УИХ-ын даргын ОНЦЛОХ ишлэлүүд: Ипотекийн зээлийн төлбөрийг 3 сараар хойшлуулахаар боллоо
Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа түүхэндээ анх удаа цахим технологийг ашиглаж, өнөөдөр 12 цагт гишүүдийн 70 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуулийн хугацаандаа дэлхийн болон Монголын парламентын түүхэнд урьд өмнө тохиолдож байгаагүй онцгой нөхцөлд эхэлж байгааг онцлов.
Мөн коронавирусийн цар тахал дэлхийн 211 улсад тархаж халдварласан хүний тоо 1.2 саяыг давж, 70 шахам мянган хүн энэ өвчнөөр хорвоог орхисныг онцлоод Монгол Улсын төр, засгаас өвчний халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр оновчтой, шуурхай шийдвэрийг цаг алдалгүй гарган, хэрэгжүүлж, ард иргэд маань төрийн шийдвэр, иргэний үүргээ нэн хариуцлагатай, ёсчлон биелүүлж байгаад талархал илэрхийллээ. Ингээд түүний хэлсэн үгнээс онцлох ишлэлүүдийг онцлон хүргэж банйа.
- Дөнгөж сая, чуулганы хуралдаанд орж ирэхийн өмнө Ц.Чинбаяр эмчтэй утсаар яриад “Та нэг хариад, амсхийгээд ирэхгүй юм уу” гэж хэлэхэд “Өвчтөнүүдээ эмчилж, үр дүнг нь харж байж харина аа. Ар гэрээсээ зөвшөөрөл авсан. Би яах вэ, улс орны маань санхүү ямар байгаа бол? Эм, эмнэлгийн хүрэлцээ, хангамжид анхаараарай. Манай Сайд биднийг бүх талаар дэмжин тусалж, шаардлагатай бүхий л нөхцөлийг хангахын төлөө ажиллаж байгаа шүү” гэхийг сонсоод бахархах, хүндлэх сэтгэл өөрийн эрхгүй төрлөө.
- Хүнсний хангамжид доголдол үүссэнгүй. Маск, ариутгалын бодисын үйлдвэрлэл, хангамж нэмэгдлээ.
- Монголбанкнаас бодлогын хүүгээ бууруулж, 65 мянган иргэдийн ипотекийн зээлийн төлбөрийг 3 сараар хөнгөлж, хойшлуулах шийдвэр гаргалаа.
- Зорилтот бүлгийн зээл, хүүгийн хугацааг хойшлуулах, тохируулга өөрчлөлт хийхээр шийдвэрлэж, ажиллаж байна.
- Эдийн засгийг дэмжих 5 их наядын багц төлөвлөгөө, холбогдох хууль тогтоомжийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад байна. Энэ 7 хоногт хэлэлцэн батлахаар төлөвлөж байна.
- “Сэтгэлд гал байвал зууханд гал олддог” гэдэг. Сэтгэл зориг гаргасан эрс шийдэмгий шийдлүүд амжилттай хэрэгжиж байгаагийн нэг жишээ нь утаагүй түлш юм.
- Дараа жил утааг дахин бууруулахыг үүрэг болгож байна.
- Цаашид Онцгой байдлын сан байгуулж, зайлшгүй шаардлагатай арга хэмжээнд зарцуулах, банкны өр барагдуулах замаар халдварт өвчин, хорт хавдрын үйлчилгээний шинэ эмнэлэг байгуулах, эрүүл мэндийн үйлчилгээг дэмжих, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлс, урамшууллын асуудлыг шийдвэрлэх, банкны салбарт реформ хийх зэрэг чухал арга хэмжээнүүдэд УИХ, Засгийн газартай хамтран хаврын чуулганы хугацаанд онцгой анхаарч ажиллана.
- Тайвшрах цаг яагаа ч үгүй, дэлхий даяар нөхцөл байдал хүнд байна. Аюулт вирус хэчнээн хүнд халдварлахыг, дэгдэлт нь хэр удаан үргэлжлэхийг, ямар хэмжээний хор хөнөөл учруулахыг хэн ч яг таг хэлж мэдэхгүй байна. Дэлхийн улс төр, эдийн засаг, олон улсын харилцааны орчин ч тодорхойгүй, ээдрээтэй боллоо.
- Хаврын чуулганаараа бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг “амилуулах” олон чухал хуулийг эрэмбэ дараатай хэлэлцэн баталснаар бүрэн зураглал нь гарах юм. Үр дүнд нь шударга, хариуцлагатай, тогтвортой, ёс зүйтэй, иргэнээ дээдэлсэн Монгол төр төгөлдөрших ёстой.
- Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн бусад эрхүүд нь хязгаарлагдсан учир шинэчлэгдэн батлагдах Улсын Их Хурлын тухай хуулиар Гишүүд иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэгч, зөвхөн хууль тогтоогч болно.
- Эрүүл мэнд, боловсролын салбарт цэгцтэй, оновчтой, бүрэн шинэчлэл хийхийг цаг үе шаардаж байна. Эдгээр салбарт техник, технологийн шинэчлэлтийг далайцтай, зоримог хийх хэрэгтэй болжээ.
- Сүүдэрт ч цэцэг ургадаг гэдгийг санаж энэхүү бэрхшээл сорилтыг шийдэл, шинэ боломж болгоцгооё гэж уриалж байна.
УИХ-ын даргын ОНЦЛОХ ишлэлүүд: Ипотекийн зээлийн төлбөрийг 3 сараар хойшлуулахаар боллоо