| | USD/MNT 0₮
Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ш.Адьшааг төрөөс төрсөн тэрбумтануудын нэг ч гэдэг. Нийслэлд болон нутагтаа хэд хэдэн компани аж ахуй нэгжтэй тэрбээр өнгөрсөн 2015 онд ЖДҮХС-аас зээл авсан нь баримтаар ил болсон билээ. Жирийн иргэдэд олдох боломжоос хумсалж, авсан зээлээ эргүүлэн төлөөгүй УИХ-ын гишүүд болон бизнесмэнүүд зээлээ эргүүлэн төлсөн үү.
Тодруулбал, Д.Эрдэнэбат 2014-2016 оны хооронд Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа Н.Алтанхуягийн Засгийн газраас бонд, Чингис бондын эх үүсвэрээс арьс шир, ноос ноолуур, оёдол, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 108 төсөлд 178.2 тэрбум төгрөг, ЖДҮХС-гаас 1572 төсөлд 241.4 тэрбум төгрөг, нийт 1680 төсөлд 419.7 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Мөн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас ажлын байр нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Сум хөгжүүлэх сан”-гаар дамжуулан 13198 иргэн, аж ахуйн нэгжид 75.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байна.
Үүнээс хуульч Ш.Адьшаагийн “Ховд хаан бирж” ХХК зургаан тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл авсан байдаг. Тус компани нь арьс ширний үйлдвэрлэлийн чиглэлээр дээрх хөнгөлөлттэй зээлд хамрагдсан ч зориулалтын дагуу ашиглаагүй аж.
Тэгсэн хэрнээ Ховд аймагт баригдах цэвэрлэх байгууламжтай холбоотойгоор үйлдвэрийн барилгын ажил эхлээгүй, одоогоор газар эзэмших гэрчилгээ, үйлдвэрийн ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ хийлгэснээс өөр үзүүлсэн баримт байхгүй. Түүхий эд, тоног төхөөрөмжинд зарцуулсан гэх тайлан ирүүлсэн боловч тайлан нь санхүүгийн анхан шатны баримтаар энэ нь нотлогдоогүй ба төслийг зориулалтаар явуулж байгаа эсэх нь тодорхой бус, холбогдох баримт бичиг болон үйлдвэрлэл явуулж байгаа байрыг үзүүлээгүй гэсэн зөрчил илэрчээ.
Ийнхүү Д.Эрдэнэбатын хяналт шалгалтгүй, хөнгөлөлттэй зээл нэрээр Ш.Адьшаад өгсөн зургаан тэрбум төгрөг хаашаа замхарсан нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, нэг компанид зургаан тэрбум төгрөгийн зээл олгосон ч эргэн төлөлт байхгүй, мөнгө нь салхинд хийсчээ.
---НАМ НАМЫН ӨВӨР ДАМЖИГЧ Ш.АДЬШАА---
Сонгууль бүрт сортолзож, нам нам дагаж, нутгийн зүг алдуул морь шиг гүйдэг Ш.Адьшааг нутгийнхан төдийгүй Монгол түмэн андахгүй сайн мэднэ. Хоёр удаагийн сонгуульд “хол” бүдэрсэн тэрбээр ирэх жилийн сонгуулийг өөртөө ээлтэй байгаасай хэмээн хүсч буй.
“Гаалийн” гэх тодотголтой тэрбээр байнгын ажиллагаатай парламентын босгыг алхах туйлын хүсэл сонирхолтой нэгэн. Тиймдээ сонгууль бүрээр төрсөн нутагтаа “нутагшиж” холын мөрөөдлөөр гүйцээхээр бэлтгэл ажилдаа эртнээс орсон сурагтай.
Үндсэн мэргэжил нь хуульч мэргэжилтэй тэрбээр Гаалийн байгууллагад олон жил ажилласан. Нутагтаа Прокурорын газарт мөрдөн байцаагчаас ажлын гараагаа эхэлж, улмаар хяналтын прокурор, туслах прокуророор мөрдэс сэлгэн олонд чамгүй танигдсан нь үнэн.
Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, “Буурал сор” ХХК-д захирал, ГЕГ-т хэрэг бүртгэгч, гаалийн байцаагч, ахлах байцаагч, Хэлтсийн дарга гэхчлэн олон газар дарга хийсэн намтартай. Зам тээврийн сайдын зөвлөх явсан тэрбээр одоо Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх гэдэг.
Нэгэн үе МАН-ын батлах өвөртөлж явсан тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуульд Ховд аймагт бие даан нэр дэвшиж, тойргийн нийт сонгогчдын 33 хувийн санал авч, удалгүй хөх сарнай тэврээд АН-д гүйж очиж байв. МАН-аас тойрог авч чадаагүйдээ гоморхсон тэрбээр АН-ын хаяа бараадаж, хамжиж, дэмжээд сонгогдоно гэж итгэснийх байх. Даанч харамсалтай нь АН түүнд нэмэр болж чадаагүй юм. Харин ирэх жил Ш.Адьшаа төрсөн нутагтаа бие даан нэр дэвших үү, АН-аас нэр дэвших үү гэдгээ хараахан шийдээгүй бөгөөд нам дотроо ярилцаж байж шийдвэрлэнэ гэх.
---АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН Ш.АДЬШАА---
Олон нийтийн дунд “Гаалийн” бус “Авлигын” Ш.Адьшаа ч гэгддэг. Одоогоос дөрвөн жилийн өмнө өөрийн үүсгэн байгуулсан “Улаанбаатар мед” эмнэлгийн магадлан итгэмжлэлийг гаргуулахын тулд хахуул өгч явсан гэх дуулиан хуучраагүй байна.
Тухайн үед эмнэлэг нь байгуулагдаад удаагүй байсан болохоор тогтвортой үйл ажиллагаагаа явуулаад хоёр буюу түүнээс дээш жил болсны дараа магадлан итгэмжлэлд орно гэсэн журмын заалтыг хангаагүй байжээ. Магадлан итгэмжлэл авах нь нэр хүндийн хэргээс гадна ЭМД-ын сангаас санхүүжилт авах эрх нээгддэг гэдгээрээ хувийн эмнэлгүүдэд ач холбогдолтой.
Тиймээс Ш.Адьшаа авлига өгч байж бүх асуудлаа шийдүүлсэн гэдгээ өөрөө ч хүлээн зөвшөөрсөн юм. Хэдийгээр хэргээ хүлээсэн ч Өршөөлийн хуульд хамрагдаж, хавтаст хэрэг нь хаагдсан түүхтэй.
Ш.Адьшаагийн “Ховд хаан бирж” ХХК зургаан тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл авсан байдаг. Тус компани нь арьс ширний үйлдвэрлэлийн чиглэлээр дээрх хөнгөлөлттэй зээлд хамрагдсан ч зориулалтын дагуу ашиглаагүй аж. Ховд аймагт баригдах цэвэрлэх байгууламжтай холбоотойгоор үйлдвэрийн барилгын ажил эхлээгүй, одоогоор газар эзэмших гэрчилгээ, үйлдвэрийн ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ хийлгэснээс өөр үзүүлсэн баримт байхгүй. Түүхий эд, тоног төхөөрөмжинд зарцуулсан гэх тайлан ирүүлсэн боловч тайлан нь санхүүгийн анхан шатны баримтаар энэ нь нотлогдоогүй ба төслийг зориулалтаар явуулж байгаа эсэх нь тодорхой бус, холбогдох баримт бичиг болон үйлдвэрлэл явуулж байгаа байрыг үзүүлээгүй гэсэн зөрчил илэрчээ.