| | USD/MNT 0₮
Өнгөрсөн сард улс төрийн намууд Үндэсний аудитын газарт УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр тус газраас мэдээлэл хийж МАН, АН-ын эвсэлүүдийн мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй гэж үзсэн байна. Тиймээс мөрийн хөтөлбөрөө ажлын таван хоногт багтаан засварлах хугацаа өгчээ.
Дашрамд сонирхуулахад, МАН мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа “Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын төсөл зэрэг бодлогын баримт бичгүүдийг үндэслэсэн бөгөөд нийгэм дэх тэгш бус байдлыг багасгах, нийгмийн хөгжил иргэн бүрт тэгш шударга хүрэх, дундаж давхаргыг дэмжих зорилтыг онцлон тусгажээ. Түүнчлэн 2016-2020 оны МАН-ын УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, иргэд олон нийтийн өгсөн үнэлэлт, салбарын эрдэмтэн судлаачдын дүгнэлтэд үндэслэн амжилттай хэрэгжиж буй хөтөлбөр, бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлэхээр тусгасан байна.
Харин Ардчилсан нам /АН/ 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө “Монгол өрх-Хөгжлийн бодлого” нэртэй мөрийн хөтөлбөр боловсруулж өргөн барьсан. “Хөтөлбөрийн гол цөм нь монгол айл бүрийн амьдралд өсөлт гарахад чиглэнэ. Монгол Улс түүхий эдээ экспортолж биш, үйлдвэрлэж боловсруулдаг байх ёстой. Тиймээс баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ түлхүү дэмжиж айл өрх бүрийг дэлхийн дундажтай ижил орлоготой болгоход чиглэнэ. Цалингийн доод хэмжээг гурван сая төгрөгт хүргэх юм. Үнэгүй орон сууцыг урьтал болгохгүй. Иргэн бүр өөрийн хөдөлмөрөөр, тохилог, хүсэл сонирхолдоо нийцсэн орон сууцаа худалдан авах боломжийг бүрдүүлнэ гэжээ.
Тэгвэл дээрх хоёр намын мөрийн хөтөлбөрийг амлалтын шинж гэж үзэж дүгнэн хэрэгжих боломжгүй гэж үзсэн байна.
Харин парламентад суудалгүй 7 намын мөрийн хөтөлбөр шалгуурт нийцсэн байна. ҮАГ шалгуурт нийцээгүй мөрийн хөтөлбөр боловсруулсан улс төрийн намуудад 5 хоногийн хугацаа олгов. Эс бөгөөс сонгуульд оролцох эрхгүй болно.
Үндэсний аудитын газраас өнөдөр мэдээлэл хийж МАН, АН-ын эвсэлүүдийн мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй гэж үзсэн байна. Тиймээс мөрийн хөтөлбөрөө ажлын таван хоногт багтаан засварлах хугацаа өгчээ.