ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧ ВАСИЛЬЕВ МАКСИМ ВИКТОРОВИЧТАЙ "ДАХИН" УУЛЗЛАА
Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгч Васильев Максим Викторовичтай өнгөрөгч дөрөвдүгээр сард хэлэлцсэн асуудлуудыг эрчимжүүлэхээр дахин уулзлаа.
Хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа уулзалтаар хоёр талын тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх, стандарт, техникийн зохицуулалтыг ижилтгэх, лабораториудын техник, тоног төхөөрөмжийн чадамжийг шинэчлэн сайжруулах, СХЗГ-ын албан хаагчдыг илгээн туршлага судлуулахад бодитой дэмжлэг үзүүлэн ажиллах талаар санал солилцлоо.
Стандарт, хэмжил зүйн газрын хувьд ОХУ-ын техникийн зохицуулалт, хэмжил зүйн агентлаг (Росстандарт)-тай 2023-2025 онд “Стандартчилал, хэмжил зүйн чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталж дараах ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна. Тухайлбал,
- Росстандартаас 40,000 гаруй стандарт бүхий мэдээллийн санг Стандарт, хэмжил зүйн газарт хүлээлгэн өгсөн
- Росстандартын хэмжил зүйн мэдээллийн сан болох АРШИН программын туршлага судлах, Монголын хэмжил зүйн мэдээллийн санг хөгжүүлэх чиглэлээр цахим уулзалтууд зохион байгуулсан
- Росстандарттай хэмжил зүйн лаборатори хоорондын харьцуулалт хийхээр харилцан тохиролцоод байна.
Өнгөрөгч дөрөвдүгээр сарын уулзалтаар СХЗГ-ын албан хаагчдыг ОХУ-ын их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй сургах, мэргэшүүлэн чадавхижуулах, хэмжлийн лабораториудын техник, тоног төхөөрөмжийн чадамжийг шинэчлэн сайжруулах, ОХУ-ын тохирлын үнэлгээ, баталгаажуулалтын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, ОХУ-ын Холбооны техникийн зохицуулалт, хэмжил зүйн агентлаг (Росстандарт)-д СХЗГ-ын албан хаагчдыг илгээн туршлага судлуулахад бодитой дэмжиж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллана гэдгийг талууд илэрхийлж байсан юм.
Уулзалтанд Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Тулгаа, Хэмжил зүйн бодлогын газрын дарга Д.Нарангэрэл нарыг ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгч Васильев Максим Викторович бусад төлөөлөгчдын хамт оролцлоо.