| | USD/MNT 0₮
Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цахим шилжилт хийх арга хэмжээний тухай Тогтоолыг УИХ батлах гэж байна.
Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нар өнөөдөр /2020.04.10/ мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийг Б.Баттөмөр, Б.Чойжилсүрэн, Х.Нямбаатар нар ахалж, Тогтоолын төслийг боловсруулсан байна.
Тогтоолоор дараах 10 арга хэмжээ авах гэж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.
1. Түлш шатахуун, нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх;
-Нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх зорилгоор бүтээгдэхүүн нийлүүлэгч талтай гэрээ хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлэх, хямд бүтээгдэхүүн импортлох, хадгалах нөхцөлөөр хангах, шаардлага хангасан нефтийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжид санхүүжилт олгох;
2. Зээлийн хүү, хадгаламжийн эх үүсвэрийн зардлыг бууруулах;
-Банкны өөрийн эх үүсвэрээс олгосон 500 сая хүртэлх төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй зээлийн хүүний хувийг бууруулах, хөнгөлөх;
3. Ипотекийн санхүүжилтийг дэмжих;
- Барилгын салбарын зээлийн чанар муудахаас сэргийлэх, ажлын байрыг хадгалах зорилгоор орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх;
- Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэмж гурав хүртэл сараар хойшлуулж, зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгахаар өмнө шийдвэрлэсэн арга хэмжээг дахин гурван сараар үргэлжлүүлэх;
- Ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдах шаардлагыг хангасан боловч зээлийн төлбөр хойшлуулах хүсэлт гаргаагүй зээлдэгчийн жилийн нийт нэрлэсэн хүүний 2 нэгж хувьтай тэнцэх дэмжлэгийг 3 сарын хугацаанд төрөөс хариуцах;
-Эмч, сувилагч, төрийн тусгай албан хаагч, ажилтанд зориулсан ипотекийн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх;
- Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах зорилгоор орон сууцны корпорациудад зөвшөөрөл олгохоор холбогдох зохицуулалт хийх;
4. Жижиг, дунд болон бичил бизнесийг дэмжих батлан даалтын сангийн үйл ажиллагааг эрчимжүүлэх;
- Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах зорилгоор нэг зээлдэгчид гаргах батлан даалтын дээд хязгаарыг бууруулан тогтоох;
5. Банкны салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх
- Цахим банкны үйл ажиллагааны төрлийг өргөжүүлэх;
- Эрүүл, найдвартай, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай, харилцагчид хүртээмжтэй, үр ашигтай банкны тогтолцоо бий болгох зорилготой Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх;
6. Монгол Улсын валютын гадаад нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх
- Алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох, түүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг зээлийн болон бусад хэлцлээр гадаад, дотоод зах зээлээс бүрдүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах;
7. Татан буугдсан банкны чанаргүй активыг барагдуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах;
- Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, банкны эрх хүлээн авагч нарын хамтарсан Ажлын хэсэг байгуулж, татан буугдсан банкны чанаргүй активыг шуурхай барагдуулах, төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, улсын хэрэгцээнд ашиглах;
8. Цар тахлын эсрэг нэг удаагийн хууль боловсруулж батлах, хуулийн хэрэгжилтийг сар тутам УИХ-д танилцуулж, 6 сар тутам үр дүнг хянаж, дүгнэх;
9. Мөнгө хүүлэлтийг хязгаарлах замаар зээлдэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
- Мөнгө хүүлэлтийг тодорхойлж, хязгаарлах, санхүүгийн хэрэглэгч-зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлэх;
10. Цахим шилжилт хийх;
- Цахим худалдаа, төрийн цахим үйлчилгээний төрлийг өргөжүүлж эрчимжүүлэх, цахим хичээлийн нэгдсэн портал бий болгох, COVID-19 цар тахлын мэдээллийн аппликэйшн хөгжүүлэх зэргийг тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цахим шилжилт хийх арга хэмжээний тухай Тогтоолыг УИХ батлах гэж байна.