| | USD/MNT 0₮
Цэргийн насны залуус төв дамжин дээр цэргийн эмч нарийн комиссоор ороод цэргийн ангиудад хуваарилагддаг. Гэвч сүүлийн жилүүдэд хөдөө орон нутаг болон нийслэлээс ирж буй залуучууд төв дамжин дээрээс эрүүл мэндээр тэнцэхгүй буцах тохиолдол ихэсжээ. Тухайлбал, 2022 онд цэргийн алба хааж байгаа албан хаагчид хугацаанаасаа өмнө эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөх нь өмнөх жилүүдээс хоёр дахин нэмэгдсэн байна.
Албаныхан энэ шалтгааныг судлаад үзэхэд 42 хувь нь цэргийн албанд ирэхээсээ өмнө архаг хууч өвчтэй, зовуурь илрээгүй байх үед цэргийн албанд татагдсан байжээ. Үүнээс харахад анхан шатны цэрэг татлагын эмч нар үзлэг шинжилгээнд анхаарах шаардлагатай нь харагдаж буй.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт бүх аймаг нийслэлийн засаг дарга нарт албан даалгавар өгчээ. Албан даалгаврын агуулгаас нь дурдвал "Төв дамжин дээр цэргийн эмч нарийн комиссоор ордог байсныг болиулж, анхан шатны цэрэг татлагын эмч нар үзлэгийг чанаржуулах, залуусыг шинжилгээнд бүрэн хамруулах, суурь өвчтэй хүүхдүүдийг цэрэгт татсан тохиолдолд үзсэн эмч нарт хариуцлага тооцно. Цоо эрүүл хүүхэд цэрэгт татаад ямар нэгэн эрсдэл үүсвэл Зэвсэгт хүчний жанжин штаб хариуцлага хүлээнэ" гэдгийг онцолжээ.
Ташрамд дурдахад, ХЭҮК-оос есдүгээр сарын 23-нд Хил хамгаалах Ерөнхий газрын дарга, хошууч генерал Х.Лхагвасүрэнд цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгийн хугацаа хэт богино учраас эмч нар үзлэгийг бодитой, чанартай хийж чадахгүй байна. Тиймээс үзлэг хийх хугацааг уртасгаж бодит үр дүн гаргахад анхаарах хэрэгтэй" гэх агуулгатай комиссын гишүүний шаардлагыг хүргүүлсэн байдаг.
2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар 18-20 насны залуусын 21.7 хувь нь тэнцээгүй. Залуус цэргийн албанд тэнцээгүй нь бөөр шээсний тогтолцооны өвчин, чих, хамар, хоолой, мэс засал, бусад өвчин хагалгааны дараах байдал зэрэгтэй холбоотой гэнэ.