| | USD/MNT 0₮

Д.Өсөхжаргал: “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэдэг хамгийн чанга дэглэмтэй, ховор экосистемд аюул занал учруулна

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нарансэвстэйн боомтыг ирэх 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нээх тогтоолын төсөл санаачилж, Баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлээд байгаа юм.

Мөн “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д огт тусаагүй Нарансэвстэйн боомтыг нээх асуудал хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт гэнэт тусаад буй.

Нарансэвстэйн боомт нь Говийн их дархан цаазат газрын А хэсгийн урд хилд оршдог. Харин энэ нь мазаалай, хавтгай зэрэг нэн ховордсон амьтдын мэнд үлдсэн түшиц нутаг, дэлхийд цор ганц үлдсэн говийн экосистемийн төлөөлөл юм.

ӨНӨӨДӨР Г.ГАЛТАЙХҮҮ, Д.ӨСӨХЖАРГАЛ, БОЛОР НАР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЛЭЭ.

Байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн, зохиолч Чинагийн Галсангийн хүү Галтайхүү “Нарансэвстэйн боомтыг нээж, дархан цаазат А газраар зам тавих нь амьтдад хохиролгүй гэж тайлбарлацгааж байна. Гэтэл замын маршрутын дэргэд олон уст цэг бий. Тэдний зөвхөн нэгэнд нь л гэхэд жилд 500-1000 удаа зэрлэг амьтан ирж ундаалсан статистик байна.

Иргэдийн аж амьдрал сайжирна, Ганьсу мужтай тус боомтоор шууд холбогдвол эдийн засгийн байдал дээрдэнэ гэж хэлээд байгаа. Гэтэл Монгол Улсын хэмжээн дэх 39 боомтыг онцолж буй нь ямар учиртай вэ. Эрдэмтдийн байр суурь, судалгаа, олон улсын байгууллагуудын дүгнэлт зэргийг үзээд “Аюул эрсдэл байхгүй” хэмээж буй улстөрчдийн буруу болохыг ойлгоно гэж итгэж байна” гэлээ.

Харин МУИС-ийн багш эрдэмтэн, 20 гаруй жил тахь хамгаалахаар Говийн их дархан цаазат газар ажилласан Д.Өсөхжаргал “Энэхүү Говийн их дархан цаазат газрын А хэсэг нь 4.6 сая га талбайтай. Манай улсын хамгийн том хэмжээ бүхий дархан цаазат газар. Дэлхийд дээрээсээ 15-д эрэмбэлэгддэг. Дэлхий нийтийн анхаарлыг татсаар байгаа шалтгаан нь, говийн экосистемийн дахин давтагдашгүй, орлуулах боломжгүй цор ганц төлөөлөл энд бий. Иймд 1975 онд АИХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор тусгай хамгаалалтад авсан. 1994 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлахдаа ч зэрэглэлийг нь өөрчлөөгүй.

Энэ бол Төв азийн говь цөлийн амьтдын өлгий нутаг. Бие том товироор нь мазаалай, хавтгайг ярьж буй болохоос ер бүх амьтан нь ховордлын зэрэг өндөртэй. Дэлхий нийт өөрөө тэднийг хамгаалахаар хичээж байгаа. 50 жил хамгаалагдсан газар маань Нарансэвстэйн боомтыг сэргээснээр салхинд хийсэх болно.

Та бүхэн эрдэмтэд яагаад гэнэт өнөөдөр дуугарав хэмээн бодож магадгүй. Энэ заалт хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2024.08.27-нд гэнэт орж ирсэн. “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д байхгүй сондгой заалт.

 Бид бүх боомтыг үгүйсгээгүй. Зөвхөн мөрийн хөтөлбөрийн 3.3.2.8 буюу “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн энэ ганцхан заалтын тухай ярьж байна. БНХАУ-тай хиллэдэг 4409 км газарт 12 боом бий. Нарансэвстэйгээс зүүнш Шивээхүрэн, баруунш Бургастайн боомт бий. Тэдгээрийг сэргээж нээвэл зам тавих, хөгжүүлэх ажил хамаагүй төсөр бөгөөд хялбар. Гэтэл хамгийн чанга дэглэмтэй, хамгийн ховор экосистемд аюул занал учруулах гэж байна. Говь гэдэг экосистем зөвхөн монголд илэрдэг, тийм ч учраас орчуулагдаггүй.

Иймд УИХ-ын 126, Засгийн газрын дөрвөн гишүүнд энэ говь нутгийн энэ үнэ цэн, дэлхийн байгууллагуудын байр суурь, Дэлхийн байгаль хамгаалах холбооноос Ерөнхийлөгчид хандаж илгээсэн захидал бүхий баримт материалуудыг илгээж байна.

УИХ-ын чуулган дээр та бүхэн өөрийн гэсэн байр суурьтай байж, мөрийн хөтөлбөрөөс цор ганц тэр заалтыг цуцлуулж өгөөч гэж хүсмээр байна” гэлээ.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.