| | USD/MNT 0₮
“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 оныхоо цэвэр ашгаас ард иргэдэд ногдол ашиг хуваарилахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор 1072 хувьцаатай холбоотой мэдээллийг цаг алдалгүй шуурхай өгөх, мөн иргэдийн сонирхсон мэдээлэлд хариу өгөхөөр долоо хоног бүрийн даваа гарагт хэвлэлийн бага хурал хийж, ногдол ашигтай холбоотой болон бусад асуудлаар мэдээлэл өгч байна. Энэ удаагийн мэдээллийг тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр хийв.
Түүний хэлснээр өнгөрөгч долоо хоногт хувьцааны мэдээлэл авахаар 1800-1072 тусгай дугаартай лавлах утсаар 4356 хүн холбогдсон бол мэдээллийн төвийн байранд 325 иргэн биеэр ирж мэдээлэл, зөвлөгөө авчээ. Ингэснээр мэдээллийн төв нээгдсэнээс хойш давхардсан тоогоор нийт 29,054 иргэн биечлэн ирж, лавлах утсаар 69,745 иргэн мэдээлэл, зөвлөгөө авсан байна.
Коронавирусийн халдвартай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК аль болох онлайнаар данс нээх ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Тодруулбал, ЭТТ аппликейшнийг ашиглах, хувьцааны данс нээх хүсэлтэй 30 орчим брокерийн компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.
Энэ жилийн хувьд 29 компани ногдол ашиг хуваарилна хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдэгдээд байгаа. Нийт 29 компани ногдол ашиг олгохоос Мандал даатгал 2.5 тэрбум, АПУ ХК 76 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилах бол “Эрдэнэс-Тавантолгой” ХК 1 их наяд 80 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна. Үүнээс 199 тэрбум 700 сая төгрөгийг иргэд, ААН-үүдэд олгоно.
Мөн тэрбээр “COVID19-ын халдвараас улбаалан манай улсад бизнесийн цар хүрээ хумигдаж эхэлсэн. Гэхдээ “ЭТТ” ХК-ийн уурхайн үйл ажиллагаа 24 цагийн турш тасралтгүй, хэвийн явагдаж байна. Оны эхнээс гуравдугаар сарын 29-нийг дуустал 2.2 сая гаруй тонн нүүрс олборлож, 2.1 сая тонн нүүрс ачиж, 800 шахам мянган тонн нүүрс экспортлоод байна. Гашуунсухайтын боомтоор нүүрсний экспорт түр зогсоод дахин нээгдсэнээс хойш 22.6 мянган тонн нүүрс экспортолсон байгаа юм. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өнгөрсөн оны аравдугаар сараас хойш уналттай байгааг та бүхэн мэдэж байгаа. Гэхдээ “Эрдэнэс тавантолгой” ХК энэ бүхнийг урьдчилан тооцоолж, эрсдэлийн төлөвлөгөө гаргасан. Мөн УУХҮ-ийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Товчоор хэлбэл, компани болон уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Харин сүүлийн үед компанийн нэр хүндтэй холбоотой худал ташаа мэдээлэл, ялангуяа худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой гүтгэлгийн шинжтэй мэдээ мэдээллүүд цахим орчинд их тархаж байна. Энэ мэдээллүүдийг тухайн тендерт оролцсон иргэн, ААН-үүд санаатайгаар төлбөр төлж тарааж байгаа нь тодорхой болсон. Тиймээс худал мэдээлэл тараасан, бусдын нэр төрд халдсан, тендер шалгаруулалтын дүн гарах болоогүй байхад үр дүнд нөлөөлөх гэж оролдсон гэсэн үндэслэлүүдээр манай компанийн зүгээс хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хандсан.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд худалдан авалтын бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явагддаг. Төрийн худалдан авах ажиллагааны газар, Сангийн яам, ТӨБЗГ, Үндэсний аудитын газар, ШӨХТГ-ын хяналт шалгалт дор бид үйл ажиллагаагаа явуулдаг.
Үүнээс гадна яг одоогийн байдлаар “ЭТТ” ХК-ийн нэг ч ажилтан, албан тушаалтан хууль хяналтын байгууллагад шалгагдаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
Жишээлбэл, уурхайн катерингийн үйл ажиллагаатай холбоотой тендерт өмнө нь оролцож байсан С гэгч иргэн сайтуудаар худал мэдээлэл тараасан. Учир нь энэхүү тендер саяхан дахин зарлагдсан. Тендер шалгаруулалтын хугацаа дуусах болоогүй. Тийм байхад зориуд үнэлгээний хорооны ажилтны нэр хүндэд халдсан мэдээлэл цацаж байгаа нь дарамт үзүүлэх, тендер шалгаруулалтад нөлөөлөх гэсэн үйлдэл гэж үзэж байгаа. Тиймээс хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан.
Иргэн С-ийг судлаад үзэхээр тэрбээр катерингийн тендерт оролцож байсан компанийн захирал юм билээ.
Үүнтэй төстэй үйлдэл конвейрийн системийн ТЭЗҮ боловсруулах тендерт мөн гарсан. Иргэн Мөнхбаяр тендер шалгаруулалт дуусаагүй, дүн гараагүй байхад сонин, телевизээр ярилцлага өгч, худал мэдээлэл цацсан. Үнэндээ бол тухайн иргэний Си Ар Эм СИ ХК тендерт оролцсон, ингэхдээ англи болон Монгол хэл дээр материалаа ирүүүлнэ гэж заасан байхад хятад хэл дээр материал ирүүлсэн, мөн тухайн төслийг хариуцан ажиллах этгээд буюу БНХАУ-ын иргэн Жу Жиэн Шинийн “инженерингийн төслийн менежерийн сертификат”-ын хүчинтэй хугацаа 2013 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр дуусгавар болсон буюу мэргэжлийн үнэмлэх (сертификат) нь хүчин төгөлдөр бус байсан зэрэг үндэслэлээр Үнэлгээний хороо татгалзсан. Энэ нь ямар нэг хууль зөрчөөгүй.
Үүнээс гадна “Эрдэнэс-Тавантолгой” ХК 260 сая төгрөгөөр автобус худалдаж авсан тухай мэдээлэл сошиал орчинд цацагдсан. Уг тендер шалгаруулалт 2018 оны гуравдугаар сард буюу өмнөх удирдлагуудын үед болсон явдал. Тухайн үед захиалагч нэгж төсөвт өртгийг зах зээлийн үнээс өндөр тооцож, тендер зарласан юм билээ. Гэхдээ тендерт оролцсон хамгийн бага үнийн дүнтэй компани шалгарсан байдаг. Энэ тендерийг ЭТТ ХК-ийн удирдлага хүлээн зөвшөөрөөгүй. АТГ, Эрүүгийн цагдаа, шүүхэд хандсан. Энэ автобусыг авахгүй гэж. Харин нөгөө тал буюу Мон тээвэр сервис компани нэгэнт тендер зарласан бол үүргээ биелүүлж, энэ автобусыг авах ёстой гэж шүүхэд хандсан. Ингээд шүүхдэлцсэн. Харамсалтай нь дээд шүүхийн шийдвэр нөгөө талд гарсан. Гэхдээ ЭТТ үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байгаа” хэмээн онцоллоо.
М.Амарбаяр: “ЭТТ” ХК-ийн худалдан авах ажиллагаа хуулийн дагуу ил тод явагддаг