| | USD/MNT 0₮

Төрийн өмчит компанийн дарга нар өөрсдөдөө 970 САЯ төгрөгийн урамшуулал олгожээ

Өнөөдөр Засгийн газар хуралдсан. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал төрийн өмчит компаниудад хийсэн аудитын тайланг танилцуулав. Тэрээр

-Төрийн өмчит компаниудын 5 нь л ашигтай, бусад нь ашиггүй ажиллаж байна. Хууль дүрмийн мөрдөлт хангалтгүй, тооцоолоогүй зардал гаргадаг, засаглал нь хангалтгүй байна. Тэгсэн атлаа үр дүнгийн урамшуулал авчээ. Тодруулбал, төрийн өмчийн, алдагдалтай ажилладаг есөн компанийн дарга нар өөрсдөдөө 970 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал цалин гэж олгожээ.

Мөн төрийн өмчийн компаниуд дур мэдэн огт төлөвлөөгүй, юу нь мэдэгдэхгүй 158 ажилд төсвийн 300 тэрбум төгрөг үрэн таран хийсэн. Цаашид үүнийг зогсооно. Төр ямар салбарт бизнес хийхээ хувийн хэвшлийнхэнд ил тод мэдээлдэг болно.

Төр бодлого гаргаж, өөрөө хэрэгжүүлж, өөрөө зохицуулж байна. Үүнийг өөрчилнө. Төрийн өмчит, орон нутгийн өмчит, төрийн оролцоотой гэх мэт олон статустай компаниуд бий. Эдгээрийг хууль баталж, цэгцэлнэ. Зарим компани ТУЗ байна. Ингэхээр гүйцэтгэх багт хяналт тавих механизмгүйгээр ажиллаж иржээ. Цаашид тухайн компани ашигтай ажилласан тохиолдолд л үр дүнгийн урамшуулал авдаг байх нь зөв. Төрийн компаниуд нийт 22 тэрбум төгрөгийн өр төлбөртэй болсон.

ЗГХЭГ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, яамд төрийн өмчит компаниудыг удирдлагаар хангаж байна.  Үүнийг ч цэгцэлж, төрийн өмчит ААН-үүдийг нээлттэй ХК болгож, ашиггүй ажилласаар байвал татан буулгахаас өөр аргагүй. Зардал нь өндөр байхад л цалин, орон тоогоо нэмсээр байна. Төсвөөс гадуурх хяналтгүй байдал газар авсан тул засах шаардлагатай.  

Төрийн байгууллага бүр хуулийн хэлтэстэй, маркетингийн газартай байх албагүй. Эдгээр үйлчилгээг аутсорсингоор авч болно. Шинэ хуульд төр ямар ажил үйлчилгээ эрхлэхийг ч заана. Ингэхээр хувийн хэвшлийнхэнд олон зүйл ил тод, ойлгомжтой болно. ТҮК төрийн өмчит компаниудаас илүү нэр хүндтэй болжээ. Олон нийтийн дунд төрийн компаниуд ихээхэн нэр хүндгүй болжээ.

Хамгийн ойрын хугацаанд хийх ажил бол төрийн өмчит компаниудад хөндлөнгийн аудит оруулж, бүх мэдээллийг ил болгоно. ТУЗ-ийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулна, компанийн тухайн хуулиар тайлангаа ил тод тавьдаг болно. Ашиг олох зорилгоор ажиллаж байгаа л бол төрийн өмчтэй байсан ч Компанийн тухай хуулийг мөрдөх нь зөв.

Одоо байгаа хуульд зааснаар төр стратегийн зургаан салбарт үйл ажиллагаа явуулахаар байна. Тэгэхээр энэ хүрээнд л төрийн өмчит компаниуд ажиллана. Энэ бодлогоо Засгийн газар таван жил тутамд зарлаж явна. Бид Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын дэмжлэг тусламжаар энэ хуулийн төслийг боловсруулна.  Мө зөвлөх үйлчилгээг хэд хэдэн компаниас авч байна гэв.   

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.