| | USD/MNT 0₮
Транс тосны хор хөнөөл 1990-ээд оноос тодорхой болсон байдаг. АНУ транс тосны талаар маш том судалгаа хийсэн. Судалгаагаар АНУ-ын ядуусын хороололд зүрх судасны өвчлөл маш өндөр, боломжийн амьдралтай хүмүүсийн дунд бага байсан. Үүний шалтгаан нь ядуусын хороололд түргэн хоол буюу эрүүл мэндэд хөнөөлтэй, тосны агууламж өндөр хүнс их хэрэглэдэг болох нь тогтоогдсон байгаа юм. Түргэн хоолны бүтцийг судлаад үзэхэд транс тосны хэрэглээ илүү өндөр байсан. Ингээд амьтан дээр судалгаа хийгээд үзэхэд транс тос нь зүрх судасны өвчлөл үүсгэж байгаа нь тогтоогдсон юм. Үүнээс шалтгаалан 2000 оноос эхлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), АНУ-ын Зүрх судасны холбоо энэ талаарх нотолгоонуудыг гаргаж, транс тосны хэрэглээг хязгаарлах, цаашлаад хориглох саналыг тавьсан. Ингээд ДЭМБ транс тосны өдрийн хэрэглээний стандартыг тогтоож, 2018 оноос эхлэн АНУ транс тосны хэрэглээг бүрэн хориглож байгаа. Европын холбооны улсуудад мөн транс тосны хэрэглээг хорьж эхлээд байна. Эдгээр улсуудад транс тосны хэрэглээг хориод эхлэхээр транс тосны зах зээл хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй орнуудыг, Африк болон Азийн ядуу буурай орнууд руу чиглэж байгаа юм. Эдгээр орнууд руу транс тос асар хямд үнээр орж ирж байгаа.
Транс тосны хамгийн гол төлөөлөгч нь маргарин. Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа агууламжид нь маргарин байна уу гэдгийг харах хэрэгтэй. Маргарин орсон л бол транс тостой байх магадлал асар өндөр. Маргариныг химийн аргаар боловсруулдаг. Хүнсэнд хэрэглэж буй тос тань хайлахгүй байвал химийн аргаар боловсруулсан тос гэж ойлгоход болно.
Транс тос бол Монгол Улсын иргэдийн эрүүл мэндэд асар хортой гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Монголд зүрх судасны өвчлөл нэгдүгээрт бичигдэж байна. Бид аливаа өвчнийг гарсан хойно нь, үр дагавартай нь тэмцээд байгаа. Яг үнэндээ өвчин үүсэх шалтгаантай нь тэмцэхгүй байгаа юм. Төрийн алсын хараа гэдэг үүнд чиглэх ёстой болов уу. Одоогоос 20, 30, 100 жилийн дараах монгол хүний эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. Гэтэл транс тос импортлогчид над руу давшилж байгаа. Надад дургүй. Утсаар дарамталж байгаа. Тэглээ гээд иргэд транс тосыг хэмжээ хязгааргүй ашиглаж болохгүй.
Монголд нэг килограмм транс тос 2500-3000 төгрөгийн үнэтэй байгаа. Гэтэл нэг килограмм байгалийн цэвэр цөцгийн тос 17-20 мянган төгрөгийн үнэтэй байна. Транс тос болон цэвэр цөцгийн тосны хооронд үнийн асар их зөрүү байгаа болохоор хүнсний үйлдвэрүүд транс тосыг түлхүү ашиглаж байна. Мөн эдийн засгийн байдал болон эрүүл мэндийн мэдлэг сулаас болоод бүтээгдэхүүн дэх транс тосны агууламжийг харалгүй хэрэглэж байна. Судалгаанд оролцсон иргэдийн 82 хувь нь транс тос хортойг мэддэг ч, хоёрхон хувь нь бүтээгдэхүүн худалдаж авахдаа транс тосны агууламжийг хардаг гэж хариулсан байгаа юм.
Тиймээс иргэдэд транс тосны талаар мэдээлэл өгөхөөс гадна төрийн зохицуулалт хэрэгтэй байгаа. Транс тосны хэрэглээ зах замбараагүй байж болохгүй. Транс тосны хэрэглээг хязгаарлахгүй бол монгол хүний эрүүл мэнд хэзээ ч өөдлөхгүй.