| | USD/MNT 0₮

СУДАЛГАА: Гурван ХҮҮХЭД тутмын нэг нь СЭТГЭЦИЙН АСУУДАЛТАЙ байна

Манай улсад эрэгтэй хүмүүс амиа хорлох тохиолдол харьцангуй их байгаа судалгаа гарчээ. Эрэгтэйчүүдийн дундах архины хэрэглээ, амьдралын буруу хэв хаяг, эмэгтэйчүүдтэй харьцуулахад сэтгэл зүйн асуудлаа нээлттэй ярилцаж чаддаггүй зэрэг байдал нөлөөлдөг байна.

Багаас нь эрэгтэй хүн уйлдаггүй юм, дуугай бай, эр хүн зоригтой, хатуу чанга байх хэрэгтэй гэсэн хүмүүжлээр өссөнөөр өөрийгөө илэрхийлэх чадваргүй, сэтгэл хөдлөлөө удирдах чадваргүй болсноор өнөөх сэтгэл зүйн өөрчлөлт, дутуугийн комплекс гэдэг зүйлийг бий болгодог.

Мөн түүнчлэн гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн асуудалтай байна гэсэн судалгаа гарчээ. Тодруулбал, 6-14 настай хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг үнэлэхэд судалгаанд оролцсон гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн  тулгамдсан асуудалтай байна. 

 

Энэ талаар сэтгэл зүйч Ж.Ариунаа хэлэхдээ, “Гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн асуудалтай байгаад нь цахим орчин нөлөөлж байна уу гэвэл бараг л үгүй гэж хэлнэ.

Яагаад гэвэл хүүхдийн анхдагч хэрэгцээ бол хайрлуулах, тэврүүлэх, үнсүүлэх зэрэг нь хангагдаагүйгээс хүүхэд өөр зүйлд анхаарч, илүү сонирхолтой зүйлд татагдаж эхэлсэн байдаг.

Аав, ээж хүүхдийн анхдагч хэрэгцээг хангаж чадаж байгаа эсэх дээр эхлээд анхаарах хэрэгтэй. Хүүхэд тань тантай ярилцах гэж оролдох бүрд үгүйсгэх, хол байхыг шаардах нь таныг хүүхдээс чинь холдуулж байдаг. Эцэг эхчүүд маань өдөрт ядаж ганц цагийг хүүхдүүддээ зарцуулж, тэднийг сонсож, тоглож байх хэрэгтэй. Сонсож байгаа гээд яриад эхлэнгүүт нь шууд шүүмжлэх, шүүж дүрэмдэх горимд шилждэг. Гэтэл хүүхэд мэдээлэл авах, ойлголцох, нуулгүй ярилцах зорилготой байдаг.

Эцэг эхчүүд хүүхдийг гурван нас хүртэл нь ээнэгшүүлж буюу халуун зүйлийг нь хөргөж өгч, уйлахад нь аргадах гэх мэтээр өсгөдөг. Энэ үедээ хүүхэд намайг ямар ч үед хамгаалах юм байна гэсэн мэдээллийг авч байдаг. Дөрөв, таван настай үед нь буюу өөрөө биеэ даагаад ирэхэд ээнэгшил гэдэг зүйл алдагдаад эхэлдэг. Хүүхдээ бие даахад сургаж байгаа боловч манай ээж аав нар дүүтэй болсон үед нь том хүүхдээ анзаарах нь багасдаг. Энэ үед хүүхдийн сэтгэл зүй тогтворгүй болдог учраас эцэг эхчүүд уурлаж, бухимдаж эхэлдэг. Ингээд хүүхэд нас ахих тусам би хэрэггүй юм байна гэсэн орхигдсон мэдрэмж авч эхэлдэг. Ер нь хүүхэд есөн нас хүртлээ гэр бүлийн уур амьсгалаас суралцаж байдаг. 10 наснаасаа эхлээд орчноос суралцаж эхэлдэг. Энэ нь гадаа байгаа найз нөхөд, хэн нэгнээс суралцаж эхэлдэг. Тийм учраас хүүхдийн сэтгэл зүйн байдал өөрчлөгдөж байгааг яаж зогсоох вэ гэвэл зүгээр л хүүхдээ хайрла. Ямар ч болзол, шүүмжлэлгүйгээр хүүхдээ хайрлаж, үнсэж, тэврэх хэрэгтэй” гэв.

 

 

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.