| | USD/MNT 0₮
“Иргэдийн” гэх тодотголтой “Чингис хаан” банкны үйл ажиллагаа доголдоод гурван сарын нүүр үзжээ.
Тус банкинд мөнгөө хадгалуулсан иргэд бол аж ахуйн нэгж, даатгалын сангууд мөнгөө авч чадахгүй байдалд хүрчээ. Тиймээс 30 гаруй иргэд нийлж нэгдэж “Хохирогчдын холбоо” байгуулж, өчигдрөөс эхэлж шаардах бичиг хүргүүлж, шат шатны хуулийн байгууллагад хандахаар болжээ.
Тус иргэдээс хамгийн бага нь 20 сая төгрөг хадгалуулсан бол 500 сая төгрөг хадгалуулсан иргэн ч байгаа аж. Тэгвэл 3.3 тэрбум төгрөгийг жилийн 14.5 хувийн хүүтэй хадгалуулаад мөнгөө авч чадахгүй байгаа компани ч байгаа аж.
Түүнээс гадна татвар төлөгч бидний ажил хийж, хуруу хумсаа хуйхлан байж олж, даатгалд төлдөг мөнгө ч тус банкинд бага хувийн хүүтэйгээр байршиж, банкны удирдлагуудад мөнгө угаах боломжийг олгосон талаар өмнө нь мэдээлж байсан билээ.
Тодруулбал, Эрүүл мэнд нийгмийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөг тус банкинд 2017 оноос хойш байршуулагджээ. Хүү багатай байршуулсныхаа төлөө тус сангийн дарга Ч.Алтанхуяг “Чингис хаан” банкнаас хахууль авдаг байсан нь хуулийн байгууллагаар тогтоогдож, бүр шүүхээр орж торгуулийн ял авсныг мэдэх байх.
Тэгвэл иргэд болон компаниудын хадгалуулсан мөнгө хаашаа орсон бэ. Иргэдийн итгэл дээр дөрөөлж мөнгийг нь өндөр хүү амлаж, банкиндаа байршуулж, мөнгийг нь эргэлдүүлж байсан “Чингис хаан” итгэлийг нь яагаад хөсөрдүүлэв.
Өнөөдөр тус банкны санхүүгийн байдал доголдож, эрсдэл үүрч эхэлсэн бөгөөд удахгүй Монголбанкнаас дампуурлыг нь зарлаж магадгүй болоод байна. Өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлж мөнгөө болон хүүгээ авч чадахгүй байгаа иргэд арга мухардаж байна.
Сүүлдээ банкны удирдлагууд нь уулзахгүй зугтаадаг болов. Уулзсан ганц нэг удирдлага нь худлаа хэлж өдөр хоногийг аргацааж байгаа талаар хохирсон харилцагчид ярьсан юм.
Ямар ч компани, аж ахуйн нэгж, сан, иргэн мөнгөө аваагүй юм байна. Тэгэхээр Эрүүл мэндийн даатгалын 30 тэрбум төгрөг салхинд хийсч үгүй болох нь. Энэ банк яг Капитал банкны араас орж болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Нөгөөтэйгүүр ингэж банк дампууруулж мөнгө угаадаг муухай жишиг нийгэмд тогтсон юм биш биз дээ.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг “Чингис хаан” банктай 2017 оны наймдугаар сарын сүүлчээр мөнгөн хадгаламжийн гэрээг жилийн 15.2 хувийн хүүтэй байгуулсан ажээ.
Улмаар 2018 оны нэгдүгээр сарын 30-нд “Чингис хаан” банкан дахь 3201.... дугаартай харилцах дансны үйлчилгээний гэрээг жилийн 5.5 хувийн хүүтэй байхаар, энэ оны гуравдугаар сард уг дансны үйлчилгээний гэрээн зургаан хувийн хүүтэй байхаар нэмэгдүүлсэн байна.
Хэдийгээр энэ нь хууль, журмын дагуу хийж буй ажил ч “Чингис хаан” банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөгийг банкандаа байршуулах гэрээ хэлцлийг Ч.Алтанхуягтай хийсэн нь хуулийн этгээдэд давуу байдал бий болгосон үйлдэл гэж хуулийн байгууллагаас үзсэн.
Ийнхүү давуу байдал бий болгосных нь төлөө “Чингис хаан” банкны хувьцаа эзэмшигч “Нью стандарт финанс” ХХК-ийн дансаар урьдчилгаа хэлбэрээр сар бүр байршуулсан мөнгөн дүнгийн хоногийн үлдэгдлийн 1-2 хувиар хүү тооцож таван удаагийн гүйлгээгээр хахууль өгсөн нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон аж.
Гэхдээ тэднийг санхүүгийн луйвар болзошгүй үйлдэлд гэм буруутай, эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Гэвч өнгөрсөн сарын дундуур шүүхээс тэдэнд холбогдох хэргийг хялбаршилсан аргаар шийдвэрлэж, торгуулийн ял буюу төрийн албанд ажиллах эрхийг нь хоёр сараар хассан байна. Мөн тус банкинд ямар ч сангийн мөнгийг байршуулахыг хориглосон шийдвэр гаргасан юм.
Тэгэхээр тус банкинд байгаа сангийн мөнгөнүүдээ татаж авах гэтэл тус банк мөнгө байхгүй гэсэн шалтгаантай өдөр хоногийг аргацааж байгаа харамсалтай.
“Чингис хаан” банкны ТУЗ-ийн гишүүд болон “Нью стандарт финанс” ХХК-ийн өмчлөгч зарим хүнээс тайлбар мэдүүлэг авсан байна. “Нью стандарт финанс” ХХК-ийн өмчлөгч иргэн Д.Батаа тус компанийн 46, Ш.Бүтэд 31, Ц.Баярсайхан 23 хувийг эзэмшдэг юм байна.
Эрүүгийн, тэр дундаа авлигын хэргийн яллагдагчаар татагдсан “Чингис хаан” банкны ТУЗ-ийнхэн, хөрөнгө оруулагч “Нью стандарт финанс” ХХК-ийн удирдлага болон банкны гүйцэтгэх захирал Сүхбаатарын Сандагдорж нар улс төрд нөлөө бүхий этгээд болох ЭМДЕГ-ын Чулуунбатын Алтанхуягт хахууль 86.2 сая гаруй төгрөгийн хахууль өгсөн үйлдлээ үнэн гэж хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байдаг.
Ийнхүү давуу байдал болон албаны байдлаа ашиглаж, мөнгө угаах луйвар хийх, угаасан мөнгөө өөр зүйлд зарцуулдаг бүлэглэл байгаад тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигч нар бухимдаж байна. Тиймээс тэд шат шатны байгууллагад хандаж, шаардах бичиг өгсөн бөгөөд энэ долоо хоногт мөнгийг нь гаргаж өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэдгээ ч хэлсэн юм.
Тус банкинд мөнгөө хадгалуулсан иргэд бол аж ахуйн нэгж, даатгалын сангууд мөнгөө авч чадахгүй байдалд хүрчээ. Тиймээс 30 гаруй иргэд нийлж нэгдэж “Хохирогчдын холбоо” байгуулж, өчигдрөөс эхэлж шаардах бичиг хүргүүлж, шат шатны хуулийн байгууллагад хандахаар болжээ.