэд ялагджээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сошиал хаягаараа дамжуулж мэдэгдлээ.
Тэрбээр "Засгийн газрын баталсан АМНАТ-ын журамтай холбогдуулан зарга үүсгэсэн Стратогийн захиргааны хэргийн давах шатны шүүх хурал сая дууслаа. Шүүхийн шийдвэр Засгийн газрын талд бүрэн гарлаа. Үндсэн хуулиараа бол Ашигт малтмал бол ард түмний мэдэлд байдаг болохоос компаний мэдэлд байдаггүй ээ. Шударга шүүгчдэд баярлалаа" хэмээжээ.
Дашрамд дурдахад, "Страто" компани З.Энхболдтой холбогддог. Таван жилийн өмнө байгуулагдсан “Страто” компани 5990769 регистрийн дугаар бүхий “Страто” ХХК-ийг Ачитсайханы Баттүшигийн 100 хувийн эзэмшилд 2015 оны наймдугаар сарын 7-нд байгуулагджээ.
“Страто” ХХК-ийн хувь эзэмшилд 2018 оны зургадугаар сарын 18-нд өөрчлөлт орж Ачитсайханы Баттүшиг 47 хувь, Эрдэнэцэцэгийн Сэржмядаг 53 хувийг эзэмшдэг болжээ.
Улмаар 2018 оны есдүгээр сарын 13-нд дахин өөрчлөлт оруулж Ачитсайханы Баттүшиг 37 хувь, Гончигийн Эрдэнэбилэг 10 хувь, Эрдэнэцэцэгийн Сэржмядаг гурван хувь, БНХАУ-ын “Шаньдун Шенхан Жиеэ” Эдийн засгийн худалдааны ХХК 50 хувийг нь эзэмших болсон байна. Энэ компани 2016 оны хоёрдугаар сарын 20-ноос 2018 оны есдүгээр сарын 17-ныг хүртэл Төв аймгийн Баян сумын нутагт ХБ020840 дугаартай хайгуулын лицензийг эзэмшиж байсан.
“Страто” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигч А.Баттүшиг нь З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой 2017 оны дөрөвдүгээр сарын 20-нд “Браунрок” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Хамтран эзэмшдэг. З.Хишигтогтох, А.Баттүшиг нарын үүсгэн байгуулсан болон хамтран эзэмшдэг компаниуд нь Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, “New Center Plaza”-гийн хоёрдугаар давхарт бүртгэлтэй байдаг.
Хамгийн гол нь “Страто” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр рүү нүүрс тээвэрлэх зорилгоор өөрийн туслан гүйцэтгэгч “Илч майн” ХХК-иар Цогтцэций сум дайруулан сайжруулсан шороон зам тавьсан. Ингэхдээ хүртэл хууль бусаар түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж зам засварын ажлаа хийж гүйцэтгэсэн байгаа юм.
Мөн “Страто” ХХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д “Нүүрсийг нь угааж өгнө” гээд тодорхой бус ТЭЗҮ-тэй, нүүрсний борлуулалт хийж орлого олох ТЭЗҮ батлуулаагүй байна. Гэтэл хуурамч ТЭЗҮ боловсруулж зөвшөөрөл авсан гэх мэт хууль бус үйлдлүүд нь олон байдаг юм.