| | USD/MNT 0₮

У.Хүрэлсүх:Намаа цэвэрлэж, шударга сонгууль явуулна

УИХ-ын сонгуульд оролцох намууд СЕХ-нд баримт бичгээ хүргүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх намынхаа баримт бичгийг хүргүүлсний дараа гарч ирээд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “УИХ-ын сонгууль цаг, хугацаандаа явагдах ёстой. Парламент төрийн эрх барих дээд байгууллага. Тиймээс ард иргэдээ төрийн эрх барих дээд байгууллагынхаа сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Мөн сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшиж байгаа хүмүүстээ МАН-ын нэрийн өмнөөс өндөр амжилт хүсье.

Сонгууль маань шударга, сайхан болох байх. Нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө боловсруулаад аудитаар хянуулсан. Үүнд алдаа оноотой, сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгаж болохооргүй зүйл аль аль намууд дээр гарсан байх. Энэ бүхнийг засаад эцсийн байдлаар СЕХ-д өглөө. Энэ удаагийн сонгууль хүнд нөхцөлд явагдах гэж байна. БНСУ-ын сонгуульд ард иргэд нь идэвхтэй оролцоод сүүлийн 26 жил байгаагүй өндөр ирцтэй сонгуульд оролцсон. Үүнтэй адил манай улсын иргэд ч дөрвөн жилд нэг удаа болдог хариуцлагатай сонгуульдаа идэвхтэй оролцоно гэдэгт Ерөнхий сайдын хувьд ч, ууган намын даргын хувьд ч итгэж байна. Ард түмэндээ хандаж сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Сонгуулиа цаг хугацаанд нь сайхан явуулъя. Энэ удаагийн сонгууль шударга яваасай гэж хүсч байгаа. МАН бүх зүйлийг хуулийн хүрээнд хийнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

Би намын даргаар сонгогдоод, Ерөнхий сайд болсныхоо дараа намаа цэвэрлэнэ, төр засгаа цэвэрлэнэ гэж хэлж байсан. Миний бодсон бодлого, зорилго хэрэгжиж байгаа. Цаашдаа ч үүнийг бүрэн төгс хэрэгжүүлэхийн төлөө явна. Би Монгол Улсын парламентад хулгайч хүмүүс битгий суугаасай гэж бодож байгаа. Парламент бол манай ард түмний төлөөлөл болсон газар.  Намын даргын хувьд би өөрийнхөө багийг авч сонгуульд орно” гэлээ.

Түүнчлэн МАН сонгуулийн санхүүжилтээ хэрхэн яаж босгох талаарх асуултанд тэрбээр “МАН аль нэг нэр дэвшигчээс мөнгө авахгүй. Энэ хууль зөрчиж байгаа юм. Нөгөө талаас мөнгөтэй хүн нэр дэвшинэ, мөнгөгүй хүн дэвшихгүй гэж байгаатай адил. Тиймээс энэ шударга ёсны зарчимд ч нийцэхгүй. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид ч нийцэхгүй.

Сонгуульд ороход мэдээж мөнгө шаардлагатай. Мөнгөгүй сонгууль гэж юу байх вэ. Тэр мөнгийг хуулийн дагуу сонгуулийн хандив цуглуулах хуулийн хугацаандаа хандиваа цуглуулаад сонгуульд оролцоно. Би мөнгөний сонгуулиас салъя гэж хэлээд байгаа. Олон жил хэл аманд өртлөө. Алдаа дутагдал ч байсан. Үүнийг засч, залруулъя. Цэвэр, шударга сайхан сонгууль явуулъя” гэв.

Би намын даргаар сонгогдоод, Ерөнхий сайд болсныхоо дараа намаа цэвэрлэнэ, төр засгаа цэвэрлэнэ гэж хэлж байсан. Миний бодсон бодлого, зорилго хэрэгжиж байгаа. Цаашдаа ч үүнийг бүрэн төгс хэрэгжүүлэхийн төлөө явна. Би Монгол Улсын парламентад хулгайч хүмүүс битгий суугаасай гэж бодож байгаа
Улс төр

Сэтгэгдэл (25)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.