| | USD/MNT 0₮

Ц.Баатархүү: Төрийн үйлчилгээ хялбар, цөөн, уялдаатай байна

“Өгөгдлийн интеграци: ХУР & ДАН шийдэл” төр хувийн хэвшлийн хамтарсан шийдэлтэй уулзалт өнөөдөр /2024.11.22/ болж байна. Төрөөс “Дижитал шилжилт” хийж байгаа боловч төрд буй мэдээллийг иргэн ашиглахдаа дахин лавлагаа авч, төрийн байгууллага хооронд дахин үйлчлүүлэх шаардлагатай болдог. Тиймээс төрд байгаа өгөгдлийг хиймэл оюунд суурилан эмхэтгэж, боловсруулж, иргэдэд нэг цонхоор үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг хөндлөө.  

 ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Өнөөдөр дижитал шилжилт хийгдэж байгаа ч төрд байгаа мэдээллийг лавлагаа болгож нэхсэн хэвээр байна. Энэхүү шилжилтийн хүрээнд төрийн ямар үйлчилгээ цөөрсөн бэ гэх асуулт гарч ирнэ. Шилжилт нэрийн дор дарга нар бүр өөр өөрийн шийдлийг санал болгохоос илүү нэгдсэн өгөгдлийг ашиглан, иргэдэд хүндрэлгүй үйлчилгээ үзүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл, хэлбэрийн төдий бус агуулга, үр дүнд анхаарч шийдлийг нэвтрүүлэхээр зорьж байна. Төрөөс үзүүлж буй үйлчилгээ хялбар, цөөн, уялдаатай байх ёстой. Нэг хүн 11 төрийн байгууллага дээр очдог биш “Дан” системээр өөрийгөө цахим орчинд таниулан төрийн үйлчилгээг авдаг байх, төрийн мэдээллийн суурь шинэчлэл хийхийн тулд цугларч байна. Хиймэл оюунд суурилсан стратегийг нэвтрүүлнэ. Ингэхдээ өгөгдлийг боловсруулах, сургах, эрэмбэлэх хэрэгтэй. Төрийн үйл ажиллагаа, шийдвэр гаргалтад хиймэл оюуныг ашиглахад нэгдэж, ажиллах хэрэгтэй болж байна. ЦХИХХЯ-ны хийх ёстой зүйл бол “Дижитал шилжилт”-ийг сууриар нь шийдэх. Төрийн үйлчилгээ болгоныг цахимжуулах тухай ярьж байгаа ч төрд байгаа дата мэдээллийг нэгтгэх, зарим үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх, мэргэжлийн холбоонд өгөх тухай ярьж эхлээгүй байна. Хэлбэрт баригдалгүй, асуудалд хандсан, шийдэлд төвлөрсөн, үр дүн гаргасан уулзалтыг хийхээр зорьж, энэхүү уулзалтыг зохион байгуулж байна” хэмээн онцоллоо.

Харамсалтай нь e-mongolia системээс гаргасан лавлагааг хувийн хэвшил хүлээн зөвшөөрөхгүй, тэр дундаа арилжааны банкуудын шаардлага иргэдэд хүндрэл учруулах нь бий. Иймд төрд байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй, “ХУР”-ын системийг ашиглах нь чухал. Тодорхой хэлбэл, Иргэний үнэмлэхний лавлагааг 315 сая удаа ХУР-ын системээс татан хэрэглэсэн нь иргэдийн дунд хамгийн эрэлттэй үйлчилгээ болоод байна.

Мөн ХУР системээс Нийгмийн даатгалын даатгал, Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй тодорхойлолт, шилжилт хөдөлгөөн, хуулийн этгээдийн нэр авах үйлчилгээ, жолооны үнэмлэх захиалга, эмнэлэгт цаг авах болон шинжилгээний хариу авах, автотээврийн хэрэгсэл болон жолоочийн торгуулийн төлбөр төлөх, цахим гадаад паспортын захиалгатай холбоотой гомдлууд түгээмэл иржээ.

Харин тээврийн хэрэгслийн татвар төлсөн нэхэмжлэлийн түүх, зээлийн мэдээлэл, эцэг эсвэл эхийн регистрээр хүүхдүүдийн мэдээлэл харах, нас барсны бүртгэлийн лавлагаа, оюутны цахим карт, хуулийн этгээдийн мэдээлэл дамжуулах, импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн мэдээлэл зэрэг нь хамгийн ихээр тасалддаг байна. Тиймээс иргэд “ХУР” системийг түгээмэл хэрэглэдэг тул энэхүү системд хөгжүүлэлт хийж, хөрөнгө оруулах шаардлага байна.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.