| | USD/MNT 0₮
Төрийн ордонд "Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт" хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой УИХ-ын хяналтын сонсгол болж байна.
Энэ үеэр иргэн Р.Ганхуяг "Би 2015 оны наймдугаар сарын 31-нд Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг баривчлах үед хамт баригдаж, Төв аймгийн цагдан хорих байранд найман сар буюу 240 хоног хоригдсон. 2016 оны дөрөвдүгээр сарын 28-нд батлан даалтад гарч, 2016 оны есдүгээр сарын 21-нд хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гарснаар шүүхээр ороогүй үлдсэн. Харин 2019 он хүртэл хилийн хоригтой байсан. Энэ хугацаанд би есөн жил нөхөн олговрын талаар хөөцөлдөж байна. Прокурорын байгууллага хэрэгсэхгүй болгосон тогтоолыг нууц гэх үндэслэлээр өгдөггүй байсан. Нууцаас гарсан хойно ч өгөөгүй. Өнгөрсөн жил 2023 оны долдугаар сард Мөрдөн байцаах газраас тогтоолыг авч шүүхэд өгсөн. Олон улсад Монголын нэр хүнд уначихлаа. Эрүүдэн шүүлтээрээ манай орон олон улсад нэгдүгээр байрт явж байх шиг байна. Тэгэхээр нөхөн олговрынхоо асуудлыг эхний ээлжид шийдэж өгөөч. Хүний эрхийн байгууллагын хууль эрх зүйн хүрээнд жаахан нөлөөтэй байгууллага болгомоор байна" гэв.