| | USD/MNT 0₮
Энэ оны нэгдүгээр улиралд бүртгэгдсэн авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирол 100.3 тэрбум төгрөгт хүрсэн гэдгийг АТГ-аас мэдээлэв.
Харин уг гэмт хэргийг мөрдөн байцаалтын шатанд 5.2 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, 523.4 сая төгрөгийн хөрөнгө битүүмжлэн хамгаалсан хэмээн тус байгууллагаас гаргасан тайланд дурджээ.
Тайланд дурдсанаар, Капитал банкны хэрэгт холбогдуулан Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын чөлөөт үлдэгдэл болох 244.0 тэрбум төгрөгийг эхний ээлжид нөхөн төлүүлэх чиглэлээр банкны эрх баригч болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж.
Уг банкны болон эзэмшигч нарын нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө хувьцаануудыг битүүмжилж мэргэжлийн байгууллагаар хөрөнгийн үнэлгээ хийлгүүлсэн гэжээ.
Тэгэхээр Капитал банкийг дампууруулж, төрийн сан болон харилцагчдынхаа их хэмжээний мөнгийг “залгисан” УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хөрөнгийг битүүмжилсэн гэсэн үг юм.
Б.Ундармаа нь тус банкны 99.97 хувийг эзэмшдэг болох нь тогтоогдсон. Түүнчлэн 128 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компаниудтай бөгөөд ЖДҮХС-аас ч зээл авч байсан нэгэн юм.
Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал, жилийн орлого 24 сая 491 мянган төгрөг. Харин гэр бүлийн орлого нь 33 сая 631 мянган төгрөг. Нэг тэрбум 365 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний зориулалттай байртай. Мөн 150 сая төгрөгний үнэтэй Mercedes Benz, S500 маркийн машинтай. 150 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 7 сая төгрөгтэй байна.
УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүх хөрөнгийг битүүмжилж, төрд учирсан хохирлыг төлүүлэхээр болжээ.