| | USD/MNT 0₮
Манай улсын гаалийн байгууллагад бугшсан, авилгийг гааруулсан, худалдаа эрхлэгчдэд хүндрэл учруулж, татаас авдаг асуудал удаан хугацаанд үргэлжилж буй. Үүнийг ч олон худалдаа эрхлэгчид ам дамжин ярьсаар ирсэн ч энэ салбар доторх идээ бээр шахагдахгүй хэвээр байсаар л байна. Үүнээс шалтгаалж гаалийн байцаагчид өгсөн татаас, авилгийн мөнгийг худалдаа эрхлэгчид зарах бараа бүтээгдэхүүндээ шингээж иргэдээс олдог. Энэ бол эдийн засгийн энгийн зарчим мөнөөс мөн.
Тэгвэл сүүлийн үед Гаалийн байцаагчдын үндэслэлгүй, богино хугацаанд хөрөнгөжсөн асуудлыг хэвлэлээр мэдээлж байгаа. Тухайлбал,
Гаалийн байцаагч Б.Төгсбаярын хөрөнгө оруулгын мэдүүлгээр 2020-2023 гурван жилийн хугацаанд өөрийн орлого 12 сая500 мянгаас 105 сая болжээ. Харин гэр бүлийн жилийн орлого 8 сая 800 мянгаас 1 тэрбум 102 сая төгрөг болж нэмэгдсэн аж. Гурван жилийн өмнө нэг орон сууцтай байсан бол гурван орон сууц, 16 автомашинтай болжээ.
Норовжавын Уранчимэг- Жилд 29 сая төгрөгийн орлоготой, 4.2 тэрбум төгрөгийн хоёр орон сууцтай, 720 сая төгрөгийн Infiniti FX35, Lexus 570, Lexus LX 460, Land Cruiser 300 загварын дөрвөн жийптэй, 130 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 1.0 тэрбум төгрөгийн хадгаламжтай, сейфэндээ бэлнээр 370 сая төгрөгтэй. Нэг ч компанигүй.
Жанлавын Алтанчимэг- Жилд 26 сая төгрөгийн орлоготой, 2.2 тэрбум төгрөгийн таван орон сууцтай, нэг зуслангийн хаустай, 212 сая төгрөгийн Toyota Land Cruiser 200, Nissan Vanette, Lexus RX 350 загварын гурван автомашинтай, 17 сая төгрөгийн хадгаламжтай. Нөхөр нь “Номун тал” ХХК-ийг эзэмшдэг.
Энэ мэтчилэн иргэд худалдан авалт хийх бүртээ худалдаа эрхлэгчдийн гаальд өгсөн татаасны мөнгийг бараан дээрээ нэмж төлсөөр гаалийн байцаагчдыг ингэтэл нь баяжуулсан гэхээр харамсалтай.
Дэлхийн эдийн засгийн харилцаа Гадаад худалдаа, гадаад хөрөнгө оруулалт, технологийн дамжуулалт, ажиллах хүчний шилжих хөдөлгөөн, олон улсын мөнгө санхүүгийн тогтолцоо гэх үндсэн таван хэлбэрээр явагддаг. Мэдээж гааль бол гадаад худалдааны эдийн засгийн харилцаанд багтана. Эдгээр таван хэлбэрийн харилцаа зурагт үзүүлж буйгаар эдийн засгийн өсөлт, Ард иргэдийн амьдралын түвшний дээшлэлтээс пропорциональ буюу шууд хамааралтай.
Эдийн засгийн юмс үзэгдэл, үйл явцууд нь хоорондоо нягт холбоотой, харилцан шүтэлцээтэй, нэг нь нөгөөхөөсөө хамаарсан шинжтэй байдаг. Энгийнээр тайлбарлавал микро эдийн засаг бол голын ай савууд юм. Үүнд хэрэглэгчид, жижиглэн худалдаачид, үйлдвэрлэгч, компани, салбар зэрэг багтана. Эдгээр жижиг голын ай савууд нийлж нэг том гол, мөрөн, нуурт цутгаж макро эдийн засагт нөлөөлнө. Макро эдийн засагт дотоодын нийт бүтээгдэхүүн, инфляц, хөрөнгө оруулалт, олон улсын худалдаа зэрэг багтана. Макро нь микродоо, микро нь макродоо нөлөөлж байдаг.
Товчхондоо энэ далд хэлбэрээр явагдах худалдаа эрхлэгчдийн гаальд өгөх татаас, авлига нь зөвхөн наймаачдад хамаарна гээд тоохгүй өнгөрөөж болохгүй иргэдэд ч хамааралтай асуудал юм. Мөн түүнчлэн өөрийн хөлс хөдөлмөрөөрөө хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдарч яваа иргэдээ шимэгчилж баяждаг, өлөн хорхойнуудын үүр болсон гаалийн байгууллагат шударга ёс нэн хэрэгцээтэй байна.