| | USD/MNT 0₮
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн эмч, ажилчид эсэргүүцэл илэрхийлж байгаа тухайгаа өнгөрсөн Пүрэв гаригт сошиал орчинд мэдээлсэн. Улмаар эмч, ажилчид Хан-Уул Эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдааг ажлаас нь чөлөөлөх хүсэлт гаргаж, гарын үсэг цуглуулж эхэлсэн юм. Тэгвэл түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь "Энэрэл" эмнэлгийн даргаар ажиллаж байсан Н.Наранбаатарыг томилсон байна.
Түүнийг үүрэгт ажлаа гүйцэтгэж байх хугацаанд эмч, ажилчдын 6-7 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, цалин тасалдсан. Үйлчлүүлэгч хүлээн авахад шаардлагатай нэг удаагийн хэрэгсэл байхгүйн улмаас үзлэг хийх боломжгүй байгаа талаар ярисан юм. Түүнчлэн илүү цагийн нэмэгдэл цалин хөлсөө цаг тухайд нь авах хүсэлтэй байгаа талаараа шаардлага хүргүүлээд байсан билээ. Эмч, ажилчдын хэлж буйгаар тухайн эрүүл төв хүн хүч байхгүй гэх шалтгаанаар илүү цагаар ажиллуулж, мөн нэн шаардлагатай эмчилгээ, шинжилгээг зогсоосноос иргэдийн зүгээс өргөдөл, гомдол тасрахгүй байгаа аж.