| | USD/MNT 0₮

ТАНИЛЦ: УЛСЫН ТӨСӨВТ ОРОХ МӨНГИЙГ ХУВЬ ДАНСААРАА АВДАГ Б.БАТ-ЭРДЭНЭ

Төрийн байгууллагын дарга нар албан тушаал, сандал ширээгээ мөнгөний хүүдий гэж хардаг бололтой. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт ашигтай байдлаар төсвийн болон байгууллагын хөрөнгө мөнгө захиран зарцуулж хувьдаа завших нь төрийн албанд хэрээс хэтэрсэн нэг үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй болов уу.

Төсөвт төвлөрөх ёстой мөнгийг хувийн дансаараа авдаг агентлагийн даргад холбогдох хэргийн мэдээлэл байна.

---Тодруулбал, Шинжлэх ухаан үйлдвэрлэл инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэд холбогдох авлигын хэргийг АТГ-аас хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлсэн талаарх баттай эх сурвалжийн мэдээлэл байна---

Тухайлбал, Б.Бат-Эрдэнэ дарга төсөвт орох мөнгийг хувийн дансаар авдаг аж. Тиймээс хууль хяналтын байгууллагын хараанд орж шалгуулж эхэлсэн гэх.

Мөн тэрбээр дарга болсон даруйдаа өөрийн хамаарал бүхий  “Анрид” компанитай тендергүйгээр гэрээ байгуулаад нэг жил болжээ.

Шинжлэх ухаан үйлдвэрлэл инновацийн газрын үйл ажиллагааг “Анрид” ХХК компанид ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр хариуцуулж өгөөд үүний дараа өнгөрсөн жил Б.Бат-Эрдэнэ дарга, тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ганзориг гэдэг хүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулж гарын үсэг зуржээ.

 

Гэрээнд бол тус төвийн олсон орлого улсын төсөвт орох ёстой гэж цагаан цаасан дээр хараар бичигдсэн байна. Гэтэл Б.Бат-Эрдэнэ дарга гэрээний заалтаа зөрчиж, хэрэгжүүлэхгүй олон хүний хувийн дансаар мөнгө авдаг байж. Нэг ч удаа улсын гэх тодотголтой мөнгө төсөвт ороогүй харагдана. Шилэн дансанд ч энэ талаарх мэдээлэл огт харагдахгүй байгаа юм.

Тэрбээр мөнгөө авахдаа ойрын гэх хүмүүсээ ашигладаг бөгөөд ойр ойрхон дансаа сольдог бололтой.

Ийнхүү иргэд, хэрэглэгчдийн түрээс болон төлбөр хураамжийг тогтмол хувь хүний дансаар авдаг. Тус байгууллага нь сардаа 10 гаруй сая төгрөгийн орлоготой ажилладаг гэх мэдээлэл байна. Тэгэхээр жилийн хугацаанд хэчнээн сая төгрөгийг бусдын дансаар дамжуулж, өөрийн данс руугаа оруулдаг болохыг таашгүй юм.

Энэ хууль бус үйлдэлд нь хяналт тавьдаггүй учраас ингэж даварч даам гарсан байхыг үгүйсгэхгүй.

Бас нэг ноцтой баримт нь хоёр жилийн өмнө Нийслэлийн инновацийн төв нь HUB INNOVATION центр нэртэйгээр улсын төсвөөс нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтайгаар байгуулагдсан. Төвийнхөө нээлтийг ч сүр дуулиантай хийж, Засаг дарга байсан С.Батболд болоод олны танил эрхмүүдийг урин залж авчирч нээлт хийсэн байдаг.

Гэвч 1-2 хон жил болсон өнөөх шинэ байрандаа энэ жил урсгал засвар хийх нэрээр төсвийн хөрөнгөөр 170 гаруй сая төгрөг хийж засвар хийжээ. Төсөвт мөнгө оруулахгүй байж, төсвийн хөрөнгөөр байр саваа засварлах нь хэр зөв юм бэ, Б.Бат-Эрдэнэ дарга аа. Таны увайгүй, урагшгүй, улсын өмчийг хувьдаа завших байдлаас болж дээрх төвийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн байна. Тодруулбал, ус, цахилгаан, дулаан цэвэрлэгээний мөнгийг төсвийн хөрөнгөөр хангадаг боловч төвийн үйл ажиллагаанаас орж ирж байгаа орлого тодорхойгүй улмаас, хувь хүний дансаар авдаг байдлаас болж төвд асуудал үүсээд байна.

Уг нь бол Б.Бат-Эрдэнэ нь төрийн захиргааны албан тушаалын эрхэлсэн түшмэл буюу Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын дарга гэсэн албан тушаалтай.

Тэгэхээр энэ хүн хотын дарга С.Амарсайханд хамааралтай болно. Яагаад гэвэл нийслэлийн харьяа байгууллага байж улсад төвлөрүүлэх ёстой мөнгийг зориулалтынх нь дагуу хийхгүй, хувьдаа завшина гэдэг байж боломгүй асуудал юм.

Ер нь энэ байгууллага олон улсын байгууллагаас эд зүйлс болон бэлэн мөнгө хэлбэрээр хандив их цуглуулдаг баян газар аж.

Тиймээс төрийн албыг мөнгө, албан тушаалын алба гэж харсан иймэрхүү хууль бус үйлдэлтэй агентлагийн дарга нартай тэмцэх цаг нь болжээ.

Б.Бат-Эрдэнэ дарга төсөвт орох мөнгийг хувийн дансаар авдаг аж. Тиймээс хууль хяналтын байгууллагын хараанд орж шалгуулж эхэлсэн гэх
Нийгэм

Сэтгэгдэл (77)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.