| | USD/MNT 0₮
Клаудиа Шейнбаум Мексикийн анхны эмэгтэй Ерөнхийлөгчийн хувиар тангараг өргөж, эмэгтэйчүүдийн эрхийг бэхжүүлж, Латин Америкийн хоёр дахь том эдийн засгийг олон улсын хөрөнгө оруулалтын найдвартай бүс хэвээр байлгахаа амлажээ.
Мехико хотын захирагч асан, 62 настай эрдэмтэн К.Шейнбаум мягмар гарагт Конгрессын танхимд болсон ёслолын үеэр тангараг өргөснөөр зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа нь эхэлсэн байна.
“Өөрчлөлт шинэчлэлт хийх цаг болсон, эмэгтэйчүүдийн цаг үе ирж байна. Ээж, эмээ, эрдэмтэн, итгэл үнэмшилтэй эмэгтэй миний бие өнөөдрөөс эхлэн Мексикийн ард түмний хүсэл зоригоор сонгогдсон ерөнхийлөгч болж байна” гэж тэрбээр мэдэгджээ.
К.Шейнбаум төрийн тэргүүний хувиар анх удаа мэдэгдэл хийхдээ, өмнөх Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадорын дэвшүүлсэн шүүхийн өргөн хүрээтэй шинэчлэлийг баталсны дараа хөрөнгө оруулагчдын санааг зовоож буй асуудлуудыг шийдвэрлэнэ гэдгээ дурдсан байна.
Шинэ Ерөнхийлөгч Төв банк бие даасан байх болно гэдгийг дахин сануулж, үндэсний болон гадаадын хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалт эрсдэлээс ангид байх болно гэдэгт итгэлтэй байхыг хөрөнгө оруулагчдад хандан уриалсан байна.
“Goldman Sachs” группийн Латин Америкийн эдийн засгийн судалгаа хариуцсан дарга Альберто Рамос хэлэхдээ, К.Шейнбаумыг “урьдчилан таамаглах боломжтой, хөрөнгө оруулалтад ээлтэй бодлого, зохицуулалтын тогтолцоог бий болгож чадах эсэх"-ээр нь үнэлж дүгнэх болно гэжээ.
К.Шейнбаум мөн Мексикийн газрын тосны “Pemex” компанийн олборлолтыг хоногт 1.8 сая торх хэвээр байлгахыг эрмэлзэж байгаагаа мэдэгджээ.
Мексикийн худалдааны хамгийн том түнш болох АНУ-д ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгууль тус улсын зах зээлд тогтворгүй байдлыг үүсгэж магадгүй бөгөөд ялангуяа Мексикийн бараанд ногдуулах гаалийн татварыг нэмэгдүүлнэ гэж буй Ерөнхийлөгч асан Дональд Трамп ялалт байгуулбал ийм байдал үүсэх эрсдэлтэй юм.