| | USD/MNT 0₮

Ц.СОСОРБАРАМ:УС АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ТӨСВИЙН ЦООРХОЙД АШИГЛАЧИХДАГ

 

Техникийн ухааны доктор, усны зөвлөх инженер Ц.Сосорбарамтай усны асуудлаар ярилцлаа.

-2009 онд Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  2012, 2020 оны Усны  тухай хуулийн шинэчилсэн найруулгыг тус тус баталсан зарим зүйл, хэсэг нь эцэг хуулийн зүйл заалтыг зөрчсөн асуудлаар Ц.Монгол тэргүүтэй хүмүүс ҮХЦ-д хандсан юм билээ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 1-д “Монгол Улсын газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүний газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан байдаг.

Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулиар бататган тогтоосон энэ заалтыг “Оюутолгой” ХК-ийн хөрөнгө оруулалтын гэрээг дэмжих зорилгоор өөрчлөн найруулж, хууль өөрчлөлт оруулсан байдаг байна.

Эдгээр хуулийн заалтууд зөвхөн уул уурхайн компаниуд түүний дотроос Оюутолгой ХК-ийн эрх ашгийг хамгаалсан тэдгээрийн эрх ашигт нийцүүлсэн, төрийн өмч төрийн хамгаалалтад байвч төрийн байх ёстой зүйлийг төрийн хяналт зохицуулалтаас гаргаж, зөвхөн “Оюутолгой” тэргүүтэй уул уурхайн компани дур зоргоороо өмчилж, эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй болсон.

Иймд дээр дурдсан Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа гэж үзэж байгаа тул Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэцэд шалгуулахаар дээрх иргэд хандсан ч өнөөдрийн хүртэл ямар нэгэн хариу шийдвэр гараагүй учраас бид хэвлэлд хандаж байна.

-Уул уурхайн томоохон компаниуд усыг хайр найргүй ашиглаж байна гэлээ. Ямар ямар компаниуд байна вэ?

-Гүний ордын усны нөөцийг “Оюу толгой” ХХК-иас ашиглаж байгаа. Энэ нь нэг секундэд 1990 литр ус хэрэглэдэг. Түүнчлэн Таван толгой ХХК-ийн дэргэд газрын доорх усны хоёр гурван ордыг нээсэн. Хамгийн том нь “Балгасын улаан нуур” байна. Энэ нэг секундэд 430 литр ус өгдөг. “Оюутолгой”-д гүний хоолойн усны ордоос 840 литр ус авахыг зөвшөөрсөн байгаа.

Таван толгойтой ойролцоо газрын доорх усны ордууд бий. Наймдаан орд, Балгасны улаан зэрэг юм. Таван толгойн коксжих нүүрсний ордын хамгийн их нөөцтэй хэсэг болох “Ухаа худаг”-ийн ордод секундэд 112 литр ус ашиглах дүгнэлт гаргуулсан байдаг.

"Оюу толгой” ХК жилд ус ашигласны төлбөр гэж 17 тэрбум төлдөг ч энэ нь газрын баялаг болсон усны үнэ цэнийн хажууд үнэлэшгүй. Хамгийн гол нь бид нар аливаа уул уурхайн компаниудыг буруутгахгүй. Харин төр засаг тэдэнд хяналт тавьж, ус ашиглалтад зохицуулалт хийхийг хүсэж байна.

Говийн бүсэд байгаа том том уул уурхайнуудын усны хэрэгцээ хэдэн аймгийн хүн амын усны хэрэгцээнээс давчихсан явж байна. Жишээлбэл, Гүний хоолойн ус ашиглалт байна. Энэ газар нэг гэж хэлэх хооронд л мянган литр ус хэрэглэж байна шүү дээ.

Нэг тонн нүүрсийг 30 доллараар зардаг бол угаахаар 180 доллар хүрдэг. Ийм ашиг олж байгаа ч нэгдүгээрт, ард түмэнд ашиг нь ирэхгүй байна, хоёрдугаарт, усны нөөцөд муугаар нөлөөлж байна, хэдхэн хүний эрх ашигт нийцээд байна.

Үүний нэг нь “Ухаа худаг” юм. Тэр бол хувь хүний хэдхэн компанийн л өмч байгаа. Эдгээр нь сүүгээр бол өрмийг авахдаа баяжуулаад усаар угаагаад байгаа л гэсэн үг. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд уул уурхайн үйлдвэр явуулж эхэлснээс хойш 100 гаруй булаг шанд тасарсан. Иргэд өнөөдрийн байдлаар гадаргын, гүний усаа хэрэглэж чадахгүй хүнд байдалд ороод байгаа юм.

-Ер нь Монгол Улсын усны нөөц хэр байгаа вэ?

-Дэлхийд Монгол Улс усны нөөцийн хувьд ихэд нь ч ордоггүй, багад нь ч ордоггүй. Гэхдээ хуурайвтар уур амьсгалтай. Орж байгаа тунадас, ууршиж буй ууршилт алдагдал нь тэнцдэг. Монгол орны нутаг дэвсгэрийн хойд хэсэг нь усан хангамж ихтэй. Өмнөд хэсэг нь усны нөөц багатай. Баруун талын хувьд усны нөөц хангалттай. Зүүн талаараа багатай. Манай улс усны нөөцийн хувьд байршлын их ялгавартай орон. Гурван сая хүн амд бол хангалттайд ордог.

-Манай улсын гадаргын цэнгэг усны нөөц хэр бэ. Гүний уснаас илүү гадаргын усаа түлхүү хэрэглэх ёстой гэдэг ч гүний ордыг ашиглаад байна?

-Тийм, гүний цэнгэг усаа хямгадаж, гадагшаа урсаад гардаг буюу гадаргын усаа хэрэглэж байж Монгол Улс хөгжинө шүү. Монгол орон 554 км куб хэмжээний газрын гадаргын цэнгэг усны нөөцтэй. Цэнгэг усны газрын доорх усны нөөц 12 км куб буюу нийт нөөцийн дөрөв орчим хувь нь газрын доорх ус бол 96 хувь нь гадаргын ус байдаг.

Ус бол юутай ч зүйрлэж орлуулашгүй стратегийн эрдэс. Энэ эрдэсийг ашиглаад нүүрс угаагаад байвал газрын усны нөөц нь ирээдүйд үр хүүхдүүдэд муугаар нөлөөлнө.

-Гүний усны нөөцийг бага хэрэглэхгүй бол их удаан хугацаанд нөхөн сэргээгддэг гэдэг юм билээ?

-Говь хээрийн хуурай газарт газрын доорх усыг гүний ордууд гэж нэрлэдэг. Хэрвээ ийм ус шавхагдах юм бол дор хаяж 14 мянган жилийн дараа нөхөн сэргээгддэг. Тэгэхээр удна гэсэн үг. Голын ус бол 14 хоногийн дотор сэргээгддэг юм шүү дээ.  

-Гүний ордны нөөцийн усыг хяналтгүй хэрэглэж байгаа уул уурхайн компаниудад хэн хяналт тавьж хариуцлага тооцох юм?

-Төр хянах ёстой. Гэтэл өнөөдөр ажлаа хийхгүй, томоохон компаниудад хууль шүүхийн байгууллага нь худалдагдсан байна. Мөнгөтэй компаниуд мөнгө өгөөд л асуудлаа хаалгачихдаг. Ямар ч хяналтгүй болохоор уул уурхайн компаниуд усыг дур зоргоороо өөрийн мэт өмчилж хэрэглэж байна. Төр түмний мэдэлд байхгүй байна. Төр өөрийн өмчит усаа хэрхэн захиран зарцуулах тухай мэдэх ёстой. Гэтэл уул уурхайн томоохон компаниудад худалдагдаж, давуу эрх олгожээ гэж хардаж байгаа учраас бид Үндсэн хуулийн цэцэд хандаж байна.

-Ус ашигласны төлбөр гэж авдаг. Энэ мөнгийг юунд зарцуулдаг вэ?

-Орон нутгийн төсөвт оруулдаг. Тэр мөнгөөр усны нөөц бүрдүүлэх болон усны чанар сайжруулж, бохирдлоос хамгаалах ажил хийх ёстой. Гэтэл төсвийн цоорхойг нөхөж бөх барилдуулах, морь уралдуулах “бай”-ны мөнгө болоод ашиглагдаж байгаа нь үнэн шүү дээ.

-Монгол Улс яагаад усан сантай болж гадаргын усаа нөөцөлдөггүй юм бэ?

-Дэлхий дээр усан сан байгуулаагүй ганц улс нь Монгол байгаа. Дэлхийн улс орнууд усныхаа хэрэглээний 80 хувийг гадаргынхаа усаараа хангадаг. Гэтэл Монгол Улс усныхаа 96 хувийг газрын доорх усаараа хангаж хэрэглэж байна. Ер нь усан сантай болохгүй байгаа нь их гүрнүүдтэй холбоотой.

Манайд төрөөс усантай сантай болох мөнгө тавьдаггүй. Дээр нь усны инженерүүдийн үгийг сонсдоггүй юм шүү дээ. Уг нь гадаргын усыг энэ томоохон үйлдвэрүүд ашиглаж, гүний усаа хүн малдаа зориулах ёстой. Гадаргын усаа ашиглаж сурмаар байна. Хиймэл усан сангаар усны хуримтлал үүсгэж байж байгалийн гамшиг эрсэдлээс хамгаална.

-Говийнхон усны төлөө дайтахад бэлэн болжээ гэсэн үнэн үү?

-Говьд усны нөөц хомсдол үүсэх гэдэг нь харьцангуй ойлголт. Ер нь гүний ус доошилж багасч байгаа талаар нутгийн иргэд ярьж байгаа. Малчид уснаас болж дайтаж байна. Уснаас болж хоёр хүн биенээ буудаж байсан хэрэг ч гарч байсан юм билээ.

-Уул уурхайн компаниуд усны нөхөн сэргээлт хэр хийдэг үү?

-Хийдэггүй. Алтыг нь аваад авдрыг нь хаяхын үлгэрийг харуулдаг. Говьд усны нөхөн сэргээлт хийхэд хүнд. Экологийн хохирол болоод үлддэг. Уг нь бол усыг нь хэрэглэж байгаа уул уурхайн компаниуд нөхөн сэргээх ажлыг хийх ёстой байдаг.

-Гүний усны нөөцийг хамгийн сүүлд хэзээ судалсан бэ?

-Анх 1933 онд Москвад усны инженерээр хоёр хүн төгсөж ирсэн байдаг. Тэдгээр хүмүүс Хөдөө, аж ахуйн яамны дэргэд Усны департмент байгуулж, бэлчээрийн усны нөөцийг нэмэгдүүлсэн хайгуулын ажлыг эхлүүлсэн. 1939 оны дайны үед Халх голын цэргийн ус хангамж гэж байгуулагдсан байдаг юм. Жилд нэг удаа улсын төсвөөр хайгуулын ажлыг хийдэг. Зарим томоохон төсөл хэрэгжүүлж байгаа газар өөрсдийнхөө мөнгөөр хийдэг. Хайгуул хийх ажил тасралтгүй явагдаж байна. Голдуу хуурай, говь хээрийн усгүй газруудаар хайгуулын ажил хийгддэг. Одоогоор 170-аад орд нээгдэж, газрын доорх усны нөөцөд бүртгэгдээд байна. Энэ бол газрын доорх усны орд баялаг юм. 

"Оюу толгой” ХК жилд ус ашигласны төлбөр гэж 17 тэрбум төлдөг ч энэ нь газрын баялаг болсон усны үнэ цэнийн хажууд үнэлэшгүй. Хамгийн гол нь бид нар аливаа уул уурхайн компаниудыг буруутгахгүй. Харин төр засаг тэдэнд хяналт тавьж, ус ашиглалтад зохицуулалт хийхийг хүсэж байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.