| | USD/MNT 0₮
Үндэсний том бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын барилгын ажил үргэлжилж байна.
Өнгөрсөн онд эхэлсэн Монголчууд өөрсдөө өөрсдийн хүчээр төмөр зам тавих ажил улирал харгалзахгүй үргэлжилж, ухмалын ажлаа дуусгасан бол гуравдугаар сараас эхэлсэн далангийн ажлыг ойрын хугацаанд дуусгахаар төлөвлөжээ.
Мөн Зүүнбаян талаас 4,5 км төмөр замын дээд бүтэц, 75 км цахилгаан дамжуулах шугамыг татаж суурилуулжээ.
Үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байгаа хүн бүхэн хариуцаж буй ажилдаа сэтгэл зүрх гаргаж, чамлахааргүй амжилттай байгаагаа илэрхийлж байна.
Зэвсэгт хүчний 7782 дугаар ангийн захирагчийн ярьснаар бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байгаа хүн бүр сэтгэл хангалуун байгаа гэж байна. Төмөр замын бүтээн байгуулалтын энэ ажлыг дагаад цахилгаан дамжуулах болон дохиолол холбооны сүлжээ, өртөө зөрлөгийн барилга гэх мэт 10 орчим дэд бүтцийн ажил цогцоороо үргэлжилж байгаа юм.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуу 1 өртөө 6 зөрлөг байгуулах юм. Зөрлөг болон ажилчдын орон сууцны барилгын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Энэхүү бүтээн байгуулалтад Өмнөговь аймгийн Цогтцэций талаас 11, Дорноговь аймгийн Мандах сумын нутагт 8, Дорноговь аймгийн Зүүнбаян талаас 9 аж ахуйн нэгж ажиллаж байна. Түүнчлэн Зэвсэгт хүчний 7781, 7782, 110, 339 дугаар ангийн цэрэг, офицерүүд үүрэг гүйцэтгэн, цалинтай ажиллаж байгаа юм. Мөн Сайншандын МСҮТ-д түшиглэн хугацаат цэргийн алба хаагчдыг мэргэжилтэй болгож, бүтээн байгуулалтын ажилд оролцуулж байгаа юм.
Үндэсний том бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын барилгын ажлыг энэ онд багтаан дуусгахаар төлөвлөж байна.
Үндэсний том бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын барилгын ажлыг энэ онд багтаан дуусгахаар төлөвлөж байна.