| | USD/MNT 0₮
Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүргээс их хуралд сонгогдсон Ж.Энхбаяр гишүүн Кембрижийн хөтөлбөртэй “Монгол тэмүүлэл” сургуулийн байрыг дээрэмдэх оролдлого хийж байгааг тус сургуулийн сурагчдын эцэг эхчүүд эсэргүүцээд байна.
Тодруулбал, Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж өрсөлдөхдөө тойрогтоо шинэ сургууль барьж байгуулна хэмээн бүлт үсэрчихсэн. Гэтэл сонгогдсон тойрогтоо юун сургууль барьж байгуулах зөвхөн өөртөө ашигтай байдлаар ЖДҮ-гээс хүүгүй зээл авч өөрийнхөө бизнесийг тордсоор байгаад ирэх 2020 оны сонгуультай золгох гэж байна.
Хоёр хоногийн өмнө дээрх сургуулийн эцэг эхчүүд жагсаж, холбогдох албан тушаалтнуудад эсэргүүцлийн шаардлага хүргүүлсэн юм. Тэдний ярьж буйгаар “Ж.Энхбаяр болон хотын дарга С.Амарсайхан, салбарын сайд Ё.Баатарбилэг нар нийлж “Монгол тэмүүлэл” сургуулийн хүүхдүүдийг байрнаас нь хөөж гаргах гээд байна. Энэ нь шударга бус үйлдэл юм. Учир нь сонгуулийн мөрийн хөтөлбөртөө сургууль барьж өгнө гэсэн Ж.Энхбаяр өнөөдрийг хүртэл ганц ч сургууль цэцэрлэг бариагүй. Гэтэл одоо сонгууль дөхөж байгаа энэ үед мөрийн хөтөлбөрөө биелүүлсэн мэт сонгогчдодоо харагдах гэсэндээ бэлэн боломжийг булааж, сонгогдсон тойргийнхоо 26 дугаар хорооны буюу 133 дугаар сургуулийн 1000 гаруй хүүхдийг сургуулийн байранд оруулах гээд дайраад байгаа юм.
Манай “Монгол тэмүүлэл” сургууль нь 260 гаруй сурагчтай. Гэтэл сургууль цэцэрлэггүй хорооны хүүхдүүд нүүж ирж 1-2 давхрыг нь эзэлсэн. Хоёр сургуулийн багш нар болон сурагчид ойлголцоод өнөөдрийг хүртэл цуг хичээллэж байхад албан тушаалтнууд дундуур нь орж ирээд үймүүлээд байгаад тэвчээр барагдлаа. Хүүхдийн тоо хэтэрсэн, хэдий ачаалал ихтэй байгаа ч нэг жил гүрийчихвэл шаваа тавьсан 133 дугаар сургууль баригдаад ашиглалтад орчихно гэсэн. Гэтэл яагаад заавал “Монгол тэмүүлэл” сургуулийн хүүхдүүдийг өөрийнх нь байрнаас хөөж Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн Оюутны байранд оюутнуудтай хамт хичээллүүлэх гээд байгаа юм бэ. Үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Хэрвээ тийм юм бол, 133 дугаар сургуулийн хүүхдүүдээ тэр Оюутны байр руу явуулаач. “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчид өөрийн байрандаа хичээл сургалтаа хийж, заалгамаар байна. Иймэрхүү хууль бус үйлдлийг эцэг эхчүүд болон багш нар хүүхдүүд биелүүлэхгүй тул шаардах бичиг хүргэлээ” гэдгээ илэрхийлсэн юм.
Энэ хууль бус үйлдлийн цаана хэн байна. Нөгөө УИХ-ын гишүүн, ЖДҮ-чин Ж.Энхбаяр гэж хардана. Бантсан хүн хүн ална гэгчээр сонгуулийн амлалтаа биелүүлж чадаагүй тэрбээр иргэдтэй эргээд уулзах улаан нүүрээ бодсондоо ийм бусармаг явуургүй арга сэдэж байна уу.
Нөгөөтэйгүүр БЗД-ийн 26 дугаар хороонд Нийслэлээс өчнөөн хороолол байр байшин барих зөвшөөрөл өгсөн хэрнээ ганц сургууль, цэцэрлэг барих зөвшөөрөл яагаад өгөөгүй байж бэлэн байгаа сургуулийг дээрэмдэх гээд улайраад байгаа юм бол. Магадгүй хүзүү сээрээрээ холбогдсон хотын дарга С.Амарсайхан, гишүүн Ж.Энхбаяр хоёр х хөөж тууж байгаа цаана өөр ямар нэгэн эрх ашиг нуугдсан байхыг ч үгүйсгэхгүй юм.
Тиймээс эрхэм гишүүн Ж.Энхбаяраа, сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд боловсролын салбараар шоу хийхээ болино уу.
О.Гал
Ж.Энхбаяр Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж өрсөлдөхдөө тойрогтоо шинэ сургууль барьж байгуулна хэмээн бүлт үсэрчихсэн. Гэтэл сонгогдсон тойрогтоо юун сургууль барьж байгуулах зөвхөн өөртөө ашигтай байдлаар ЖДҮ-гээс хүүгүй зээл авч өөрийнхөө бизнесийг тордсоор байгаад ирэх 2020 оны сонгуультай золгох гэж байна.