| | USD/MNT 0₮

СУРВАЛЖИЛГА: Мансууруулах бодис хэрэглэсэн 10 хүүхэд тутмын дөрөв нь чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжгүйгээс гэмт хэрэгт холбогджээ

Өнгөрсөн онд 435 мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх гэмт хэрэг гарсан. Үүний 58 тохиолдол нь насанд хүрээгүй хүүхэд байжээ. Эдгээр хүүхдүүдээс судалгаа авахад 10 хүүхдийн 4 нь чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байхгүй тул энэ хэрэгт холбогдсон байна.

Иймд бид хүүхдүүд дугуйлан секцэд хамрагдах боломж хэр байгаа талаар бодит байдлыг сурвалжлахаар Чингэлтэй дүүргийн нэгэн сургуулийг зорилоо.

“ТУС ДҮҮРЭГ НИЙТ 146,747 ОРШИН СУУГЧТАЙ. ҮҮНИЙ 33 ХУВЬ НЬ 18 НАСНААС ДООШ НАСНЫ ХҮҮХЭД ЭЗЭЛЖ БАЙНА”

Гэр хороолол зонхилох тус дүүрэг төвийн бүсэд ойролцоо оршдог ч автобусны зургаан буудлын зайд сургалтын нэг л төвтэй таарав. Тоос шороо бужигнасан гэр хорооллын гудамд хүүхдүүд дугуй унаж, ноцолдож, гүйлдэх нь харагдана. Үргэлжлүүлэн бид сургуулийн болон сургуулийн бус орчинд дугуйлан секцэд хамрагдах боломж хэр байдаг тухай хүүхдүүдээс тодруулав.

Нэг дэх хүүхэд: Би тавдугаар ангид сурдаг. Одоогоор сургалт, дамжаанд суудаггүй. Манай сургуульд волейболын секц байдаг. Өмнө нэг сарын хугацаанд явж байсан. Бүжгийн дугуйлан байсан одоо больчихсон. Хичээлээ тараад гэртээ утсаараа youtube үздэг, гэрээ цэвэрлэдэг, аав ээж хоёр өдөртөө ажилдаа явдаг учир ахтайгаа ихэнх цагийг өнгөрөөдөг. Төгөлдөр хуурын дугуйланд суух хүсэлтэй байдаг ч боломжгүй байдаг. Манай гэрийн ойролцоо сургалт байдаггүй. Төв рүү олон сургалт байдаг гэсэн.

Хоёр дахь хүүхэд: Би хичээлээ тарчхаад дүү нар аа авдаг. Гэрээ цэвэрлэдэг. Би сургуулийнхаа бүжгийн дугуйланд нэг удаа хамрагдаж байсан. Одоо дугуйлан маань хичээллэхээ больчихсон. Би бүжгийн дугуйланд л хамрагдмаар байдаг.

Гурав дахь хүүхэд: Манай хичээл өглөө ордог. Тараад тоглож байгаад гэртээ харьдаг. Ойролцоо сургалтын төв байдаггүй. Эндээс таван буудлын цаана жүдогийн клуб байдаг. Манай сургууль дугуйлан байдаг эсэхийг мэдэхгүй байна.

“СУРГУУЛИЙН ХҮРЭЭНД ДУГУЙЛАН, СЕКЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЭХИЙГ ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮСЭЖ БАЙНА”

Хүүхдүүд сургуулийн болон сургуулийн бус орчинд дугуйлан секцэд хамрагдсанаар нийгэмших, сурч хөгжих, гэмт хэргээс зайлсхийх зэрэг олон эерэг ач холбогдолтой байдаг. Тэгвэл амьдарч буй орчноос клуб хол, амьжиргааны түвшин доогуур айл өрх төлбөртэй сургалтад хүүхдээ тогтмол хамруулах боломжгүй байдаг. Учир нь англи хэл, төгөлдөр хуур, бүжиг, спортын клуб, сургалтын төвүүд нэг сарын 150 мянгаас 900 мянган төгрөгийн төлбөртэй байна. Иймд сургуулийн хүрээнд дугуйлан, секцийн үйл ажиллагааг идэвхжүүлэхийг эцэг эхчүүд хүсэж байна.

ЭЦЭГ ЭХЧҮҮД: “Ер нь хүүхдийг хөгжүүлэх дугуйлан хомс байна. Төрөл бүрийн дугуйланг сургуулиуд явуулмаар байгаа юм. Манай хүүхдийн сургуульд биен тамирын багш нар сагсны секц явуулдаг. Секц нь удалгүй замхраад алга болчихдог. Хүүхдийг хөгжүүлсэн тууштай дугуйлан алга байна. Гэрийн ойролцоо төлбөртэй сургалт ч байдаггүй. Хотын төв рүү сургалтад суулгая гэж бодож байсан. Амьдралын орлого бага учир мөнгөнөөс болоод хүүхдүүдээ төлбөртэй сургалтад хамруулж чаддаггүй” гэлээ.

ШИЙДЭЛ: Улсын хэмжээнд багш нарын хомсдол үүссэн байгаа энэ үед хичээлээс гадуурх дугуйлангийн хүртээмжийг богино хугацаанд өргөжүүлэх боломжгүй байна. Харин сайн дурын ажилтнуудыг хүүхдүүдэд төрөл бүрийн  дугуйлан, секцэд багшлуулах боломжтой байдгийг бусад улс орны жишгээс харж болно . Ингэснээр энэ асуудлыг богино хугацаанд, бага өртгөөр, өргөн цар хүрээтэй шийдэх боломжтой юм.

 

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.