| | USD/MNT 0₮
Сошиал орчинд болон Улаанбаатар хотод орк гэдэг хөдөлгөөн өрнөж буй. Энэ нь автобусны буудал явган хүний замд машинаа байрлуулсан жолооч нарыг орк наалтаар шийтгэж эхэллээ. Тус хөдөлгөөнийг санаачилж хэрэгжүүлсэн Д.Уранцэцэг эмэгтэйг бид энэ удаад онцоллоо. Тэрбээр хүний эх эмч мэргэжилтэй, мэс заслын эмчээр ажилладаг бөгөөд одоогоор нялх хүүхэдтэй, амралттай байгаа аж.
-Нийслэл хотын иргэд энэ хөдөлгөөнийг яаж хүлээж авч байна вэ?
-Хамт наая, юмыг чинь хэвлээд өгье гэж хүмүүс их хандаж байгаа. Нийслэлийн иргэд маш эерэг хүлээж авч байна. Би хоёр гурван газар очиж захиалгаар наасан. Хамгийн их хүмүүст хүрсэн нь шинэ монгол сургуулийн дэргэд явган хүний зам дээр зогссон машин дээр орк тэмдэг наасан нь байв.
-Тэгвэл энэ хөдөлгөөнийг эсэргүүцэж байгаа хүн байна уу?
-Дургүйцэж байгаа хүн байгаа. Мэдээж дүрэм зөрчдөг жолооч нар яаж дуртай байх вэ! Зогсоолоо нэмээч гэдэг шаардлагыг надад тавьж байгаа. Би зогсоол шийддэг хүн биш болохоор лайк дараад л өнгөрч байгаа.
-Зорилго нь хотын соёлыг түгээх гэж байгаа юу?
-Тийм. 1.5 сая хүн өөрийн дураар амьдраад байвал бие бие дээ маш түвэг учруулна. Бид бие биедээ шаардлага тавьж, хэрэгжүүлж сурмаар байна.
-Яагаад энэ хөдөлгөөнийг санаачлах болсон бэ?
-Манай ээж машинд мөргүүлсэн. Ээж минь автобуснаас бууж байхдаа, зориулалтын бус газар байршуулаад ухарч байсан машинд мөргүүлсэн юм. Ухарч явсан машинд мөргүүлсэн тул хүн арга хэмжээ аваагүй. Манай ээж хохироод л үлдсэн. Манай ээж зөөлөн эдийн гэмтэл авсан. Гэхдээ л 67 настай хүн машинд мөргүүлбэл, доргилт авсан нь тодорхой.
Шүүхийн процесс маш удаан өрнөдөг учир тэр үедээ хаягдсан. ОХУ-д замын хөдөлгөөн зөрчсөн машинд том наалт наадаг хөдөлгөөн байдаг. Үүнээс санаа аваад энэ хөдөлгөөнийг өрнүүлсэн. Манай ээж бол өөрөө маш их хатуужилтай. Гурван охинтой. Гурвууланг нь их дээд сургууль төгсгөсөн. Зах зээлийн хэцүү үед ээж минь зах дээр бэлэн хувцас зардаг байлаа. Бид туслаад гахайг нь зөөгөөд л гүйдэг байсан юм.
-Таны ажлын талаар яриагаа үргэлжлүүлье гэж бодлоо. Яагаад мэс заслын эмч болсон бэ?
-Нэгдүгээр эмнэлгийн элэг шилжүүлэн суулгадаг О.Сэргэлэн эмчээс урам зориг авсан. Учир нь элэг шилжүүлэн суулгах ажлыг Монголд оруулж ирсэн, эмэгтэй эмч юм. Яагаад эмэгтэй хүн гэхээрээ мэс заслын эмч байж болдоггүй юм гээд болсон. Тэгээд л мэс заслын эмч болохоор шийдсэн дээ.
-Эмч болох таны хүүхэд насны мөрөөдөл байсан уу?
-Бага ангидаа дурсгалын дэвтэр дээр эмч болно гэж бичиж байсныг саяхан эргэн харсан. Тэгэхээр багадаа мөрөөддөг байсан юм билээ.
-Та МАН-ын Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоонд харьяалагддаг юм байна шүү дээ?
-Би бол улс төрд орохгүй гэж боддог байв. Би ОХУ-д сурч төгсчхөөд ирээд эрүүл мэндийн салбарт сурснаа зориулъя гэж бодсон. Гэтэл намайг ирсэн чинь Монголд төвхнөөд гэр бүлтэй болчихсон найзууд маань гадагшаа явж эхэлсэн. Сайхан нийгмийн төлөө, үр хүүхдээ бодоод л гаднын орныг зорьж байгаа нь тэр. Гэтэл миний хүүхдүүд мөн адил гадаад улсад амьдрах гээд үлдчихвэл яах вэ! Яагаад миний хүүхдүүд сайхан нийгмийг зорьж гаднын улсыг зорих ёстой юм бэ? Хүүхдүүдээ бага байхад нь Монголд сайхан нийгмийг бүтээх гэж хичээхгүй яав даа гээд харамсалгүй одоо хийе, хичээе гэж бодсон тул улс төрд орсон доо.
-Ярилцсан танд баярлалаа.