| | USD/MNT 0₮
Өнгөрсөн бямба гарагт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Ар гүнтийн даваа орчимд том оврын автобус осолдож, ослын улмаас зургаан хүн газар дээрээ нас барж, нэг хүн эмнэлэгт хүрэх замдаа амиа алдаж, олон хүн бэртэж гэмтсэн осол гарсан билээ.
Тодруулбал, Дотоод хэргийн их сургуулиас Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн Замтын-Эх гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Наранбулаг” амралтын газрын чиглэлд явж байсан 39 зорчигчтой явсан том оврын автобус онхолдсон юм.
ГССҮТ-д төвд нийт 30 хүн хүргэгдэн ирснээс эмч мэргэжилтнүүд анхны тусламж үзүүлж, үзлэг оношлогоог цаг алдалгүй хийжээ.
Осолд өртсөн зорчигчдын хөнгөн гэмтэлтэй 10 хүнийг Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг рүү тэр өдрөө шилжүүлсэн бол 20 зорчигч ГССҮТ-д хэвтэн эмчлүүлжээ.
Тэгвэл Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийг ДХИС-ийн захирал хурандаа Ш.Лхачинжавын тушаалаар хэлтсийн дарга болон сургуулийн алба хаагчид шөнө ээлж ээлжээр сахиж байгаа ажээ. Шөнө сахисан ээлж нь өглөө 09.00 цагаас бууж дараагийн хүнд ээлжээ хүлээлгэж өгч байгаа юм байна.
Осолдсон хүмүүс ихэвчлэн хүзүү, нуруу, тархи мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгааг эмч мэргэжилтнүүд хэлэв.
Өчигдрийн байдлаар ГССҮТ-ийн эмнэлгээс зургаан хүн гарч, 14 хүн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд одоогоор хоёр хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Тэгвэл ДХИС-д нүүрлэсэн энэ харамсалтай зүйлд хэн хариуцлага хүлээх вэ. Долоон хүний амь үрэгдэнэ гэдэг дэндүү харамсалтай.
Эх сурвалжуудын мэдээллээр тухайн ажилчид нь ДХИС-ийн 85 жилийн ойгоо тэмдэглэж яваад ийнхүү осолдсон гэх. Осолдсон тухайн автобусанд ДХИС-ийн үйлчилгээний буюу харуул, мужаан, хоол бэлтгэгч, цэвэрлэгч гээд үйлчилгээний ажилтнууд зорчиж явсан.
Иймээс ДХИС-ийн захирал хурандаа Ш.Лхачинжавыг уг осолд тайлбар хийхийг олон нийт шаардаж байна.
Тус сургуулийг толгойлж, оюутнууд хийгээд, багш, ажилчдын бүхий л асуудлыг хариуцаж хянах ёстой генерал Ш.Лхачинжав. Энэхүү харамсалтай хэрэгт ДХИС-ийн захирал та болоод Хил хамгаалах газар, холбогдох яам энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ.
Амралтын өдрүүдэд тэнгэр муудаж, цас орно, зам даваа хаагдаж болзошгүй гэдгийг анхааруулж байсан. Иймээс ажилчдынхаа аюулгүй байдлын үүднээс сануулга гаргаж, холбогдох шийдвэрийг гаргаж болох байсан. Нэг үгээр Ш.Лхачинжав генерал та, хариуцсан байгууллагынхаа ажилчдад тавих анхаарал суларснаас аймшигт осол гарч, долоон хүн ам насаа алдлаа. Генерал болоод танай сургуулийн удирдах түвшний хүмүүс үүнд ямар тайлбар өгч, ямар хариуцлага хүлээх вэ.
О.Гал
Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийг ДХИС-ийн захирал хурандаа Ш.Лхачинжавын тушаалаар хэлтсийн дарга болон сургуулийн алба хаагчид шөнө ээлж ээлжээр сахиж байгаа ажээ.