| | USD/MNT 0₮
Хөдөлмөр хамгаалал, нийгмийн яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан иргэн Б.Болороо ээж Ө.Буянжаргалын хамт өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ учир битүүлгээр амиа алдсан талийгаач нөхөр А-гийнхаа хэргийн талаар баримттай мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.
Түүний талийгаач нөхөр А нь өнгөрсөн зургаан сард байрны гацсан лифтийг засах оролдлого хийж байхдаа хонгил руу унаж нас барсан билээ. Талийгаач амиа алдснаас 19 хоногийн дараа цахилгаан шатны хонгилоос цогцос нь ялзарч өтсөн байдалтай байхад нь олж шүүх шинжилгээний төвд хүлээлгэн өгсөн.
Иргэн Б.Болороо “Өнөөдөр би талийгаач нөхрийнхөө хэргийн тухай мэдээлэл өгөхөөр ирлээ. Мэдээлэл хийхээсээ өмнө миний талд ажиллаж байгаа хоёр өмгөөлөгчөөсөө ёсзүйтэй хүлцэл өчье. Миний нөхөр амиа алдаад дөрвөн сар болж байна.
Энэ хугацаанд олон сэтгүүлч мэдээлэл өгөөч, байр сууриа илэрхийлээч гэж холбогдсон бөгөөд нэгэнд нь ч ярилцлага өгөөгүй. Учир нь цагдаагийн байгууллага ажлаа хийж гүйцэтгэж байхад хөндлөнгөөс саад учруулахыг хүсээгүй юм. Хэрэг үнэн мөнөөр шийдэгдэнэ гэдэг итгэл найдвар тээсээр өдийг хүрсэн билээ. Гэвч өнөөдөр хэрэг явдал ямар байгааг хэлмээр байна. Шулуухан хэлсэн дээр байх гэж бодож байна.
Манай өмгөөлөгч нар надад хуулийнхаа дагуу явъя түр хүлээж бай, хэргийг цаг хугацаанд нь шийдвэрлэдэг гээд өнөөдрийг хүргэлээ.
Энэ хугацаанд хагас галзуурлын байдалтай байлаа. Мэргэжлийн хяналтын газраас гаргасан шийдвэрийг хараад хоёр өмгөөлөгчөөсөө зөрж энэхүү мэдээллийг хийж байна.
Манай талийгаач нөхөр "Хишиг арвин" хариуцлагатай хувьцаат компанид ажиллаж байсан. “Залуус” хорооллын лифтний хонгилоос нас барсан байдалтайгаар долдугаар сарын 8-ны өдөр олдсон. Манай нөхрийг ажлын байран дээрээ архи уусан, түүнээс болж өөрөө хийх ёсгүй ажлаа хийснээс болж нас барсан гэх дүгнэлтийг гаргаж миний нөхрийг буруутгаж байгаа юм.
---Миний нөхрөөр архи авахуулж уулгасан Батдорж гэдэг хүнийг байцаач өгөөч---
Манай нөхөр тэр өдөр Пара хөнгөн атлеткийн тэргүүн Батдорж гэдэг хүн ирж нөхрөөр минь архи авахуулж уусан. Тэр архинаас нь манай хүн амссан байгаа юм. Энэ хүнтэй уулзахаар “Би шавьтайгаа архи уудаггүй” гэж мэлзсэн. Тиймээс энэ хүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж өгөхийг хүсч байна.
Шүүх шинжилгээний хариу нь ч 2.4 бүхэлтэй буюу өөрийгөө хянах чадваргүй болтол архи уусан гэж гарсанд гомдолтой байна.
---Задлангаар согтолтын зэрэг өндөр гэдэг ч нас барсан хугацааг нь тогтоож чаддаггүй---
Энэ арван сарын 18-нд шинжилгээний хариуг би мэдсэн. Шинжилгээний хариу гарснаас хойш 14 хоногийн дараа мэдсэн.
Бас задлангийн шинжилгээгээр согтолтын зэрэг өндөр гэж гарсан хэр нь нас барсан хугацааг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Мөн тухайн үеийн бичлэг байсаар байхад бидэнд үзүүлээгүй бөгөөд бидэнд хэрэг гарснаас хойш бүтэн сарын дараа үзүүлсэн. Ажил үүргээ гүйцэтгэж байгаад шатнаас унасан бичлэг байсаар байтал биднээс нуусан.
Манай нөхрийг ямар байдалтайгаар нас барсан талаар бичлэг байгааг мэдсэн хэр нь биднээс яаж нас барсан гэж бодож байна гэж асуудаг байсан. Бас нэг анхаарал татсан нэг зүйл нь Мядаг гэж эмэгтэй манай нөхөр рүү залгаж, “Лифтэнд хүн гацсан байна, гарга” гэж хэлээд лифтний түлхүүр өгсөн байсан. Алга боллоо гээд олон хоног эрэл сурал болж байхад яагаад тэр хүн би сүүлд нь ярьсан гээд дуугарсангүй вэ.
Ажилчдад станц өгдөг юм билээ. Нөхөр маань алга болсноос хойш байгууллагаас нь өдөр бүр залгаж станц болон лифтний түлхүүр олж өг гэж байсан. Гэтэл станцаар дуудахад дохио дуугардаг юм байна. Тэрхүү станц нь нөхөрт маань байсан тул станцаар дуудахад дохио дуугарч, олох боломж байсан. Надаас нэхээд байсан станц нь миний нөхрийн биенээс гарч ирсэн. Гэтэл яагаад надаас нэхээд байсан юм.
Энэ хэргийг хүн амины хэрэг юм биш биздээ гэсэн олон таамаг, олон хүсэлт байгааг цагдаагийн байгууллагад хэлэхэд олон хоног хав дарсан юм бэ.
Тэгэхээр энэ хэрэгт “Хишиг-Арвин” компани цагдаагийн байгууллага хоёр хоорондоо хамтарч хэргийг хуйвалдаж, нөхрийн буруу болгож хаах гээд байна уу гэж хардаж байна. Ядарсан амьдралтай бидэнд хэдэн төгрөг өгөөд салчихна гэж бодсон юм болов уу. Түүнээс гадна миний нөхрийн утсыг ээлжийн ахлагч Бадамдорж гэдэг хүн олон хоног барьсан байдаг. Гэтэл энэ хүн хариуцлага тооцсон болоод өнгөрч болохгүй.
---Шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулж, хэргийг Нийслэлийн цагдаагийн газарт шалгуулмаар байна---
Надад энэ хэрэгтэй холбоотойгоор хүсэх гурван зүйл байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулмаар байна.
Хоёрт, шүүх эмнэлгийн дүгнэлтийн дараа мэргэжлийн хяналт дахин дүгнэлт гаргахыг хүсч байна.
Гуравт, чин сэтгэлээсээ гуйх зүйл бол хөгжлийн бэрхшээлтэй тамирчны дасгалжуулагч Батдорж гэдэг хүнийг шалгаж өгөхийг хүсч байна.
Дөрөвдүгээрт СХД-ийн цагдаагийн хэлтсээс хавтаст хэргийг татаж Нийслэлийн цагдаагийн газарт шалгаад өгөөч.
Мөн тухайн байрны оршин суугчдыг надад туслаач ээ гэж хэлмээр байна. Бас миний охин, ар гэрийг минь хамгаалж өгөхийг хүсье. Миний амьдрал орвонгоороо эргэсэн байхад мэдээлэл задруулж болохгүй ээ гээд мэдрэл муутай хүн шиг сууж болохгүй биз дээ.
---Ө.Буянжаргал:Өдрөөс өдөрт нурж байгаа охиноо өрөвдөж байна---
“Хэргийн нотлох баримтыг би өөрөө цуглуулсан. Манай охин хохирогч, би гэрчээр явж байгаа. Гэтэл хавтаст хэрэгтэй ерөөсөө танилцуулахгүй байсан. Тиймээс камерийн бичлэг, хавтаст хэргийг би өөрөө нууцаар утсан дээрээ бичиж зургийг нь авсан юм. Хүмүүс намайг мэднэ хэцүү хүнд амьдрал туулсан хүн. Би энэ охиныхоо төлөө бүхнээ зориулж ирсэн. Үхэхээс бусад зовлонг үзсэн. Өөрөөсөө хүртэл хайрлаж хамгаалж өсгөсөн охин минь яагаад ийм хүнд зовлон үзэх ёстой. Хэрвээ энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэхгүй бол би охиныхоо төлөө юу ч хийхээс буцахгүй шүү. Миний охин хэцүү байна. Өдөр болгон орондоо уйлж, хоол унд идэхгүй, өдрөөс өдөрт нурж унаж, нүднийх нь гал цог буурч байгаа охиноо өрөвдөж байна” гэлээ.
Б.БОЛОРООГИЙН НӨХРИЙН ХЭРГИЙГ НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЖ ӨГНӨ ҮҮ С.БААТАРЖАВ ДАРГАА
Б.БОЛОРООГИЙН ЭЭЖ Ө.БУЯНЖАРГАЛ: ЭНЭ ХЭРГИЙГ ҮНЭН ЗӨВӨӨР ШИЙДТЭЛ НЬ ЯВНА. ОХИНЫХОО ТӨЛӨӨ
БҮРЭН ЭХЭЭР НЬ ЭНДЭЭС ШУУД ҮЗЭХ
О.Гал
Задлангийн шинжилгээгээр согтолтын зэрэг өндөр гэж гарсан хэр нь нас барсан хугацааг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Мөн тухайн үеийн бичлэг байсаар байхад бидэнд үзүүлээгүй бөгөөд бидэнд хэрэг гарснаас хойш бүтэн сарын дараа үзүүлсэн. Ажил үүргээ гүйцэтгэж байгаад шатнаас унасан бичлэг байсаар байтал биднээс нуусан.