| | USD/MNT 0₮

О.АНХБАЯР: Миний хийлгэсэн бүх шивээснүүдээс хамгийн үнэ цэнтэй нь эхнэр болон охины минь шивсэн зураг

Шивээсний урлаг манай улсад 2010 оноос эхэлж эрчимтэй хөгжиж буй. Шивээс бол өөрийн үзэл санаа, доторх ертөнцийг арьсан дээрээ өнгө будаг, зургаар илэрхийлэн гаргаж буй нэг хэлбэр. Насан туршид хүний биеэс арилахгүй, дурсамж болон үлдэх энэ урлагийн бүтээлийг урлах хүмүүсийг мэдээж шивээсчид гэнэ. Энэ удаад бид “777 family tattoo studio” буюу Монголын хамгийн анхны шивээсчин гэр бүлтэй ярилцлаа.

Өрхийн тэргүүнийг О.Анхбаяр, гэргийг Б.Лхамцэцэг гэнэ. Тэд арван жилдээ нэг ангид сурдаг байсан ба тэр цагаас үерхэж, нөхөрлөж эхэлжээ. Одоо тэд дөрвөн хүүхдийн ээж, аав болж өнөр, өтгөн гэр бүлийг бүтээн амьдарч байна. Тэдний том охин А.Оюумаа 11 настай бөгөөд аав ээжтэйгээ адил том болоод шивээсчин болох хүсэлтэй аж. Саяхан охин А.Оюумаа аавдаа анхны шивээсээ хийжээ. Ийнхүү тэдний ярилцлагыг хүргэе.

-Гэр бүлээрээ шивээсчин байна гэдэг их сонирхолтой байх. Хэзээнээс, яаж энэ шивээс гэх урлагт танай гэр бүл хөл тавьсан бэ?

Эхнэр: Манайх Монголын анхны гэр бүлийн шивээсний салон байгаа. Одоо охин минь нэмэгдэх гэж байна. Манай нөхөр бол 12 жилийн өмнө анх шивээс хийж эхэлж байсан. Би болохоор хоёр жил гарын өмнөөс шивээс хийж эхэлсэн. Алтны дэргэд гууль шарлана гэдэг шиг харсаар байгаад сурчихсан.

Нөхөр: Миний хувьд би багадаа зурдаг байсан. Арван жилдээ шивээст татагдаад ахдаа шивээсний машин захиад найзууд дээрээ туршаад л эхэлсэн дээ.

Охин: Би өөрөө зурдаг болохоор шивээс хийх сонирхолтой санагдсан.

-Саяхан охин нь аав дээрээ анхны шивээс хийж буй бичлэг цахим сүлжээнд цацагдаж, олны анхаарлын их татсан шүү дээ. Аавын хувьд охиноороо шивээс хийлгэх мэдрэмж ямар байсан бэ?

Эхнэр: Манай охин сарын өмнө шивээсчин болж болох уу гэж асуусан. Тэгээд аав ээжийн хувьд оролдоод үз гэдэг зөвлөгөөг өгсөн. Өөрөө зурдаг суурьтай болохоор маш эвтэй, гарын дүйтэй санагдсан. Тэгээд хамгийн эхний шивээсийг аав нь хийлгэе гээд хийлгэсэн.

Нөхөр: Миний хувьд өөрөө шивээс хийдэг. Хийлгэх ч дуртай. Тохироо бүрдвэл хүүхдээрээ шивээс хийлгэх юм сан гэж боддог байсан. Гэтэл миний төсөөлснөөс арай эрт 11 настай байхдаа хийчихлээ. Миний хийлгэсэн бүх шивээснүүдээс хамгийн үнэ цэнтэй нь эхнэр болон охины минь шивсэн зураг. Шивээс өөрөө бас их дурсамжийг агуулдаг. Тэднийхээ хийсэн шивээсийг өөр зүйл хийж байхдаа харвал шууд тэр үеийн дурсамжаа санадаг. Тэр нь маш гоё санагддаг.

-Мөн охины хувьд анх удаа аав дээрээ шивээс хийх ямар байсан бэ? Өмнө хиймэл арьс дээр дадлага хийсэн болов уу?

Охин: Аав дээрээ шивээс хийхэд  гоё санагдсан. Эхлээд би хиймэл арьсан дээр дадлага хийсэн. Хиймэл арьсан дээр шивээс хийх цаасан дээр зурж байгаа юм шиг санагдсан. Хүний арьсан дээр шивээс хийхээр маш сунадаг юм билээ. Би том болоод шивээсчин болъё гэж бодож байгаа.

-Ер нь шивээс хийлгэхийн давуу тал юу вэ?

 Ээж: шивээсний хамгийн гоё давуу тал бол өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Өөрийн сорвио даруулах, сэтгэл зүйн дарамттай хүмүүс шивээс хийлгээд өөртөө итгэх итгэл нь нэмэгддэг юм шиг санагддаг. Түүнчлэн урлаг талаасаа хийлгэсэн хүнд их зориг өгдөг болчихсон. Энэ зүйл насан туршид бие дээр үлдэнэ. Тиймд Гол нь ямар шивээс хийлгэх вэ гэдгийг бусдаас биш зөвхөн өөрөөсөө асуугаарай гэж зөвлөмөөр байна.

-Танай гэр бүлийн хувьд Монголын шивээсний урлагийн ирээдүйн хөгжлийг яаж төсөөлж байна вэ?

Аав: Манай улсад 90 он 2000 онд шивээсний ойлголт бага байсан. Цэрэг эсвэл шоронд хийдэг гэдэг ойлголттой байв. Тэгээд 2000 он гараад жигдрээд эрчимтэй хөгжиж байна даа. Ер нь Японы якуза шивээс гэхээр дэлхий нийт мэддэг. Энэ шиг өөрсдийн ондоошил, хэв маягийг харуулсан Монгол шивээсийг үүсгэж, дэлхийд таниулах юм сан гэж хүсдэг. Хэрэв ингэж чадвал маш том зах зээл, нэр хүнд, брэндийг үүсгэх боломжтой.

-Бидэнтэй ярилцсан танай гэр бүлд баярлалаа. 

                                                                                                   Сэтгүүлч: А.Булганчимэг 

ВИДЕО: https://fb.watch/vmUT5n2jMO/

My Career

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.