| | USD/MNT 0₮

Г.ДҮВЧИНБАЯР:ХАЛДВАР АВСАН ТУРК ХҮҮХЭД ЭДГЭЧИХЭЭД “ЭМЧЭЭ БАЯРЛАЛАА” ГЭЖ ХЭЛЭХЭД НЬ ӨӨРӨӨ ЭДГЭСЭН ЮМ ШИГ БАЯРЛАСАН

 

Коронавирусийн халдвар авсан Туркийн гурван иргэн эдгэрсэн талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү эмч албан ёсоор мэдээлсэн.

Тухайн иргэдийн нэгийг нь ХӨСҮТ-ийн Агаар дуслын тасгийн залуухан эмч бүсгүй Г.Дүвчинбаяр гардан эмчилж эдгээжээ. Манай эмч нар мундаг, тэр дундаа залуу эмч бүсгүй энэхүү аюулт өвчний голомтод тусгаарлагдаж, цар тахалтай нүүр тулан, халдвар авч өвчилсөн хүүхдийг бүрэн эмчилж, гэрийн ажиглалтад шилжүүлнэ гэдэг үнэхээр гайхамшигтай, бас чадвартай эмч гэдгийг илтгэж харуулж байх шиг. Монгол түмэн ХӨСҮТ-ийн эмч нар тэр дундаа залуу эмч Г.Дүвчинбаярын гавьяа үйлсээр ихэд бахархаж сайн сайхныг ерөөж байна.

Залуу эмч Г.Дүвчинбаярын хувьд ХӨСҮТ-д өвчтөнүүдтэйгээ хамт тусгаарлагдсан байгаа бөгөөд гэртээ хариагүй нэг сар дөрөв хонож байна гэдгээ ярьсан юм. Ингээд тусгаарлалтад байгаа түүнтэй утсаар холбогдож ярилцлаа.

-Сайн байна уу. ХӨСҮТ-ийн хамгийн залуу эмч Турк иргэнийг эдгээж, эмнэлгээс гаргалаа. Эмч нарын хувьд чадварлаг байна гэж олон нийт сайшааж байна. Таны хувьд Туркийн иргэнийг яг хэд хоног эмчилсэн бэ?

-Бид оношлогдсон тохиолдлуудынхаа есийг нь эдгээгээд, эмнэлгээс гаргасан. Эдгэрээд гарч буй Турк улсын иргэн гуравдугаар сарын 21-ээс хойш 33 хоног Covid-19-ийн эмчилгээнд орж бүрэн эдгэрсэн.

-Туркийн гурван иргэн эдгэсэн гэсэн. Эмнэлгээс бүр гарсан уу?

-Миний хувьд Туркийн гурван иргэнийг эмчилсэн. Эхнийх нь хүүхэд эдгэрч, гэрийн ажиглалтад шилжсэн байгаа. Нөгөө хоёр нь эмчийн хяналтанд арай гараагүй байна. Эдгэрээд гарсан хүүхдийн ажиглалтын 14 хоногийн хугацаа дуусаад гэрийн ажиглалтад гарсан. Монгол ч бай, гадаад ч бай хүн л бол хүн. Халдвар авсан хүмүүсийг аюулт өвчнөөс салгахаар манай хамт олон хүчин зүтгэж байна.

-Залуу эмчийн хувьд ур чадвартай байна. Уг халдварыг эмчлэхэд яг ямар арга тактик, эмчилгээ хийж байна вэ?

-Коронавирусийг эмчлэх үндсэн эмчилгээ гэж байхгүй. Бүх улс орон шинж тэмдгийн эмчилгээ хийж хүмүүсийг эдгээж байна. Хамгийн гол нь хоол унд, дэглэм, дархлаагаа сайн дэмжих. Хүний дархлаа сул байх юм бол ямар ч нян бактер андахгүй. Вирусийн онцлог нь нянгаас юугаар ялгаатай вэ гэхээр хүний бие организмд орчихвол идэвхжиж үрждэг. Тиймээс аль болох дархлаагаа дэмжих ёстой. Гэхдээ дархлаагаа дэмжиж байна гээд янз бүрийн амин дэм хэрэглэхээс илүүтэй, шөнийн нойроо сайн авах, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх нь чухал юм.  

-Халдвартай иргэдийн хувьд ямар хоол хүнс хэрэглэдэг вэ?

-Халдварт өвчний үеийн хоол гэж тусгай хоол бий. Халдвар өөр өөрөөс шалтгаалаад хоолны тусгай цэс манай эмнэлэг гаргадаг.

-Одоо та ямар өвчтөнийг гардан эмчилж байна вэ?

-Батлагдсан тохиолдлуудаа эмчилж байна. Тухайлбал, Москвагаас ирсэн оюутнууд байгаа. Тэднээс шинжилгээ авахад эхний удаа сөрөг гарсан ч хоёр, гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн.

-Та хариуцаж гардан эмчилсэн хүний шинжилгээний хариу сөрөг гарахад баярласан байх?

-Гардаж эмчилсэн өвчтөнүүдийн маань нэг нь эдгэрээд, тусгаарлалтын байр руу шилжсэнд үнэхээр баяртай байлгүй яах вэ. Бид бүгдийг нь эмчлэх үүрэгтэй. Дараагийн хүмүүс маань ч хурдан эдгэрээд, эмнэлгээс гарна гэдэгт итгэж найдаж байгаа.

-Таны хувьд ХӨСҮТ-ийн ахмад эмч нарынхаа заавар зөвлөгөө удирдлагаар ажиллаж байна гэсэн. Тэднээсээ суралцах зүйлс их байх?

-Шууд удирдлага зөвлөгөөн дор нь ажиллаж байна. Хамт ажиллаж байгаа эмч нараасаа их зөвлөгөө авдаг. Эрүүл мэндийн яамны зөвлөх баг долоо хоног болгонд бидэнд зөвлөгөө өгдөг. Зааварлагч эмч нарынхаа тусаар л хүнээ эмчилж, эдгээж байна. Манай ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр эмч бол олон халдварт өвчний голомт, хөл хорионы үед ажиллаж байсан туршлагатай.

-ХӨСҮТ-ийн эмч нар ачаалалтай ажиллаж байгаа. Халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж чадаж байна уу?

-Тийм ачаалал ихтэй байна. Хамгийн гол нь халдварын тохиолдол нэмэгдээд байгаа болохоор хэцүү. Бид халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримталж байгаа. Бид нар өөрсдөө шинжилгээ өгдөг. Одоогийн байдлаар дотооддоо нэг ч халдвар авсан эмч, сувилагч байхгүй.

-Таны хувьд гэртээ хариагүй хэд хонож байна вэ?

-Нэг сар, дөрөв хонож байна. Ар гэрийнхэн санаа зовж байгаа. Гэхдээ албан үүргээ хариуцлагатай сайн биелүүлээд харина даа.

-Ачаалал ихтэй ажиллаж байгаа эмч, сувилагч нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан?

-Хангамж болоод цалин хөлсийн нэмэгдэл дээр асуудалгүй. Илүү цагийн мөнгөө цаг цагтаа аваад явж байна.

-Эмчлүүлж байгаа иргэдийн хувьд эмч, сувилагч нартайгаа харилцах харилцаа хандлага хэр байна вэ. Ойлголцохгүй эмчийнхээ үгнээс зөрөх, өөдөөс нь сөргөлдөх ч юмуу тийм зүйл ажиглагдаж байна уу?

-Өвчтэй хүмүүсийн амь нас, эрүүл мэнд бид нарын гарт байгаа болохоор харилцаа хандлага гайгүй сайн шүү. Эмч нарынхаа хэлсэн заавар зөвлөгөөг маш сайн дагаж биелүүлж байна. Хэлсэн бүхнийг биелүүлдэг, хүлээцтэй тайван байгаа шүү. Гэхдээ халдвар авсан хүмүүс сэтгэл гутралд орох, сэтгэлзүйн хувьд тавгүйтнэ. Тиймээс сэтгэлзүйн эмчилгээг ч давхар хийж байна.

-Ямар тохиолдолд хөнгөн хэлбэрээр халдварт өртөж, ямар тохиолдолд хүндээр өвчлөөд байна вэ?

-Вирусийн ачааллаас болно. Вирус хүний хамар ам, залгиурт орлоо гэхэд маш бага хэмжээтэй байх юм бол үүнийг хөнгөн хэлбэр гэж үзнэ. Хэрвээ их идэвхжилтэй байх юм бол уушги шууд гэмтээнэ. Уушги бага гэмтвэл эдгэрэх магадлал өндөр.

-Манайд оношлогдож батлагдсан тохиолдлуудын хувьд ямар байна вэ?

-Янз янз байна. Халдвар аваад хэд хоносноосоо шалтгаалж байна. Хэрвээ халдвар аваад удаагүй эмнэлэгт оношлогдох бол эмчилгээ хийлгээд зовиур бага байна. Зарим нэг нь хүнд хатгаатай. Уушгины талбайг хамарсан битүү хатгаатай биеийн байдал хүнд ч хүн байна.

-ОХУ-д хөнгөн балархай хэлбэр буюу шинж тэмдэггүйгээр өвчилсөн тохиолдол их бүртгэгдлээ гэж мэдээлээд байгаа. Ер нь ковид 19 халдварын шинж тэмдэг яаж илрэх вэ?

-Томуугийн халдваруудтай яг адилхан. Ханиалгана, найтаалгана. Хоолой ам хатаж, өвдөж болно. Цэртэй биш хуурай ханилгана, өндөр тунгаар биш ч халуурч бие арзайх шинж тэмдэг илэрнэ. Мөн дотор муухайрна, хоолонд дургүй болох, үе мөч янгинах гэх мэт шинж тэмдэг ч илэрч болно.

-Өдрөөс өдөрт халдвараар өвчилсөн иргэдийн тоо нэмэгдээд байгаад ард иргэд айдастай байгаа. Манай улс дотроо алдаагүй, гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудаа эрэмбэлэж, тусгаарлаж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ гадагшаа алдчих вий гэсэн айдас байгаад байгаа юм?

-Цаг хугацааны асуудал. Дэлхийн бүх оронд халдвар тархсан байна. Хэдий манайх бүх хилээ хаасан ч тусгай үүргийн нислэгээр ард иргэдээ татан авч байгаа. Гэхдээ  дотроо халдвар тархаагүй ганц улсаар манайх тодроод байгаа шүү дээ. Бид дотроосоо халдвар гаргаж алдана гэж байхгүй. Халдвартай иргэдээ гаднаас орж ирэхэд нь тусгаарлан, эмчилж байна. Гадаадаас орж ирсэн бүх иргэдийг тусгаарлаж байна. Гэхдээ дахиад тусгай үүргийн нислэгээр иргэдийг авч ирнэ гээд байгаа. Тэгэхээр халдвар нэмэгдэхгүй гэх арга байхгүй. Хамгийн гол нь оношлогдсон хүмүүсээ дор дор нь хариуцлагатай сайн эмчлээд байх юм бол манайх дотооддоо халдвар алдах ямар ч боломж байхгүй.

-Хамгийн гол нь эмчлэгдээд эдгэрээд эмнэлгээс гарсан хүмүүс буцаад халдвар авч өвчин нь сэдрээд байна гэсэн мэдээлэл гарсан. Тэгэхээр буцаад өвдөхгүй гэсэн баталгаа байхгүй юм бишүү?

-Эмчлэгдээд гарсан хүмүүс бол эдгэрсэн гэсэн үг. Одоогоор бол цочмог халдварт өвчин гэдэг утгаараа эдгэрсэн тохиолдолд архагшиж, өвчин үүсгэнэ гэсэн зүйл байхгүй. Бусад өвчин шиг, тухайлбал, томуугийн вирус шиг сэдрэхгүй гэж ойлгож болно. Хамгийн гол нь эдгэрсэн хүн тусгаарлалтад ажиглалтад байх хугацаандаа дархлаагаа сайн дэмжих ёстой. Хамгаалах хувцас хэрэглээгээ сайн өмсөх ёстой. Шинээр халдвар авч өвддөггүй юмуу гэхээс эмчлэгдээд гарсан хүн дахин өвдөнө гэж ойлгож болохгүй. Өөрийгөө л сайн хамгаалахад халдвар дахиж тусахгүй.

-Иргэдэд хандаад хэлэхэд энэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Иргэд маань онцын шаардлагагүй бол гэрээсээ битгий гараарай. Гарах шаардлагатай бол амны хаалтаа тогтмол зүүх, бээлий өмсөх, ариун цэврээ сайн сахих, дархлаагаа дэмж, буруу зөрүү мэдээ мэдээллээр тархиа битгий дүүргэ. Хамгийн гол нь зөв мэдээлэлтэй бай. Сайн унтаж амар, хоол тэжээлээ хорихгүйгээр шим тэжээлтэй хоол идээрэй, дасгал хөдөлгөөн сайн хий. Маск бээлийтэй байхад халдвар авахгүй, дээрээс нь масктай байгаад вируст өртлөө гэхэд маш бага хэмжээтэй вирус орно.

-Залуу эмчийн хувьд шантрах тохиолдол байдаг уу. Ер нь хариуцлагатай алба болох эмчээр ажиллахын сайхан муухай нь юу юм бэ?

-Эмчийн мэргэжил хүний амь нас, эрүүл мэндтэй шууд холбогдох хариуцлагатай мэргэжил. Мэдээж сайхан зүйл олон бий. Миний гардан эмчилсэн өвчтөн эдгэрээд гарахдаа “Эмчээ маш их баярлалаа” гэж хэлэхийг сонсох шиг сайхан зүйл хаана байх билээ. Туркийн хүүхэд эдгэрээд гарахдаа яг ингэж хэлсэн. Хэцүү бэрхшээлтэй зүйл бий. Аль болох болох бүтээх талыг нь харж ажилладаг даа, эмч нар.

-Та ХӨСҮТ- ажиллаад хэр удаж байгаа билээ?

-Жил гурван сар болж байна. 2016 онд АУШУИС-ийг төгсөөд Өрхийн эмнэлэгт ажиллаж байгаад резидент эмчээр сураад ХӨСҮТ-ийн Агаар дуслын тасагт орсон. Туршлага муутай, залуу эмчийн хувьд сурах зүйл маш олон бий. Цаг хугацааг алдалгүй ашиглаж, чадварлаг хамт олноосоо суралцаж байна. Цаашид илүү их хичээж, мэдэхгүй чадахгүй зүйлээ сурч мэдэж авна даа.

-Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье?

-За, баярлалаа. 

 

Миний хувьд Туркийн гурван иргэнийг эмчилсэн. Эхнийх нь хүүхэд эдгэрч, гэрийн ажиглалтад шилжсэн байгаа. Нөгөө хоёр нь эмчийн хяналтанд арай гараагүй байна. Эдгэрээд гарсан хүүхдийн ажиглалтын 14 хоногийн хугацаа дуусаад гэрийн ажиглалтад гарсан. Монгол ч бай, гадаад ч бай хүн л бол хүн. Халдвар авсан хүмүүсийг аюулт өвчнөөс салгахаар манай хамт олон хүчин зүтгэж байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.