| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:Халдвар авсан байх эрсдэлтэй хэд хэдэн хүн бий, тэдэнд тандалт хийж байна

Манай улсад коронавирусийн 33 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байгаа. Үүнээс долоо нь эмчлэгдэж, эмнэлгээс гарч, сувилалд шилжин эмчийн хяналтанд бий.

Дээрх 33 тохиолдол дээр нэмэгдэх эрсдэл өндөртэй гэдгийг албаныхан хэлж байна.

Тухайлбал ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Дөрөвдүгээр сарын 12-нд ОХУ-наас ирсэн оюутнуудыг хүлээж авсан. Энэ сарын 11-нд Москвагаас гарч Улаан-Үдээр дамжин орж ирсэн оюутанд халдвар илэрсэн. Хойд хөршөөс ирсэн оюутнуудыг хүлээж аваад давтан шинжилгээ хийж байна. Хамгийн сүүлийн тохиолдлын тухайд гуравдахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрч байна. Москвагаас эхлээд эдгээр оюутнуудад тандалтыг хийж байгаа.

Хаагуур явсан, байрандаа хэдүүлээ байсан, сурч байсан сургууль нь ямар сургууль байсан, гадуур дотуур уулзаж учирсан хүмүүс гээд бүгдэд тандалт хийж байна.

Өвчлөл гарсан нэг сургуулийн 24 оюутан байгаа. Тэднийг тусгаарласан. Мөн дахиад нэг сургуулийн 5-6 оюутан бий. Халдвар авсан байх эрсдэлтэй хэд хэдэн хүн бий. Дархан-Уул аймагт мөн хэдэн хүнийг тусгаарлаад ажиглаж байна.

Ийм хүмүүсээс шинжилгээг 2-3 хоногийн зайтай давтан авч байгаа. Цаашид дахин шинжилгээ авна. Вирус ялгарах хугацаа хүн бүрт харилцан адилгүй. Тухайн хүүхдийн эрүүл мэндийн байдал, биеийн эсэргүүцэл, дархлаа, хүүхдийн халдвар авсан хугацаа энэ бүгдээс хамаарч, хэзээ хэнээс халдварын эрсдэл тооцож нарийн ажилбараар энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Магадгүй 4-5 удаа шинжилгээ хийнэ. Нууц үеийн хугацаа 21 хоног болоод байна. Тэгэхээр 12-ноос тооцоход магадгүй тавдугаар сарын эхээр халдварын 1-2 тохиолдол илрэх эрсдэл байгаа. Тэднийг тусгаарлан ажиглалтад авч, ХӨСҮТ-т тандалт хийж байна.

Эдгэрч байгаа хүмүүсийн тухайд насны байдал, халдварыг авсан байдал, хүний дархлаанаас хамаарч эдгэрч байна” гэлээ.

 

 

Өвчлөл гарсан нэг сургуулийн 24 оюутан байгаа. Тэднийг тусгаарласан. Мөн дахиад нэг сургуулийн 5-6 оюутан бий. Халдвар авсан байх эрсдэлтэй хэд хэдэн хүн бий. Дархан-Уул аймагт мөн хэдэн хүнийг тусгаарлаад ажиглаж байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.