| | USD/MNT 0₮
Дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг “Сансрын долоо хоног” Мандалговь хотод үргэлжилж, 200 гаруй хүүхэд сансар, огторгуйтай танилцсан байна.
Тус үйл ажиллагааг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Музей, Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр, БОАЖГ, UNITEL HUB, UNITEL салбар, Сургалт, судалгааны хүрээлэн ТББ, аймгийн Хүүхдийн зөвлөл, сайн дурын хүүхдүүд хамтран зохион байгуулж байна.
Дэлхийн сансрын долоо хоногийг энэ жил хүүхэд, залуусын сонирхолд тулгуурлан шинжлэх ухаан, технологийн ач холбогдлыг таниулах, дэлхий даяар хүмүүст сансар огторгуй судлалаас бий болдог өндөр технологи, түүний ашиг тусыг сурталчлах зорилгоор “Сансар ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд тэмдэглэж байгаа юм.
Энэ өдрүүдэд Сайнцагаан сумын 5 сургуулийн сурагчид анги хамт олноороо ирж, WR төхөөрөмжөөр Союз-39 хөлөг, солирын тухай танилцаж, нарны аймгаар аялж, пуужин хөөргөж, сансрын холбогдолтой зураг зурж, будах зэргээр сонирхолтой өнгөрүүлж байгаа төдийгүй, сансар, огторгуйн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авч байна.
Сансрын долоо хоногийн үйл ажиллагаа 10 дугаар сарын 10-ны 17 цаг 30 минут хүртэл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын бага зааланд үргэлжилнэ.