| | USD/MNT 0₮
Төв аймгийн Баян сумын Майнт дахь 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид өчигдөр /2024.09.30/ 26 настай хоригдол “Ц” амиа хорложээ. Тодруулбал, амиа алдсан хоригдол хорих анги дээрээ хоол хийж байхдаа ногооны хутгаар өөрийн хоолойгоо хэрчсэн байна. Тэрээр, хулгайн хэргээр хоёр жилийн ял авсан байжээ. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй гэв. Харин цагдаагийн байгууллага эл хэргийг шалгаж байгаа аж.
Өмнө нь 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хоригдож байсан иргэн эрх нь зөрчигдсөн тухай /2022.10.18/-нд хэвлэлд ярилцлага өгч байв. Хохирогч “Би нэг жил энэ хорих ангид хоригдсон. Энэ хугацаандаа нэг ч махан хоол идээгүй. Алба хаагч нар нь хоолны мах аа аваад агуулахад хийчихдэг. Би дандаа хаягдал лавризаар хийсэн хоол идсэн. Хүний эрхийн комиссыг энэ хорих ангид ирүүлдэггүй. Тэр хурандаагийн дүү учир гаргана гэж хоорондоо ярьдаг. Алба хаагчид нь хоорондоо мөрийтэй тоглоом тоглодог. Энэ бүгдийг би хэлэхэд намайг янзална аа гэж хэлж байсан. Тэр нь юу гэсэн үг юм мэдэхгүй.
Алба хаагчид хүнээр амьд мишок хийдэг байсан. Алба хаагчид хөнжилд биеийн ороочихсон хоригдлуудыг зоддог. Одоо миний бие бэртэлтэй, хавирга хугархай. Үүнээс болж миний эрүүл мэнд муудсан. Одоо би нэг аяга хоолыг хоёр өдөр идэж байна. Би ажил хийж чадахгүй байна” гэж мэдээлсэн.
Дээрх гарч буй хэргээс хорих анги дотор хүний эрхийг ноцтой зөрчиж, сэтгэл зүйн хувьд асар их дарамтад оруулдаг болох нь харагдана. Ял эдэлж буй хоригдол ч хүний эрхээ бүрэн эдэлж, сэтгэл зүй эрүүл мэндийн хувьд хамгаалагдаж тайван шийтгэлээ хүлээх ёстой. Гэсэн хэдий ч манай улсын хорих ангид хүний эрхийн хууль бүрэн хэрэгждэг эсэх нь эргэлзээтэй байна.